10 хүн өндгөнд хордсон байж болзошгүй

“10 хүн хүнсний бүтээгдэхүүнээс хордсон байж болзошгүй” гэсэн мэдээлэл бидэнд өчигдөр 16.00 цагийн орчимд ирсэн юм. Энэ мэдээллийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас тодруулахад “Өчигдөр 10.00 цагийн үед ХӨСҮТ-д 10 хүн хордсон байдалтай хүргэгдсэн юм билээ. Энэ мэдээлэл саяхан бидэнд ирлээ.

Халдвартынхан тэднийг өндгөнд хордсон байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр долоо нь хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Өндгөнд хордсон уу, хоолны хордлого уу гэдэг нь лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болно.

Өнөөдөр шинжилгээний хариу нь гарахгүй гэсэн. Хордсон 10 хүн бүгдээрээ Баянгол дүүргийн иргэд. Тэд нэг дэлгүүрээс өндөг авцгаасан юм шиг байна лээ. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга” гэсэн юм. Өвчтөнүүдийн биеийн байдал ямархуу байгааг ХӨСҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийнхнаас тодруулахад “Хүнсний бүтээгдэхүүнд хордсон гэх өвчтөнүүдийг бид хүлээн авч, шуурхай эмчилгээ хийсэн.

Одоо бүгд эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Өвчтөнүүдийн талаарх мэдээллийг хэлэх боломжгүй. Тэгээд ч ажлын цаг дууссан” гэв.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)