10 тойргийн маргааныг шийдвэрлэх шүүх хурал гурван удаа хойшилжээ

УИХ-ын 10 дугаар тойргийн маргааныг шийдвэрлэхээр Нийслэлийн шүүхэд гурван удаа шүүх хурал зарлагдсан боловч АН-ын нэр дэвшигчид болох С.Батхүү, Д.Зоригт нараас үүдсэн шалтгаанаар хойшилсоор байна. Үүнд дургүйцсэн МАН-ын нэр дэвшигчид болох С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хэвлэлийн бага хурал зарлалаа. 

ХУД-т болсон анхан шатны шүүх хуралын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж МАН-ын нэр дэвшигчид Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан байна. Үүний дагуу давж заалдах шүүх хурал товлогдсон ч хавтаст хэрэгтэй танилцах, шүүх бүрэлдэхүүнийг солих, өмгөөлөгч нь өвчтэй гэсэн шалтгаануудаар гурван удаа шүүх үйл ажиллагааг хойшлуулжээ. Энэ бол санаатай хийж буй үйлдэл бөгөөд С.Батхүү, Д.Зоригт нар Монгол Улсын шүүх байгууллагыг үл тоомсорлож байгаа хэрэг болж байна хэмээн МАН-ын нэр дэвшигчид үзэж буйгаа мэдээллээ. Тиймээс “Шударга байж уг маргааныг шийдвэрлэцгээе. Шүүх дээр нүүр тулан уулзья” гэдэг уриалгыг хэвлэлийнхнээр дамжуулан уламжилсан юм.  Мөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өнгөрсөн хугацаанд хууль бус нотлох баримттай хууль бус шүүх хурлын шийдвэрийн улмаас хохирч, гүтгүүлсэн учраас дараагийн шатны шүүх хурлын шийдвэрийн дараа нэр төрөө сэргээлгэх асуудлыг хөндөх гэнэ. Мөн Олон Улсын хүний эрхийг хамгаалах байгууллага, СЕХ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарт хандан уг асуудалд анхаарлаа хандуулах хүсэлтийг хүргүүлэх юм байна. 

Б.МАНДУХАЙ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)