10 “нугарсан” ашиг өгөх дайвар бүтээгдэхүүний зах зээл эзэнгүй байна

Импортоор оруулж ирдэг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох коллагений үнэ хямд биш. Тодруулбал, хүний арьс, хумс, үсний эрүүл мэнд, гоо сайхныг дэмждэг, нөхөн төлжилт, ургалтыг нь идэвхжүүлдэг, Японд үйлдвэрлэсэн коллагенийг 200 гр-ыг нь 28 000, 400 гр-ыг нь 50 000 төгрөгөөр зарж байна. Харин Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн нь хэмжээ, зориулалтаасаа хамаарч 25 000- 100 000 төгрөгийн үнэтэй аж. Коллаген хүний арьсны нийлэгжилтийг хэвээр хадгалан, чанга, уян хатан байлгах гол “цавуу” бөгөөд үе хоорондын холбоос, гагнаас гэдгийг бид мэднэ. Харин эл бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг мал, амьтны тагалцаг буюу үс, хуйхтай хэсгээс гарган авдгийг мэддэг хүн хэр олон бол. Мөн малын таван цул, дотор гэдсийг Дорно дахинд эм, тан хийхэд ашигладаг. Тиймээс ч манайхаас Хятад, Солонгос болон Азийн зарим улс малыг хөлөөр нь импортлох сонирхлоо байнга илэрхийлдэг. Тэд малын шийр, тагалцаг, таван цул зэргийг оролцуулан хийдэг, хүний эрүүл мэнд, гоо сайханд гойд тустай, өндөр үнэтэй бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэгчид учраас тэр. Тэгвэл ийм ач холбогдолтой дайвар бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, үнэ ханш нийслэлд ямар байдаг бол.

Баруун аймгуудаас нийлүүлдэг мал, мах, махан бүтээгдэхүүний төвлөрсөн зах “Эмээлт”-д өнгөрсөн пүрэв гарагт амьд мал борлуулахгүй байв. Өдийд дийлэнх айл өрх өвлийн идшээ бэлтгэсэн байдаг тул амьд малын худалдааны зогсонги үе нь юм байна. Үүнтэй холбоотойгоор малын дайвар бүтээгдэхүүний худалдаа ч зогссон бөгөөд хаяж овоолсон нь алга. Харин ч дайвар бүтээгдэхүүний эрэлт өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдсэн, тэгээд ч хүйтний улиралд дайвар хаях нь бага, зунд л шийр, толгой, цус зэргийг нүхэнд хийж булдаг талаар “Эмээлт”-д мал, махны шинжилгээ хийдэг “Арвин” мал эмнэлгийн эмч Г.Авирмэд хэллээ. Тэрбээр “Энэ жил арваннэгдүгээр сар гарч, хүйтрэх хүртэл үхэр, хонь, ямааны толгой, шийр энэ хавьд хаягдаж, булагдаж байсан. Харин хүйтэрснээс хойш мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд өөрсдөө авдаг уу, эрж сурсан хүмүүст нь өгчихдөг юм билээ. Энэ нь дайвар бүтээгдэхүүний зориулалтын зоорь, хөргүүр ховор, өндөр үнээр хадгалуулах болдогтой холбоотой болов уу” гэв.

“Хүчит шонхор” захад богийн хуйхалсан толгой 3000 төгрөг, зулмалсан гүзээнд цустай нь хийсэн гэдэс 13 00-15 000, арилгаагүй гүзээтэйг нь 4000-5000 төгрөгөөр борлуулж байв. Хэрэв бөөнөөр нь авбал үнийг нь 1000-2000 төгрөгөөр хямдруулж болох гэнэ. Үхрийн гүзээ, зүрх, хэл зэргийг кг-ыг нь 4000-6000 төгрөгөөр зардаг юм байна. Гэхдээ эдгээрийг төдийлөн олон хүн зардаггүй бөгөөд бог, бодын шийр, тагалцаг борлуулж буй хүн “Хүчит шонхор”-т байсангүй. Харин хотын төвийн хүнсний захуудад дээрх дүн бүтээгдэхүүн тус бүрт 1000- 2000 төгрөгөөр өндөр байна. Түүнчлэн орон нутагт дайвар бүтээгдэхүүн үнэ цэнгүй хэвээр байгаа аж. Ховд аймгийн төвд мах боловсруулах үйлдвэрүүдээс гарсан дайврыг боловсруулдаг үйлдвэр байхгүй, хогийн цэгт ихээр хаядаг. Иргэд, айл өрхүүд өөрсдийн хүнсний хэрэгцээний дайврыг бэлтгэчихдэг тул гэдэс, толгой зэргийг зарж борлуулдаг хүн цөөн, эрэлт ч ихгүйг тус аймгийн иргэн О.Төмөрсүх хэлсэн. Тэрбээр аймгийн төв болон дийлэнх сумын ойролцоох хогийн цэгт бог, бодын толгой, шийрийг хаяж, цусыг нь асгасан хэвээр байна гэлээ. Мөн Говь-Алтай аймгийн төв болон сумдад ч ийм дүр зураг ажиглагдаж буй бөгөөд малчид ч мах, ноолуураас бусдыг борлуулах, ашиг олох талаар санаа тавьдаггүй хэвээр байгаа аж.

Харин нийслэлд ойрхон зарим аймаг, сумынхан дайвар бүтээгдэхүүнээ төдийлөн үнэтэй биш ч борлуулж чадаж буй юм байна. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын малчин Д.Ганзориг “Хүйтний улирал эхэлснээс хойш дөрвөн ч удаа ачааны машин ирж, богийн толгой, гэдэс худалдаж авсан. Цусгүй гэдэс, толгойн хамт кг-ыг нь 1500-2000 төгрөгөөр худалдан авч байна лээ. Үхрийн гүзээ, зүрх, хэл зэргийг кг-ыг нь 3000-5000 төгрөгөөр борлуулсан” хэмээн ярив. Түүнчлэн бог малын цувдайгаар бууз хийж хөлдөөн, хүргэлтээр борлуулдаг бизнес эхлүүлээд удаагүй гэр бүлийнхнээс тодрууллаа. Тэд “Бид орон нутгаас нийслэлд ирж мал, мах борлуулдаг иргэдээс түүхий эдээ авдаг. Бог малын таван цул, цэвэрлээгүй гүзээг нэг кг-ыг нь хуйхлаагүй толгойн нь хамт 1500-1700 төгрөгөөр, өөрсдийн унаагаар очиж авдаг юм. Толгойг нь эргүүлэн 300 төгрөгөөр борлуулчихдаг.

Харин ч энэ жил богийн толгой үнэлэгдэн 300-гаар зарагдаж буй нь олзуурхууштай. Таван цул, гүзээгээр хийсэн буузыг нэг кг-ыг нь 4000 төгрөгөөр борлуулдаг юм. Таван кг-аас дээш хүргэлт үнэгүй” хэмээв. Ийм буузны эрэлт их бөгөөд заримдаа хүргэлтээ хийж дийлэхгүй үе ч бий аж. Гэхдээ одоо хүйтний улирал тул буузыг хөлдөөхөд асуудалгүй бөгөөд хэрэв дулаарвал зориулалтын зоорь, хөргүүр худалдан авах, тийм төхөөрөмжид төлөх зардал нэмэгдэх, бүтээгдэхүүний үнэ ч өсөх магадлалтай гэлээ. Эндээс харахад бог малын толгойн анхдагч үнэ 200-300 төгрөг байгаа юм. Хаа сайгүй ийм үнэтэй бөгөөд Хан-Уул дүүргийн XIV хороо буюу “Өлзийт” хорооллоос нэлээд хэдэн өдрийн өмнөөс захиалж, өөрсдийн унаагаар очиж авбал дөрвөн шийр, толгойг их хэмжээгээр нь буюу багадаа 1000-ыг 200 төгрөгөөр авч болох гэнэ. Шийр нь үнэгүй бөгөөд толгойг нь дагалдуулж өгч буй юм байна. Гэтэл хүнсний захад хуйхалж, цэвэрлэсэн толгой хямддаа 2500-3000 төгрөг буюу 10 дахин үнэтэй.

Малын дайвраар үйлдвэрлэсэн, үйлчлүүлэгчдэд танигдсан, эрэлт ихтэй, нэр хүндтэй бүтээгдэхүүний үнэ түүхий эдийнхээс нь, эсвэл хүнсний захад зарагдаж буй анхан шатны цэвэрлэгээ, боловсруулалт хийснээс нэг кг тутамдаа бараг 10 дахин их үнэтэй байна. Тухайлбал, бог, бодын гүзээгээр хийсэн ороомог нэг кг нь 24 000, үхрийн хэл утаж, амталсан нь 26 000, царцаамаг 12 000 төгрөгийн ханштай байна. Энэ нь махаар хийсэн зайдас, хиам зэргийн нэг кг-ын үнээс харьцангуй өндөр буюу тансаг хэрэглээний бүтээгдэхүүн гэж хэлж болохоор юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн хийдэг нэгэн үйлдвэрийн мэргэжилтнээс түүхий эдийнх нь нийлүүлэлт, хангамж хэр байдгийг тодруулахад тодорхой зүйл хэлсэнгүй. Гэхдээ “Хамгийн гол нь малчид, нядалгааны газруудаас гарсан дайврыг цуглуулж, төвлөрүүлэн, дараагийн шатны боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг цэг байдаггүй. Мөн малчид ч дайвар бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг эрмэлздэггүй, хэрэглээнээс илүү гарсныгаа хаячихдаг. Түүнчлэн дээрх бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн зардал л шингэдгээс түүхий эдийн үнэд түүртэх явдал үгүй” гэсэн юм.

Малын шийр, тагалцгаар бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр хэр олон байгааг тодрууллаа. Зарим хүнсний захад ийм түүхий эдээр хийсэн, гэр аргын гэж хэлж болох царцаамаг борлуулдгийг эс тооцвол өөр бүтээгдэхүүн бараг алга. Үхрийн тагалцгаар хийсэн царцаамаг “Баянзүрх” захад нэг кг нь 8000-10 000 төгрөг гэнэ. Царцаамаг хийж, борлуулдаг Ц.Цэрэнчимэг “Үхрийн тагалцгаар царцаамаг хийн, зарж эхлээд дөрвөн жил орчим болсон байна. Орон нутгийн танилаасаа шийрийг үнэгүй шахам авчихдаг. Хуйхалж цэвэрлэхэд нэлээд ажил орж, чанаж болгоход их хугацаа зарцуулдаг. Өөрийн гэсэн үйлчлүүлэгч, лангуутай болсон тул боломжийн орлого олоод байдаг. Харин зуны улиралд их хэмжээний түүхий эд цуглуулах боломжгүй, мөн эрэлт нь ч буурчихдаг тул орлого багасдаг” хэмээн ярив.

Дээрхээс харахад одоогоор 70 гаруй сая малтай, жил бүр 20 сая орчмыг нь хүнсэнд хэрэглэн, ийм тооны дайвар, 80 сая ширхэг шийр, тагалцаг “үйлдвэрлэдэг” бидэнд энэ төрлийн бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэл, хэрэглээ тун хангалтгүй байна. Эрүүл мэндэд ашиг тустайг нь мэддэг хэрнээ толгой, цувдай иддэг айл ховор. Зах зээлд зарагдаж буй нь төдийлөн их биш, бэлэн бүтээгдэхүүн болгодог үйлдвэр ч хуруу дарам цөөн, коллаген үйлдвэрлэдэг нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Нэмж хэлэхэд, дайвар бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрийн өсөлт, төрөөс үзүүлж буй дэмжлэг зэргийн талаарх судалгаа, тоо баримт бий, эсэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас лавлахад “Мах маркет” зэрэг томоохон компани л энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэргүүлдэг. Өөр мэдээлэл, тоо, судалгаа одоогоор алга” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)