Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд БҮХ НАСААР нь хорих ял оноожээ

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХҮНД 18 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, 18 жил 7 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.

Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас “Э гэгч нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт айлын гэрт, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт бага насны хүүхэд болох Э гэгчийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаад орж, хүчиндсэн гэх” хэрэг,

Мөн “М гэгч нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу өөрийн төрсөн охин 12 настай Д-г хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараа бэлгийн харьцаанд орсон” гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэргүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд Э нь бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)