10 мянга гаруй дүрвэгч хүүхэд ор сураггүй алга болжээ

Европын холбооны цагдаагийн байгууллага болох Европолын тагнуулын албанаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Европын холбооны нутаг дэвсгэрт очсон 10 мянга гаруй дүрвэгч хүүхэд ор сураггүй алга болсон талаар мэдээллээ. 

Цагаачдын цувааг дагаж явсан хараа хяналтгүй бага насны хүүхдүүд гэмт хэргийн бүлэглэлүүдэд хулгайлагдаж боолчлол бэлгийн мөлжлөгийн золиос болж байх магадлалтай юм. 

2015 онд л гэхэд 26 мянган харж хандах хүнгүй хүүхэд Европт очсон бөгөөд тэдгээрийн 40 орчим хувь нь дүрвэгсдийн бүртгэлд хамрагдсанаасаа хойш ор сураггүй болсон байна. 

Италид 2014 зунаас хойш таван мянган хүүхэд, Шведийн Треллеборг хотод өнгөрсөн есдүгээр сараас аравдугаар сар буюу ганцхан сарын хугацаанд нэг мянган дүрвэгч хүүхэд ор сураггүй алга болжээ. Үүнээс гадна Европт очиж байгаа цагаач дүрвэгчдийн гол дамжин өнгөрөх цэг болох Грект очсон олон тооны дүрвэгч хүүхэд бүртгэлд хамрагдаагүй байхдаа ор сураггүй болсон байж магадгүй байна. Грекийн эрх баригчид нутаг дэвсгэртээ очиж байгаа олон цагаач дүрвэгчийг нэг бүрчлэн бүртгэн авч чадахгүй байгааг Европын холбооны бусад орон шүүмжилэлтэй хандаж байгаа юм.

Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага Европын холбоо эдгээр ор сураггүй алга болсон хүүхдүүдийг хайж олох, хөлөө олж гэр бүлтэйгээ эргэн уулзахад хөрөнгө зарах хэрэгтэй хэмээн уриалжээ. 

Харгалзах хүнгүй яваа дүрвэгч хүүхдүүдийг алга болсон тохиолдолд холбогдох албаныханд мэдэгдэх, араас нь хайх, анхаарах хүн байхгүйгээс гэмт хэргийн бүлэглэлүүдийн хараанд өртөж, хулгайлагдаж байгаа юм.


 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)