10 жил “царцсан” цэвэрлэх байгууламжийг барьж дуусжээ


Хоногт 24 000 шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх байгууламж Орхон аймгийн төвд бий. Суурьшлын бүс өргөжин тэлж, үйлдвэр, аж ахуйн нэгж олшрох хэрээр алсдаа хүчин чадал нь хүрэлцэхгүй тул аймгийн төвд шинэ цэвэрлэх байгууламж барихаар Монгол, Францын Засгийн газар 2008 оны зургадугаар сард гэрээ байгуулсан байдаг. Барилгын ажил нь үүнээс таван жилийн дараа буюу 2013 онд эхэлсэн. 10 гаруй жил “дуншсан”-ы эцэст тус цэвэрлэх байгууламжийг барьж дууссан байна.

Шинэ байгууламж нь хуучны адил хоногт 24 000 шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай. Гол давуу тал нь бүрэн автомат үйл ажиллагаатайн дээр лаг боловсруулах дамжлагатай. Францаас бүх тоног төхөөрөмжийг нь нийлүүлж, манай улс барилгын ажлыг нь хариуцжээ. Гэрээ ёсоор бол гурван жилийн өмнө ашиглалтад оруулах ёстой байсан ч Монголын талын санхүүжилт саатсанаас өдий хүртэл сунжирчээ. Барилгын ажлыг манай улсын “Ар дааган”, “Байгууламж” компанийнхан гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгыг франц мэргэжилтнүүд хариуцжээ.

“Хэдийгээр ажил саатсан ч одоогийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэвийн тул ямар нэгэн асуудал тулгараагүй” гэж орон нутгийн удирдлага онцоллоо. Барилгын ажил дууссантай холбоотойгоор шинэ цэвэрлэх байгууламжид саяхан Улсын комисс ажилласан байна. Гэсэн ч зарим ажил дутуу гэдэг шалтгаанаар ашиглалтад оруулах зөвшөөрөл олгоогүй аж. Тавьсан шаардлагыг нь биелүүлсний дараа байгууламжийг ажиллуулж эхлэх хугацаа тодорхой болно гэж БХБЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн тус байгууламжийн ашиглалтыг орон нутаг хариуцах уу, “Эрдэнэт үйлдвэр” авах уу гэдэг асуудал тулгарсан гэнэ. Үүнийг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй юм байна. Ямартай ч, шинэ байгууламжаа ашиглалтад оруулчихвал Орхон аймаг ойрын 50 жилдээ бохир ус татан зайлуулах тал дээр ямар нэгэн асуудалтай тулгарахгүй аж.


М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)