1.7 тэрбум хүн коронавирусээр халдварлах магадлалтай

“Ковид-19”-тэй холбоотой дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын хураангуйг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав. Коронавирус анх бүртгэгдсэнээс хойших эхний гурван сард дэлхийд нэг сая хүн халдвар авсан бол эдүгээ долоо хоногт л энэ тоонд хүрдэг болжээ. Тодруулбал, сүүлийн 14 хоногт өвчлөл хоёр саяар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 10 саяыг давлаа. Халдварын улмаас 24 цагт 4000-5000 хүн эндэж байгааг олон улсад сэрэмжлүүлсээр. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн хүн амын таван хувь нь буюу 1.7 тэрбум иргэн коронавирусээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй гэнэ.

Халдварын тархалтаараа дэлхийд тэргүүлж буй АНУ-д сүүлийн 24 цагт 44 600 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2.5 сая хүн өвчлөөд байна. Гэвч бодит байдалд халдвар авсан хүний тоо одоогийнхоос 10 дахин олон буюу 20 саяд хүрсэн байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байгаа аж. Тус улсын баруун болон өмнөд хэсгийн мужид нь буюу тухайлбал, Калифорни, Техас, Флоридад тус бүр 100 мянгаас дээш хүн халдвар авсан нь батлагджээ. Тиймээс зарим мужид хорио цээрийн дэглэмүүдийг хэсэгчлэн сэргээж эхэлсэн байна. Түүнчлэн АНУ-ын “Тyson foods” компанийнхан Миссури муж дахь тахианы мах боловсруулах үйлдвэрийнхээ 1142 ажилчныг энэ сарын 17-19-нд шинжилгээнд хамруулахад 291-ээс нь коронавирус илэрч, халдвар голомтлон тархах эрсдэл үүсжээ. Үүнээс гадна тус компанийн бусад 80 ажилчин халдвар авсныг зарлав.

Бразил, Энэтхэгт ч халдварын тархалт буурахгүй, нийт 50 мянга гаруй хүн нэмж өвчилжээ. БНСУ-д халдвар хэд хэдэн газарт голомтлон тархсан ч тус улс богино хугацаанд арга хэмжээ авснаар дэгдэлтийг барьж чадсан. Гэсэн ч хүн амын дундах халдварыг тэглэж чадахгүй байгаагаа Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс нь мэдээлжээ. Сүүлийн 24 цагт 62 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 12 715-д хүрсэн аж. Шинээр халдвар авагсдын 22 тохиолдол нь л зөөвөрлөгдсөн бол 10 гаруй нь Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг Анианг сүмийн итгэгч гэнэ. Сүмтэй холбоотой халдварын дахин нэг голомт илэрсэн нь том эрсдэл дагуулж болзошгүй гэж албаныхан үзэж байна.

Японд коронавирусээр өвчлөгсдийн 70 орчим хувь нь 20-30 насныхан аж. Олонхынх нь халдвар авсан шалтгаан, явсан зам, хавьтлуудыг тодорхойлж чадаагүй байна. Харин БНХАУ-ын Бээжийн хотын худалдааны төвд дэгдсэн халдварын улмаас өдгөө 300 гаруй хүн өвчлөөд байгаа аж. Ташрамд дурдахад, Европын эмийн агентлагийн Хүний эмийн хорооноос холбооныхоо 27 улсад коронавирусийн эмчилгээнд ремдесивер тарилгыг хэрэглэхийг зөвшөөрчээ. Гэхдээ зөвхөн насанд хүрэгчид болон 12-оос дээш насны уушгины хатгалгаатай, хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай өвчтөнд зөвлөсөн гэнэ. Дээрх тарилгыг өмнө нь АНУ, БНЭУ, БНСУ, Япон зэрэг улсад шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрч байв.