1.4 саяар 15 өвлийг дулаан үдэх боломжтой

Монголдоо анхдагч, дулааны нөөцлүүртэй цахилгаан зуух зохион бүтээсэн З.Ариунболдын “үйлдвэр”-ээр зочиллоо. Шинэлэг санаа урган гарч, түүнийгээ туршиж, эцсийн бүтээгдэхүүн болдог түүний эл “үйлдвэр” “Монгол базальт” компанийн жижиг гараашт байрладаг. Тэрбээр уг компанид үйлдвэрийн тоног төхөөрөмж, авто хариуцсан инженерээр ажилладаг юм. Тус компанийн захирал А.Ариунболдтой эндүүрүүзэй. Түүний зохион бүтээсэн дулааны нөөцлүүртэй цахилгаан зуухны анхны санаа 2015 онд “төржээ”. Эхнэртэйгээ харих замдаа гэрээ хэрхэн хурдан дулаацуулах талаар ярилцсан нь түүнд шинэ санаа олоход нь тусалсан аж. Түүнээс хойш таван жилийн турш олон туршилт, бүтэлгүйтэлтэй нүүр тулсны дүнд одоогийн “Монгол голомт эко-1” цахилгаан зуухаа бүтээсэн байна. Одоо ч шинээр туршилт хийж, дан ганц гэр биш өрөө тасалгаанд хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн хийхээр ханцуй шамлан орсон нь үр өгөөжөө өгчээ. Том талбайг халаах хүчин чадалтай зуухаа олон төрлөөр үйлдвэрлэхээр төлөвлөсөн тэрбээр ирэх сард ажлаа эхэлж, наймдугаар сард худалдаанд гаргах гэнэ.

Цахилгаан зуухны ажиллах горимын талаар товч танилцууъя. Энэ зуухны эд анги бүрийг Монголд үйлдвэрлэснээрээ онцлог. Хамгийн чухал түүхий эд болсон дулаан нөөцлөх тоосгыг ч өөрөө зохион бүтээжээ. Мэдээж хэрэг уг тоосгоны орц, найрлага нь нууц. Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн эл зуухыг 2-3 цаг цэнэглэхэд дулаанаа 6-8 цаг хадгалах бөгөөд 4-5 ханатай, 25-30 ам метр талбайтай гэрийг 10-15 минутын дотор дулаацуулах чадалтай. Ажиллах хугацаандаа дулаанаа нөөцөлдөг бөгөөд найман цаг цэнэглэхэд гэрийг 16 цаг дулаан байлгана гэсэн үг. Хүйтний улиралд шөнийн цахилгааны төлбөрийг хөнгөвчилдөг учир эл зуухыг хэрэглэж буй айлууд зарлага багатай өвөлжих боломжтой гэж зохион бүтээгч З.Ариунболд хэлээ. Гэхдээ цахилгааны үнийг хөнгөвчлөөгүй байсан ч өртөг бага. Дулаан нөөцлүүртэй зуух хэрэглэж буй өрхийн нэг сарын цахилгааны төлбөр 45 000-90 000 төгрөг гарах гэнэ. Ийн хэлбэлзэлтэй байгаа нь учиртай. Идэр есийн хүйтэнд 70 000-90 000 төгрөгийн төлбөр гардаг бөгөөд урин цагт бага. Энэ цахилгаан зуух гэрийн тулгатай адил. Цилиндр хэлбэртэй учир дулаанаа төвөөс тарааж гэрийг жигд дулаацуулдаг. Дээд ширэм, тойрог хэлбэрийн гадаргуу, халуун агаар гээд гурван төрлөөр халаадаг юм байна. Төмөр гадаргуу нь дулаан агаараас үүдэн халдаг. Тиймээс хүүхэд түлэгдэхээс сэргийлж бүслүүр хийж өгчээ. Ингэснээр бага насны хүүхэд зууханд нэг метрээс илүү ойртож чадахгүй.

Цахилгаан зуухны удирдлагын систем нь цагийн болон температурын гэсэн горимтой. Ажлаасаа тарж ирэхэд гэрээ дулаахан байлгахыг хүссэн хүмүүс амьдралынхаа хэвшилд тааруулан зуухаа цагийн горимд шилжүүлэх нь хамгийн тохиромжтой гэнэ. Зуух эл горимоор нөөцөлсөн дулаанаа тохируулсан цагт гаргаснаар цахилгаан ч хэмнэх юм. Харин температурын горимд шилжсэнээр халуун, хүйтнээ тохируулан, тогтмол ажиллана гэсэн үг. Шөнийн цахилгааны хөнгөлөлттэй үед цагийн горимд шилжүүлбэл илүү тохиромжтой хэмээн зохион бүтээгч өгүүлэв.

Улаанбаатар хот болон орон нутагт өдгөө 40 гаруй айл ийм зуухтай болжээ. Цахилгаан удирдлагын системд 1.5, бүтээгдэхүүний ашиглалтад 15-20 жилийн баталгаа өгч буй бөгөөд эл зуух 130 кг жинтэй. Тэдний компани жилд 500-600 орчим зуух үйлдвэрлэх хүчин чадалтай. Өрөө тасалгаанд зориулсан зуухтай нийлүүлбэл 1000 орчмыг үйлдвэрлэх аж. Ажлаа хийхийн хажуугаар өөрийн зохион бүтээсэн бүтээгдэхүүний нэрээр “Монгол голомт эко” компаниа З.Ариунболд 2018 онд байгуулжээ. Төр үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмждэггүй, жижиг, дунд үйлдвэрлэлд Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ хүрдэггүйг тэрбээр хэд хэдэн жишээгээр тайлбарлав. Тухайлбал, 2017 онд “Ариг” банкны санаачилгаар хэрэгжүүлсэн “Утааг хамтдаа устгая” улсын уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ. 60 гаруй бүтээгдэхүүн өрсөлдүүлж шилдгээр шалгарсан 16 бүтээлийг өвлийн турш туршсан аж. Ижил дулаалгатай 16 гэрт монгол инженерүүдийн хийсэн зуухнуудыг байрлуулж, дөрвөн сарын хугацаанд ямар хэмжээний цахилгаан зарцуулахыг нь хэмжжээ. Түүний бүтээл шилдэг гуравт багтсан ч төсөөлж байснаас нь тэс өөр байжээ. 

Шилдгээр шалгаран 20 сая төгрөгийн урамшуулал хүртсэн ч тэмцээний дараа ямар ч үр дүн гараагүй гэнэ. З.Ариунболд энэ талаар “Утаа бууруулахад бидний зохион бүтээсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй юм бол яах гэж уралдаан зарласан юм бол. Тухайн үед нас залуу ч байж. Тэмцээнд байр эзэлчихвэл бидний бүтээсэн зуухыг үйлдвэрлээд, өрх бүрт тараан, Улаанбаатарыг утаанаас салгана гэж бодож байлаа. Харамсалтай нь, тэмцээний дараа бүтээгдэхүүнийг минь үйлдвэрлэх, сайжруулах арга зам эрэлхийлэх, иргэдэд хямд өртгөөр нийлүүлэх талаар ярилцахын оронд гадаадын компаниудын дунд угаар мэдрэгч оруулж ирэх тендер зарлачихсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, залуу инженерүүдэд хөрөнгө оруулахын оронд гадаадаас тоног төхөөрөмж авчирч, хэрэглэхийг шийдвэр гаргагчид илүүд үзсэн байх. Хэрэв гэр хорооллын айлуудын 30-40 хувь нь цахилгаан зуухаар халаалтаа шийдвэл утааны тал нь байхгүй болно гэсэн үг. 2016 онд ийм их хэмжээний цахилгаан гаргах хүчин чадал манай станцуудад байгаагүй. Харин өдгөө хороо болгонд дэд станц байгуулж, цахилгааны хүчдэлийг нэмсэн учир гэр хорооллын айлуудын ихэнх нь дулааны нөөцлүүртэй зуухтай болох боломж бүрдсэн” гэв.

Дулааны нөөцлүүртэй зуух 1.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь өвлийн түлш битгий хэл, өдрийн хоолоо залгуулж чадахгүй байгаа иргэдэд ахадсан үнэ. Гэхдээ З.Ариунболд үүнийг шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Төлбөрийн хөнгөвчилсөн нөхцөлөөс гадна иргэд ухамсартай хандах нь илүү чухал гэж тэрбээр сануулав. Нэг өрх жилд 600-900 мянган төгрөгийн нүүрс түлдэг. Нүүрс ажиллагаа ихтэй, мөн агаар, хөрсний бохирдол үүсгэдэг. Тиймээс нэг удаа “бүсээ чангалаад” авчихсан байхад 10-15 жил санаа амар байж болно гэж тэдний компанийнхан үзжээ. Хэрэв иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдэл, цахилгааны утасны гэмтлээс болж эвдэрвэл дуудлагын дагуу очиж засаж өгөх юм байна. Тэд эргэх холбоотой ажиллахыг чухалчилдаг гэлээ.

Хэрэв айлууд цахилгаан зуух, халаагуурын бусад төхөөрөмж сонгосон бол дулаан алдагдлыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өвлийн улиралд газар 1-1.5 метр гүн хөлддөг. Харин гэрт амьдарч буй айлуудын олонх нь тавын банзаар шал хийдэг. Хөлдүү газраас жиндэх хүйтэн агаарыг банз төдийлөн хааж чадахгүй. Тиймээс айлуудыг дулааны алдагдлаа багасгахын тулд шалавч, хаяавчаа зузаалахыг тэрбээр сануулсан. Дулааны алдагдалгүй гэрийг бага цахилгаанаар халаах боломжтой гэдгийг зохион бүтээгч маань тодотголоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)