1-р сургуулийн захирал Б.Төгсжаргалыг огцрохыг шаардлаа

MN мэдээллийн төвд өнөөдөр 1-р сургуулийн багш ажилчид мэдээлэл хийж, тус сургуулийн захирал Б.Төгсжаргалтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Тус сургуулийн математикийн багш Х.Батцэцэг хэлэхдээ “Б.Төгсжаргал нь Боловсролын тухай хууль болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг тус тус ноцтойгоор зөрчиж байсан байна. Үүнд:

  1. Сургуулийн удирдлага сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж үзэж байна. Учир нь 1-р сургуулийн захиралаар томилогдохоосоо өмнө 1 жил 8 сарын хугацаанд боловсролын байгууллагад ажиллаагүй. Үүнээс өмнө ажиллаж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилд тэнцээгүй, сахилгын зөрчлөөс болж халагдсан нь мэдэгдсэн.
  2. Захирлаар ажиллаж байсан 2 жилийн хугацаанд жилд 250 хүүхэд,  хоёр жилд 500 орчим хүүхэд элсэн оруулсан бөгөөд үүнээс нэг жилд 150 гаруй хүүхэд ганцхан Б.Төгсжаргал захирлын гарын үсэгтэйгээр орж байгаа нь мөн л эргэлзээ төрүүлж байна. Өмнөх үеийн захирлууд элсэлтийн журмыг батлуулаад, элсэлтийн комисс гаргуулж, комиссоор дамжуулан бүх асуудлыг шийддэг байсан бол Б.Төгсжаргал нь ганцаараа дур мэдэн шийдсэн юм. 2 жилийн өмнө манай сургууль 2460 сурагчтай байсан бол одоо 3000 шахам сурагчтай болсон. Нэг ангид байх сурагчдын норм хэтэрч, 60-63 сурагч нэг ангид хичээллэж байгаа нь Боловсролын стандартыг ноцтойгоор зөрчиж, сурагчдын сурах, багш нарын тайван ажиллах эрхэд халдаж байна гэж үзэж байгаа юм.
  3. Б.Төгсжаргал нь ажиллаж байх 2 жилийн хугацаанд нийт 70 гаруй хоног ажилдаа ирээгүй. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтыг удаа дараа зөрчиж байгаа хэрэг. 70 хоногийг цагаар тооцвол 560 цаг. Сараар тооцвол 4 сар ажилдаа ирээгүй боловч 2016 оны 5 дугаар сарын цалингаас бусад бүх цалингаа бүтнээр нь авч байсан. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож үзвэл ойролцоогоор 3 сая төгрөгийн цалинг зүгээр авч байсан гэсэн үг” хэмээлээ.

Мөн тус хэвлэлийн бага хуралд багш ажилчдаас гадна сурагчдын эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүд ирсэн байлаа. Тэдний нэг болох Н.Тамир хэлэхдээ “Ямар нэгэн байгууллагын удирдлагын 1-р гарын үсэг байхгүй бол тухайн байгууллагын ажил урагшилдаггүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү сургуульд бүтээн байгуулалт хийгдээгүй. Сургуулийн засвар үйлчилгээ, ахуйн байдал үнэхээр хэцүү байна. Эцэг эхчүүдийн төлөөлөл энэ талаар ярилцах гэж хоёр удаа очсон ч хоёуланд нь ажлын байран дээр байгаагүй. Туслахтай нь холбогдоод ярихаар уламжилж өгье эсвэл бүх эцэг эхчүүдийн гарын үсэг цуглуулаад ир гэдэг. 6-р ангийнханд бүтэн жилийн турш түүхийн хичээл орох ёстой байснаас 2-3-хан цаг л орсон гэсэн. Тэгээд хүүхдүүдэд хэлэхдээ “Дүндээ санаа зовох хэрэггүй. Багш нь та нарын дүнг өргөөд тавьчихна” гэж хэлсэн байсан. Тэгээд энэ н.Эрдэнэ гэгч багшийг сураглаад үзэхээр Б.Төгсжаргал багштай хамт 115-р сургуулиас ажлын хариуцлага алдаад ажлаас халагдсан хүн билээ. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл эцсийн эцэст хүүхдүүд л хохирч байна. Тэдний сурах эрх зөрчигдөж байна. Тиймээс үүнд ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч гэж хэлэх гэсэн юм” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (52)