044 герц буюу “үхлийн давтамж”-аас татгалзах шалтгаан

Та бүхэнд дуулгах нэг сайн, бас нэг муу мэдээ надад байна. Монгол хүний амны билгийг бодож сайныг нь эхэлж сонордуулъя. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын II симфонийг Лондонд хөгжмийн ертөнцийнхний хамгийн төгс, дээд чанар гэж тодорхойлдог тэр л хэлбэрээр бичүүлээд дуусаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэрт хөгжмийн зохиолчийн бүтээлийг оркестр тоглохдоо давтамжийг нь 432 герцээр тохируулан, пянзанд бичүүлжээ. Энэ бол орчин цагийн Монголын хөгжмийн ертөнцийн түүхэнд том дэвшил авчирсан үйл явдал учраас сайн мэдээ гэж онцолсон хэрэг.

432 герцээр хөглөсөн хөгжмийн аялгуу нь байгалийн жинхэнэ цэвэр дуу авианы өнгөтэй ойролцоо учраас хүнд хамгийн тохиромжтой, зарим өвчнийг хүртэл анагаах увдистай гэж судлаачид үздэг.

Эртний Грек, Ром, Египетийн хөгжмийн зэмсгүүдээс эхлээд хүн төрөлхтний урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Страдиварийн хийцийн алдарт улаан хийлийг 432 герцийн давтамжаар хөглөсөн байж. Гэвч байгалийн нарийн зохилдлого бүхий энэхүү тохируулгыг наймаар нэмж, 440 герц болгох туршилт, оролдлогууд 1930, 1940-өөд оноос АНУ, Германд хүчээ авч, улмаар 1953 онд олон улсын хөгжмийн стандарт ISO 16-г баталсан түүхтэй. 440 герцийн давтамж нь огторгуйн ямар ч хөдөлгөөн, байгалийн хэмнэл, чичирхийлэлтэй таардаггүйгээс гадна хүний биеийн эрчмийн төвтэй тохирдоггүй тул уур бухимдал, уйтгар гуниг төрүүлж, сэтгэл гутралд оруулдаг байна. Тиймээс сүүлийн жилүүдэд маш олон уран бүтээлч, улс орнууд 440 герцийн давтамж бүхий ISO 16 хөгжмийн стандартаас татгалзан, буцаад 432 болгон тохируулах болжээ. Энэ нь ч амжилт олж буйн тод жишээ нь түүхэн дэх хамгийн олон хандалттай уран бүтээлээр шалгарсан “Gangnam style”, “Despacito” аж.

Өдгөө дэлхий дахинд “Үхлийн давтамж” гэгдэх болсон 440 герцийн давтамжаас манайхан татгалзах ямар боломж байгаа тухай, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдлыг энд тэнд уйгагүй ярьж, холбогдох байгууллагуудад нь хандан, идэвхтэй хөөцөлдөж буй нэгэн эрхэм бол EQ боловсролын төвийн багш Л.Энхтуяа. Хөгжмийн боловсрол бол зөвхөн мэргэжлийн урлагийн байгууллагад хамаатай зүйл бус, эсвэл дуу хөгжмийн хэдхэн багш нарт л хүртээлтэй асуудал биш, энэ нь хүний хөгжилд, нийгмийн төлөвшилд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг манай сонинд өгсөн ярилцлагаас нь уншигчид анзаарсан биз ээ. Ямартай ч мэргэжлийн урлагийн болон боловсролын байгууллагууд хөгжмийн давтамжийг өөрчлөх асуудалд эхнээсээ анхаарлаа хандуулж байгаа нь сайн хэрэг.

Тухайлбал, УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс Японд очиж, энэ талын судалгаа хийгээд ирсэн бөгөөд эхний удаад өөрийнхөө хэд хэдэн дууг 432 герцээр пянзанд бичүүлэх гэж буй аж. Улмаар цаашид театрынхаа хөгжмийн зэмсгүүдийн хөгийг 432 герцээр тохируулах боломжийг судалж байгаа гэнэ. Түүнчлэн СУИС-ийн Хөгжмийн сургуулийнхан энэ талаар анхаарч эхэлсэн бөгөөд Монголд мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллагын хувьд ISO 16 хөгжмийн стандартыг халах асуудалд манлайлж оролцохоо захирал нь илэрхийлжээ. Улсын филармонийнхон ч удахгүй 250 сая төгрөгөөр зарим хөгжмийн зэмсгээ шинэчлэх бөгөөд ингэхдээ үзэгч, сонсогчид болон хөгжимчдийнхөө сонор, оюун тархийг ядраахааргүй буюу 432 герцээр тохируулан хөглөж болохуйц гэдэг шалгуур тавиад эхэлсэн дуулдав.

Одоо харин муу мэдээгээ дуулгая. Монгол Улсын Боловсролын хүрээлэнд насаараа ажилласан, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн хичээлийн хөтөлбөр, агуулгыг боловсруулахад олон жил гар, бие оролцсон, шинжлэх ухааны доктор нэгэн “Чи яахаараа ийм хачин юм ярьдаг билээ. Энэ бол олон жил монгол хүүхдийг сургаж ирсэн бидний арга барил шүү” гээд эмэгтэй хүний хоолойг боомилсон гэвэл та итгэх үү. Цаг үеийн шаардлага, нийгмийн ойлголтын зөрүүгээс болоод ажлын арга барил, үзэл бодол нийлэхгүй байх тохиолдол эрдэмтдэд байтугай, хаа сайгүй гардаг. Тэглээ гээд өөртэй нь адилхан монгол хүүхдүүдийн эрдэм мэдлэг, хүмүүжил төлөвшил, сайн сайхны төлөө сэтгэл чилээж явдаг нэгнийг үзэн ядах хар хорын сэтгэл өвөрлөж явдаг хүн манай боловсролын салбарын бодлого, чиглэлийг тодорхойлдог газарт байна гэхээр эмгэнэлтэй.

XXI зууны монгол хүүхдийн оюун тархинд юу хийх ёстой, өнөөгийн нийгмийн шалгуур, шаардлагад нийцүүлье гэвэл бид ямар иргэнийг төлөвшүүлэх учиртай вэ гэдгээ бодолцох, өөрөөр харах цаг болсон. Үүнийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз. Гагцхүү юуг, яаж хийвэл монголчуудад хамгийн зохилтойг мэдэхгүй, айл айлаас “атга гурил” гуйж, өнөөхөөрөө ямар “хоол” хийхээ хүртэл хүний ам харсаар 30-аад жилийг барав. Энэ хооронд олон монгол хүүхэд, залуусын сэтгэхүй Монголоосоо яаж хүнийсэж, эрдэмд шамдахыг бус, дур зоргоороо эрхлэхийг, ажил хөдөлмөрт хичээхийг бус, алмай суухыг илүүд үзэх болсныг захын хүн хэлнэ. Боловсрол ч гэж боловсрол, хүмүүжил ч гэж хүмүүжил. 

Үүнд тэдний буруу гэж юу байх вэ. Наад зах нь ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд хичээлийн их завсарлагаар ямар дуу, аялгуу сонгож, сурагчдадаа хүргэх вэ гэдгээ бодолцохгүй өдий хүрснээс хүртэл бурууг хайж болмоор. Амралтын давтамжтай зарим дуунд мансуурлын, эсвэл согтуурлын давтамж нэмчихсэн байдгийг манайхан мэдэхгүй, завсарлагаанаар хөнгөн хөгжмийн аялгуунд хүүхдүүдээ сэргээх гэсэн биш харин ч бүр эсрэгээрээ сонсгол болоод сэтгэхүйг нь гэмтээж, эвддэг байна. Хүний урд тархи буюу бүтээлч хэсгийг нь өдөөх аялгуу биш, хөдөлгүүрийн ой санамжтай “амьтанлаг” хэсгийг нь сэрээх хөгжим сонсгоод байхаар хүүхдүүд юу сурч, ямар ой тогтоолттой болох нь ойлгомжтой. Үүний оронд Моцарт, Бетховений симфониуд гэхчлэн богино долгионы давтамжтай аялгуу сонсговол урд тархийг сэргээдэг байна. Учир нь тэд зөвхөн ордны ихэс дээдсийг зугаацуулж цэнгүүлэх зорилготой хөгжим бичдэггүй, эрдэмтэн судлаачдынхаа хэмжиж тогтоосон герцийн туршилтын дагуу огторгуйн богино долгионы давтамжийг оруулж хөгжмөө зохиодог байж.

Энэ тухай сургуулийн нийгмийн ажилтан, удирдлагад учирлаад хэлэхээр “Судалж үзнэ. Туршилт хийж байж болно” гээд саяхныг болтол ойшоодоггүй байсныг Л.Энхтуяа багш өгүүлэв. Харин ойрноос нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн зэрэг холбогдох байгууллагынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, ардын багш нарын хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх сургалт, лекц зохион байгуулж эхэлжээ. Цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч нар болоод ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад EQ буюу мэдрэмжийн боловсролын тухай хөгжмийн давтамж хүний оюун сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар ойлгуулах нь ямар ач тустайг манайхнаас түрүүлээд өвөрмонголчууд мэдчихсэн, энэ талаар хичээл заах хүн хайж байгаа гэх.

Хүн төрөлхтөн өдгөө аккустик дайны эрин үед амьдарч байгаа учраас улс орнууд ард түмнийхээ, ялангуяа хүүхэд залуусынхаа хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд анхаардаг нь ийм учиртай буюу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)