1000 оюутан цэргийн албанд мордлоо

Зэвсэгт хүчнийг 1990 оноос цомхотгосноор хугацаат цэргийн алба хаагчдын тоо цөөрч, хуулийн дагуу их, дээд сургуулиудын оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаа нь  иргэн бүр Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэж ярьдаг. Үүний нэг баталгаа нь зэвсэгт хүчин, хилийн цэрэгт мөрдөж буй өнөөгийн орон тоогоор жилд насанд хүрсэн нийт эрчүүдийн 30 хувийг нь л хугацаат цэргийн албанд татдагтай холбоотой аж.

Харин МОХ 2014 онд санаачилга гарган, үүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж дэмжин, оюутнуудыг сурч байх хугацаандаа цэргийн алба дүйцүүлэн хаах боломж олгосноор “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй юм. Ингэснээр эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоо нэмэгдэх гэнэ.  2014 онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 30-аад их, дээд сургуулийн 418 оюутан цэргийн албаа дүйцүүлэн хаасан бол өнөө жил 40 гаруй сургуулийн 1000 оюутан цэргийн албанд мордлоо. Тэднийг гаргаж өгөх ёслол өчигдөр Батлан хамгаалахын их сургууль дээр болсон юм. Энэ үеэр оюутнуудын гэр бүлийнхэн, дотны найзууд нь тэднийг албаа нэр төртэй хаахад нь урам өгч, гаргаж өгцгөөв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)