Элэгний мангаа

Монголчууд элэгний өвчиндөө дарлуулсаар туйлдаж гүйцлээ. Жилд В, С вирусийн улмаас дунджаар 2000 орчим хүн элэгний хавдраар өвчилж, 1600 гаруй нь нэгээс хоёр жилийн дотор нас барж буйг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун хэлсэн юм.

Гуравхан сая монголчууд зөвхөн элэгний хавдраас болоод жил бүр хэдэн мянгаараа энэ мэтээр тэнгэр рүү “илгээгдээд” байвал юу болох билээ. Олон улсын хавдрын бүртгэлийн байгууллага “Монгол Улсад хавдартай хүний тоо цөөрөхгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн оношлогдоно” гэсэн тооцоо гаргасан нь төр засаг үүнд анхаарлаа хандуулах цаг ирснийг сануулж буй.

Гэтэл манай эрх баригчид иргэдээ эмчлэхээс аль болох тээршаадаг нь хачирхалтай. Тухайлбал, олон жил гар “дүрээгүй” байсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа энэ оны нэгдүгээр сард шинэчлэхдээ өндөр өртөгтэй зарим мэс заслын зардлын тодорхой хувийг даатгалын сангаас гаргахаар болсон ч хамгийн чухал эмчилгээний төсвийг орхигдуулаад баталчихав.

Албаныхан элэгний хатуурал, хавдар үүсгэгч А, В, С, D вирус тээж буй 400 орчим мянган хүн Монголд буй гэсээр байхад шүү дээ.

Өвчнөө эмчлүүлэхгүй удвал нас барагсдын тоог хэдэн мянгаар нэмэх магадлалтайг дээрх судалгаа нотолсоор байтал элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг даатгалаас санхүүжүүлэлгүй “ад үзсэн” нь ХСҮТ-д элэгний хавдартай хэмээн оношлуулаад буй 1500-1800 хүнийг “үх” гэж хэлсэнтэй агаар нэг.

Тэдний хэлснээр элэг солиулах хагалгаа нь хэт өндөр үнэтэй учраас даатгалын сангаас эмчилгээнийх нь зардлыг гаргачихвал хоосорчих юм билээ. Тэгвэл улсын хэмжээнд 3000 гаруй хүн энэ төрлийн тусламж, үйлчилгээг авах шаардлагатай байна шүү дээ.

Эрүүл мэнд, спортын сайд 196 дугаар тушаал гаргаж, С вирустэй хүмүүсийг нэн тэргүүнд оношилж, эмчлэхээр болсон ч энэ жил 1600, ирэх онд 2000 хүн тун “Харвони” эмийг импортлохоор гэрээ байгуулаад байгаа.

ЭМСЯ-ныхны ярьж буйгаар нэн яаралтай эмчлүүлэх шаардлагатай, С вирустэй 52.500 хүн байгаа гэх боловч эдгээрийн 10 хувийг нь ч эмчилчих хэмжээний эм оруулж ирж чадахгүй байгааг юу гэх вэ. Тэд үүнийгээ “Уг эм өндөр үнэтэй. 52.500 хүнийг эдгээх эм оруулж ирлээ гэхэд хүмүүс авч чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Гэрээт борлуулагч компани нь бизнесийн байгууллага.

Тэд их хэмжээгээр эм оруулаад ирдэг. Хүмүүс авахгүй бол алдагдалд орно. Боруулалтын байдлаас шалтгаалаад эмийн тунг нэмэх боломжтой. Тэгэхээр тоо нэг их чухал биш” гэж ярьсан нь иргэнээ хамгаалаад байна уу, эсвэл бизнес эрхлэгчдийн талд үйлчлээд байгаа аль нь болохыг ойлгоогүй.

Гэтэл иргэд “Улс биднийгээ бодож байна” гэж хууртаад хүн бүр элэгний В, С вирустэй, эсэхээ шинжлүүлээд эхэлсэн. ХӨСҮТ, хувийн лабораториуд өдөр бүр үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж, өвчтэй хэд нь эм хэзээ орж ирэхийг хүлээн сууна.

Хүмүүс өвчтэй, үгүйгээ мэдсэн нь сайн хэрэг ч нийгэмд эмийн хомсдол, цаашлаад үнийн хөөрөгдөл бий болгох алхмыг улстөрчид тавьчихлаа. 52.000 хүний хэд нь тэр эмийг авах санхүүгийн чадалтай байх бол. “Харвони” эмийн курс эмчилгээ нь 1200 ам.доллар буюу 2.394.000 (Монголбанкны өчигдрийн нэрлэсэн ханшаар) төгрөгтэй тэнцэж буй.

Өвчтөн эмчийн зааврын дагуу эм уух явцдаа олон төрлийн шинжилгээ хийлгэх юм билээ. Тэгэхээр С вирусээсээ бүрэн салахад нэг хүн дор хаяж 3.4 сая төгрөг зарцуулах аж. Тодруулбал, ирэх онд монголчууд 7.6 сая доллар буюу 15.3 тэрбум төгрөгийг С вирусийн эмэнд зарцуулах тооцоо гарчээ.

Иймээс эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж өгөхийг иргэд хүсэж байна. Харин холбогдох байгууллагууд энэ тал дээр нүдэн балай, чихэн дүлий суусаар. Боломжтой нэг нь эмчилгээ хийлгээд С вирусээсээ ангижирчихлаа гэхэд тухайн хүн буцаад халдвар авахгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй.

Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн тодорхой хувийг хөнгөлж, эм импортлох эрхтэй компанийн тоог нэмэгдүүлж, уг өвчнийг голомтоор нь устгахгүй бол бид хэзээ ч элэгний өвчнөөсөө салж чадахгүй. “Өнөөдөр” сонин энэ удаа “Дугаарын онцлох сэдэв” буландаа элэгний вирус, түүнийг тойрсон асуудлуудыг хөндлөө.

О.БАТ-УНДРАХ

 


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Л.ЗЭНДМАА: “Харвони” эмийг энэ сарын дундуур оруулж ирнэ

ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаатай ярилцлаа.

-“Харвони” эмийг Монголд хэзээ оруулж ирэх вэ?

-Уг эмийг борлуулах албан ёсны төлөөлөгч нь “Омбол” компани. Энэ сарын дундуур оруулж ирнэ. Уг нь өнгөрсөн сард нийлүүлнэ гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас түр хойшилсон юм.

Яамнаас эмийг бүртгэсэн, хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх гэрээ байгуулсан, хэрэглэх заавар боловсруулж, энэ үйл ажиллагааг хариуцах 140 гаруй эмч, мэргэжилтнийг бэлтгэсэн зэргээр бодлогын чанартай ажлуудаа хэдийнэ амжуулсан. Мөн бүртгэлийн нэгдсэн программ боловсруулаад байна.

Эмчлүүлж буй хүмүүсийг бүртгэж, эмээ авсан, уух явцад биед нь ямар нэгэн өөрчлөлт гарч буй, эсэхийг шинжилгээгээр тогтоосныг программд байнга бүртгэх юм. Мөн “Омбол” компани жор бичих программ гаргасан. Цаашид ХӨСҮТ уг ажлыг удирдан зохион байгуулна.

-Эхний ээлжинд хэчнээнийг авахаар төлөвлөв?

-“Харвони” эм С вирусийг 98-99 хувь устгах үйлчилгээтэй. Бусад эмтэй харьцуулахад гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн өндөртэйг нь судалгаа шинжилгээгээр тогтоосон. Хэчнээн тун оруулж ирнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Манай оронд С вирусийн халдвартай 127.000 хүн бий.

Үүнээс нэн тэргүүнд эмчлэх шаардлагатай, С вирусийн архаг халдвартай өвчтөн ойролцоогоор 52.000 байх магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай холбогдох мэргэжилтнүүд тооцсон байдаг юм.

Эхний ээлжинд 1600 хүн тун эм оруулж ирэх юм. 1600 хүний гурван сар уух эм гэсэн үг. Борлуулалт, иргэдийн хэрэгцээ шаардлагаас хамаарч, дараагийн ээлжийн эмийг захиална.

АНУ-ын компаниас хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх хугацаа, хэмжээ заагаагүй учраас иргэдийн худалдан авах чадварт үндэслэн хэдийг ч оруулж ирж болно.

-“Омбол” компани яагаад оруулж ирэх болсон юм бэ. Бусад аж ахуйн нэгжид боломж олдох уу?

-“Омбол” нь “Гилайд сайнс” компанийн албан ёсны төлөөлөгч нь. Тэд АНУ-ын компанитай холбоо тогтоон, албан ёсны төлөөлөгч болж, “Ийм үр дүнтэй эм байна. Оруулж ирвэл яасан юм бэ” гэсэн санал анх дэвшүүлсэн.

Яамнаас манайд оруулж ирэх боломжтой, эсэхийг судлаад Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр борлуулах болсон юм. Мөн эмийн бүртгэлд бүртгэн баталгаажуулсан.

Бусад аж ахуйн нэгж “Гилайд сайнс” компанийн шалгуурыг хангавал оруулж ирэх бүрэн боломжтой.

-Элэгний С вирустэй иргэдийн 60 орчим хувь нь эм худалдан авах чадваргүй тул хөнгөлөх шаардлагатай гэсэн хүсэлт гаргаад буй. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Боломж бий, эсэхийг бид судалж байна. Даатгалд хамруулах уу, эсвэл өөр эх үүсвэр бий юү, зээлээр олгох уу зэрэг олон хувилбар судалж буй. Одоогоор эцэслэн шийдсэн зүйл алга.

-Төлбөрийн чадвартай хүмүүс нь “Харвони”- г уугаад эдгэсэн ч дахиад халдвар авахгүй гэсэн баталгаа алга. Вирусийн голомтыг устгахгүй бол эмийн үр дүн гарахгүй юм биш үү?

-Эмчилгээний үр дүнд С вирусийг устгана. Гэхдээ тодорхой хугацааны дараа дахиад халдварлахыг үгүйсгэхгүй. Тухайн хүн өөрөө л дахин халдварлахаас сэргийлж тогтмол шинжилгээнд хамрагдах ёстой.

Бид ирээдүйд С вирусийн халдварыг устгасан Азийн анхны орон болох том зорилготой. Энэ зорилтын эхлэл нь уг эмийг иргэддээ хэрэглүүлэх болсон явдал. Цаашид Засгийн газар хооронд дахин яриа хэлэлцээр хийж, илүү олон хүнийг уг эмчилгээнд хамруулж, эмийн үнийг нь хямдруулж, хөнгөлөх боломж гарна.

Мэдээж олон хүнийг эдгээх юмсан гэсэн зорилт тавьж байна. Гэхдээ одоохондоо ийм боломж хомс, цаашдын хугацааг ч хэлэхэд бэрх.

-Дамлан худалдахын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Борлуулагч компани болон иргэд ч хариуцлагатай хандах хэрэгтэй. Эмийг ууж байгаад дуусгалгүй орхивол ямар ч үр дүнгүй. Гурван сарын турш өдөр бүр энэ эмийг уух ёстой. Хугацаа алдвал эмчлэгдэхгүй.

Тодорхой хэмжээний дэглэм ч бий. Дамлан худалдахгүйн тулд эмийг нэг дор биш, сар сард нь өгнө. Мөн программаараа хянана. Бүртгэлийн болон “Омбол”-ын жор бичих программыг нэгтгэж, мэдээллээ сайтар солилцдог болгох гэж байна.

Эмийн хайрцаг кодтой. Тэр код нь хэний эм болохыг хэлнэ. Эхний сарын эмийг дуусгачихаад савыг нь аваачиж өгөөд дараагийн сард уух эмээ авна гэх мэтийн арга хэмжээ авах юм.

ЭМСЯ Элэгний вирустэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн, өдгөө батлуулах шатанд байна. Энэ нь элэгний бүх төрлийн вирусээс сэргийлэх цогц хөтөлбөр юм.

БАЙР СУУРЬ

Мэргэжлийн хүмүүстэй уулзаж, элэгний вирусийг хэрхэн устгах талаар байр суурийг нь сонирхлоо.

ЭМЭНД ДАСАЛТАЙ ВИРУС БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

-Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт хүн амын 10-15 хувь нь вирустэй гэх тоо бий.

Гэхдээ энэ бол албан ёсны тоо биш. Харин С вирусийн халдвар авсан хүн 300-350 мянга байгаа гэдэг.

Эрүүл мэндийн байгууллага С вирустэй хүнийг илрүүлэх, нэгэнт вирустэй нь оношлогдсон бол эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол урьдчилан сэргийлэх. Үүний тулд иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох юм.

Түүнчлэн халдвар тархаж буй замуудад хяналт тавих хэрэгтэй. Жишээлбэл, ариутгалын системүүд хангалтгүй байна. Мөн жижиг мэс ажилбар хийдэг үйлчилгээний газрууд байна.

Үүнд шүдний эмнэлэг, чих цоолж, шивээс хийх зэргээр хүний арьс салстыг гэмтээдэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ариутгалд хяналт тавьж, түүгээр үйлчлүүлж буй иргэд ч өөрсдөө үүнд анхаардаг болох хэрэгтэй. Мөн одоо вирусийн халдвар авсан хүмүүсийг бүгдийг нь илрүүлэх хэрэгтэй байна.

Засгийн газраас “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бүх хүнийг шинжилгээнд хамруулж, оношлох нь эн тэргүүнд хийх ажил юм. Дараа нь тэдгээр хүнээ эмчилж, дахин халдвар тараахаас нь сэргийлэх боломжтой.

Эмүүд ч шинэчлэгдэн, сайжирч байна. Эдгээр эм нь дэлхийн зах зээлд 80-94 мянган ам.долларын өртөгтэй. Харин манай улсад “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд сарын хэрэгцээ нь 400 ам.доллараар орж ирж байгаа.

Хэдий ингэж хямд өртгөөр орж ирж байгаа ч хүн бүр үүнд хамрагдах боломжгүй. Иймээс энэ эмийг хэрэглээд л хүн амын дунд тархсан вирусийг бүрэн устгана гэж хэлж болохгүй. Эм нь ч 100 хувь үйлчлэхгүй. Хүнээсээ шалтгаална.

Мөн эмийн эмчилгээг дур мэдэн хийж болохгүй. Ингэснээр эмэнд дасалтай вирус болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

ЭМЧИЛГЭЭ УРТ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛДЭГ Ч ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ

Ц.ГЭРЭЛТ-ОД (“Майромед” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч):

-Уламжлалт анагаах ухаанд элэгний 18 төрлийн өвчин бий гэж үздэг. Үүнээс 13 нь элэгний халуун өвчин. В,С вирусийн халдвар нь халуун өвчинд ордог. Элэг дэлгэрэх өвчин ч гэдэг. Үүнийг хэрхэн эмчлэхийг олон зуун жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанд заасан байдаг.

Хамгийн энгийн нь идээ, ундаагаар эмчлэх. Жишээлбэл, халуун өвчин учир элэгний өвчтэй хүн зуны улиралд хонины мах идэх нь зохимжгүй. Хонины мах нь халуун чанартай байдаг юм. Тэгэхээр өвөл, хаварт хонь, үхрийн, зун намартаа ямааны мах идэж байх нь зохимжтой.

Мөн элэгний өөрчлөлттэй хүн элгээ доргиохгүй байх нь чухал. Хүн уурлахад элэг агшдаг гэдэг. Тэгэхээр сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох уур уцааргүй байх хэрэгтэй. Шинжлэх ухаанаар батлаагүй ч уламжлалт анагаах ухаанд элэгний вирусийг устгаж байсан тохиолдол олон бий.

Вирус устгах үйлчилгээтэй тан ч байдаг. Элэгний өвчнийг анагаах монгол эмнэлгийн зарчим бий. Энэ нь элэгний үүдийг нээх. Өөрөөр хэлбэл, цөсийг саадгүй болгож, өтгөрөлтийг багасгана гэсэн үг.

Үүний дараа элэгний халуун бууруулах эмчилгээ хийдэг. Ер нь уламжлалт анагаах ухаанд эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг ч өндөр үр дүнтэй.

ВИРУСТЭЙ ХҮН БОЛГОН ХЭРЭГЛЭХГҮЙ

Б.САРУУЛ (ХӨСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч, доктор):

-Гастроинтерологичид, халдварт болон дотрын 130 орчим эмч хоёр удаагийн сургалтад хамрагдан бэлтгэгдэж байна. Харин эм хэзээнээс эхэлж тараагдах талаар мэдээлэл одоогоор алга.

Эмч нар удирдамжийн дагуу эмчилгээ хийнэ. Эмийн үр дүнг 96-98 хувь гэж олон улсын байгууллага дүгнэсэн. Энэ эмийг С вирустэй хүн болгон уухгүй. Вирус нь өсөлт, үржилттэй буюу идэвхтэй байгаа тохиолдолд хэрэглэдэг.

Одоогоор итгэмжлэгдсэн 10 лаборатори бий. Тэнд шинжилгээнд хамрагдаж вирусээ тоолж, тодорхойлсны дараа эмчилгээ эхэлнэ.

ИНФОГРАФИК


ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА

ШИНЭ ЭМИЙН СУРГААР В, С вирусээ тоолуулах хүн олширчээ

ХӨСҮТ-ийн амбулаторид 08.30 цагт очсон ч “асуудал”-тай хүмүүс аль эрт ирээд дугаарлан зогсчээ. Ялангуяа “Биохими, цусны ерөнхий шинжилгээ” гэсэн 117 тоот өрөөний үүдэнд олон хүн эгнээ үүсгэсэн харагдана.

Тэдний олонх нь элэгний үйл ажиллагаа хэвийн эсэх, В, С вирустэй үгүйгээ мэдэхээр ирснээ дуулгав. 08.00-10.00 цагийн хооронд л шинжилгээ авдаг учраас л энэ үед ачаалал хамгийн их байдаг аж.

Шинжилгээний өрөөний үүдэнд зүс царай адил хэсэг хүн бөөгнөрөн суусан нь нэг гэр бүлийнхэн юм байна. Тэд хайртай ээж, эгчдээ амьдрал бэлэглэхээр донор болох шалгуурт тэнцэх эсэхээ шинжлүүлж буй гэнэ. “Миний том эгч элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа юм.

Эгчийн минь гурван хүүхэд болон бид ДОХ, биохими зэрэг олон шинжилгээ өглөө. Хэн нэг нь донор болоосой гэж залбирч сууна. Бид Төв аймгийн Заамар сумаас ирсэн” гэж тэдний хамгийн ахмад болох Ц.Дандар ярив.

Тус эмнэлэг биохимийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авдаг бол В, С вирус бий эсэхийг шинжлэхэд 40.000, вирус тоолоход 160.000 төгрөгийн үнэтэй.

Үүний зэрэгцээ тус амбулаторийн тасгийн эрхлэгчийн үүдэнд цөөнгүй хүн дугаарлажээ. Тэд шинжилгээний хариугаа үзүүлэн эмчилгээ бичүүлэхээр зогсож байв. “Эгч нь удахгүй ээ, эрхлэгчээс нэг зүйл асуугаад л гараад ирнэ. Өмнө чинь орчихъё” гэж ахимаг насны нэгэн хүн учирлаж байлаа.

Тэрбээр элэгний С вирустэй бөгөөд эмчийн хяналтад ороод долоон жил болж байгаа гэнэ. Хяналтад байдаг эмч нь гадаад руу явсан учир хэнд үзүүлэхээ эрхлэгчээс нь асуухаар ирсэн аж.

Тэрбээр “С вирусийг устгах эм манайд удахгүй ирэх нь сайхан ч тэтгэврийн хөгшид авч хүчрэхгүй юм билээ. Эмч маань намайг “Вирусийн идэвхжил гайгүй байна” гэсэн болохоор хоолны дэглэм барьж, улиралдаа нэг удаа шинжилгээ өгдөг юм” гэв.

Тэнд цугларсан хүмүүсийн олонх нь хаана шинжилгээ өгөхөө мэдэхгүй, халдварт өвчин гэдэг утгаар нь ХӨСҮТ-ийг л зорьж ирснээ нуусангүй.

Энэ талаар тус төвийн клиникийн профессор Ч.Уртнасан “Элэгний вирусийн эмчилгээ хийх эрхтэй, сургалтад хамрагдсан 140 эмч бий. Тэд улсын болон аймаг, дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаа. Тиймээс элэгний вирусийн шинжилгээг ганц манай төв хийхгүй. Ийм шинжилгээ, оношилгоо хийдэг 10 гаруй эмнэлэг байдаг. Тухайлбал, харьяа дүүргийнхээ нэгдсэн эмнэлгүүдэд эхлээд хандах хэрэгтэй” гэв.

Биохими, маркерийн шинжилгээг улсын эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа бол ХӨСҮТ-д маркерийн шинжилгээг 40.000 төгрөгөөр авч байв. Энэ нь ЭМС-ын сайдын журмын дагуу зохицуулагддаг гэнэ.

“Харвони” эмийг эмчилгээнд хэрэглэх сургаар вирусээ тоолуулах гэсэн хүн эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-ийн Лабораторийн тасгийн дарга Г.Сарангуа хэлсэн. Өдөрт л гэхэд 30-40 хүн вирусээ тоолуулдаг гэнэ.

Элэгний вирус гэдэг “аймшиг” биш болохыг тэндхийн эмч нар хэлсэн. Учир нь А, В вирусийн эсрэг вакцин байгаа бол удахгүй С вирусийг эмчлэх эмтэй болох гэж байна. Тиймээс шинжилгээ өгч, хэрэв вирус илэрвэл яаралтай тоолуулах, В вирус илрээгүй бол цаг алдалгүй вакцин хийлгэх нь л чухал юм билээ.

Ч.БОЛОРТУЯА

ХЭРЭГЛЭЭ

Гурван сарын дараа вирусээс ангижрах уу

АНУ-ын “Гилайд сайнс” компани элэгний С вирусийг төгс эмчлэх “Харвони” эмийг бүтээснээр дэлхий дахины эмийн эмчилгээнд маш том дэвшил авчирсныг ДЭМБ тодотгоод буй. Хүмүүс уг эмийн талаар эерэг, сөрөг ойлголттой байгаа тул товчхон танилцуулъя.

Олон улсад “Ледипасвир” нэршлээр танигдсан, нийлмэл найрлагатай шахмал эм юм. Уг эмийг “Гилайд сайнс” компани Канад улсын “Фатеон” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлохоор болсон юм.

Тус компанийн “Совалди-Собосбувир” болон “Харвони” эм зөвхөн элэгний С вирусийг анагаах үйлчилгээгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эмийн агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн.

Өдгөө энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсад өргөн хэрэглэж байна.

С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай 18-аас дээш насныхан “Харвони”-г дангаар нь хэрэглэх заалттай. Эмчийн бичсэн жор, зааврын дагуу хэрэглэнэ. Вирусийн эсрэг бусад эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй.

Өвчний үе шатаас хамаараад 3-6 сар, өдөрт нэг ширхгийг ууна. “Харвони” эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон удаа судалгаа хийсний үр дүнд гаргасан бөгөөд эдгэрэх магадлал нь 96-99 хувьтай гэнэ.

Дэлхийн зах зээлд 94.000 ам.долларын өртөгтэй уг эмийг манай улс “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нэг курсийг нь 1200 доллараар авч буй юм. Сарын эмчилгээ нь нэг хайрцаг буюу 28 ширхэгтэй, 400 ам.доллар гэсэн үг.

Гурван сар ууж байж нэг курс болно. Одоогийн байдлаар улсын хэмжээнд “Харвони” эмийг оруулж ирэх албан ёсны эрхтэй компани нь “Омбол”. Эднийх эм оруулж ирснийхээ дараа худалдах албан ёсны эрхтэй 22 эмийн санд бүтээгдэхүүнээ нийлүүлэх аж.

Тодруулбал, “Монфа”, “Интерфарм”, “Түвшин тун”, “Анбарай”, Ахмадын эмийн сан, “Интермед”, “Грандмед” эмнэлгийн эмийн сан зэрэг орон нутаг, дүүргүүдийн томоохон эм борлуулах цэгүүдээр худалдах юм.

Д.АНИР

ДЭЛХИЙН ЖИШИГ

Элэг солиулж буй өвчтөнүүдийн олонх нь С вирустэй

С вирусээр өвчилсөн хүний 40-80 хувь нь бүрэн эдгэдэг гэх тоо бий. Эмчилгээ хийлгээгүй атал эдгэсэн ховор тохиолдол ч бүртгэгдсэн байдаг аж. Дэлхий нийт эл өвчний эсрэг гурван төрлийн эмчилгээ хийж буй. Тэднээс хамгийн өргөн хэрэглэдэг нь вирусийн эсрэг эмийн эмчилгээ.

Тиймдээ ч томоохон судалгааны лабораториуд эл вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эм гаргаж авах туршилтыг өдгөө ч хийсээр л буй. Өнгөрөгч оны аравдугаар сард “Гилайд сайнс” компани “Совалди”, “Харвони” хэмээх эм худалдаанд гаргасан нь борлуулалтаар цахиур хагалж буй.

Түүнчлэн Йелийн их сургуулийн судалгааны баг С вирусийн тархалтын 80 хувийг бууруулах үйлчилгээтэй бэлдмэл гаргаж авсан талаарх судалгааны өгүүллээ “Clinical infectious diseases” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт нийтэлжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж буй өвчтөнүүдийн олонх нь гепатит С вирусээр халдварласны улмаас хагалгааны ширээн дээр очихоос өөр аргагүй болдог аж. Элэг шилжүүлэн суулгаснаар уг өвчнөөр дахин өвдөх магадлалыг 70 хувь бууруулдаг.

Уламжлалт эмчилгээний аргад хүн орхоодой, мөнгө зэргийг ашиглах нь бий. Гэхдээ одоогоор уламжлалт арга үр дүнтэй болохыг эрдэмтэд нотлоогүй байна.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)