Чингэлтэйн замыг 31 жилийн дараа шинэчиллээ

Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Долоонбуудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км замыг засаж шинэчлэх ажил дуусаж байгаа тул зорчих хэсгийг өчигдөр нээлээ. Өмнө нь долоон метр өргөнтэй байсан уг зам одоо хоёр эгнээ зорчих хэсэг бүхий есөн метр болж өргөсөж буй юм. Үүнээс гадна явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай болгон тохижуулж байгаа аж. 1985 онд ашиглалтад оруулснаас хойш огт засаагүй байсан эл замыг 31 жилийн дараа нийслэлийн хөрөнгө оруулалтаар ийнхүү шинэчилж байгаа бөгөөд “Экспресс зам” компани богино хугацаанд ажлаа гүйцэтгэснийг дүүргийн удирдлагууд сайшааж байв.

“Зам дагаж хөгжил гэдэг. Чингэлтэй рүү удахгүй цэвэр, бохир, инженерийн шугам сүлжээ татна. Ийнхүү дэд бүтцэд холбогдсоноор иргэд хашааны газартаа хаус барих боломж бүрдэж байгаа юм. Мөн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд удахгүй Улаанбаатар хотын дэд төв сүндэрлэнэ. Дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажил хэдийнэ эхэлсэн” хэмээн хотын дарга энэ үеэр онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)