Хүний эрхийн төлөө тэмцэгч өлсгөлөнгөөр өөд болжээ

Улстөрийн өлсгөлөн зарлаад байсан, Кубын тэрс үзэлтэн Орландо Запата тэмцлийнхээ 85 дахь хоног дээр Гавана хотын “Hermanos Ameijeras” эмнэлэгт өөд боллоо. Хүний эрхийг хамгаалагч “Эмнести интернэшнл” байгууллага түүнийг улстөрийн итгэл үнэмшлийнхээ улмаас 2003 онд баривчлагдсан хэмээн зарласан. Тэрбээр улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалж байсан юм. О.Запатагийн ээж  Луиза Рейна Тамайо Майамигийн “El Nuevo Herald” сонинд өгсөн ярилцлагандаа “Кубын эрх баригчид миний хүүгийн амь насыг хөнөөлөө. Тэд хүссэндээ хүрч, хүний эрхийн төлөө тэмцэгчийн амьдралыг дуусгаж чадлаа” гэсэн байна. Төрийн дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавин тэмцэж, эцэст нь амиа алдаж байгаа хоёр дахь тохиолдол энэ юм.
Кубын яруу найрагч, оюутны хөдөлгөөний удирдагч Педро Луиса Бойтеля Ф.Кастрогийн дэглэмийг эсэргүүцэн 53 хоног өлсгөлөн зарлаад, эмнэлгийн тусламж авалгүй байсаар 1972 оны тавдугаар сарын 25-нд шоронд нас барсан. Албан ёсны үзэл суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө тэрбээр 10 жилийн хорих ял авсан юм.
Өдгөө Кубын шоронд 200 орчим улстөрийн хоригдол байгаа нь Ф.Кастрог төр барьж асан жилүүдийнхээс гуравны нэгээр буурсан үзүүлэлт гэнэ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)