УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар:Хүүхдүүдээ унтсан хойно гэртээ ирдэг болчихоод байна

Монголын авьяаслаг залуу үеийнхний төлөөлөл болох өвөрмөц зан араншинтай нэгэн уран бүтээлчийнд хамтдаа зочилцгооё. Түүнийг "Пара" гэхээр үеийнхэн нь андахгүй ээ.

-Танайх  амралтын өдрийг  үргэлж ийм, хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлдэг  үү?
-Амралтын  өдрийг  бусдын адил бужигнаж өнгөрүүлэх дуртай. Наранбаатарынх дөрвөн хүүхэдтэй, өнөр өтгөн болсон шүү дээ. Би сүүлийн үед гэр бүлдээ зав гаргадаг болоод байгаа. Ажил хийвэл хийсэн шиг  хийж, амарвал амарсан шиг амардаг байх хэрэгтэй.

-Тавтай тухтай орчинг  бүрдүүлэгч гол хүнээ танилцуулаач?
-Эхнэрийнхээ тухай ярих хэрэг болох нь ээ, Л.Гантуяа гэдэг. Багш мэргэжилтэй. Хүлээцтэй, тэвчээртэй, юмны наад цаад учрыг нарийн сайн тунгааж байж, шийд гаргадаг, даруухан, дуу цөөнтэй болохоор  жинтэй үг хэлчихнэ. Би ямарваа зүйлийг романтик талаас нь  сэтгэж харах дуртай байхад  эхнэр бодит талаас нь илүү харах жишээтэй. Мэргэжилдээ дуртай, амжилт гаргах гээд зүтгэдэг дайчин чанараар нь бахархдаг.

Хийж байгаа ажлыг минь сайн дэмжинэ. Ямар нэгэн жүжиг найруулж байвал тухайн бүтээлийн талаарх мэдээллийг интернэтээс олоод ирдэг хүн дээ. Би эхнэрээ бурхнаас заяасан хань гэж хэлэх дуртай. Найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байлаа. Тэр үед надад “Энэ чиний хань болох хүн мөн” гэж бурхан шивнэх шиг болсон. Хэлснээр нь ханиа болгох гээд зүтгэсэн. Зүтгэсэн минь талаар болоогүй ээ, харин ч амжилт олоод өдий зэрэгтэй сайхан амьдарч явна.
 

-Та шинэлэг зүйлд байнга тэмүүлж амьдрах дуртай хүн шиг санагддаг.
-Миний хувьд хийж буй зүйлдээ бүтээлч, нээлттэй байхыг хичээдэг.  Өр, зээлгүй, өвчин зовлонгүй  амьдрахыг хүсдэг.  Тансаг амьдрахын тулд өөрийнхөө хэрэгцээнээс илүү зүйлд шунах хэрэггүй. “Хоёр идэхгүй хоосон хонохгүй” амьдрах зөв юм. Жаргалтай амьдрах гэж өөртөө зовлон хураах хэрэггүй.

Энгийн элэг бүтэн, байгаа бүхэндээ сэтгэл ханаж амьдрах аз жаргал шүү дээ. Харахад баян амьдралтай хэрнээ цаанаа сэтгэлийн зовлон, дарамт, айдас тээж амьдардаг хүнтэй таарч л байсан. Хараад харамсах, гайхах зэрэгцсэн шүү.

Амьдрал өөрөө тэмцэж амьдрахыг хүнээс шаарддаг .  Юугаар ч дутахгүй амьдарснаас бага зэрэг юмаар дутаж, түүнийгээ олохын төлөө тэмүүлэлтэй амьдрах илүү сонирхолтой. Сайхан амьдралын оргилд хүрчихээд, туулсан замаа эргээд харахад дурсамжтай шүү дээ. Гэр бүлдээ “Хорвоо дэлхий уужим байна, хийх ажил их байна. Амьдралын оргил өөд хамтдаа зүтгэнэ ээ” гэж хэлэх дуртай. 

-Танд хүүхдүүд чинь их эрхлэх юм?
-Сайн аав байхыг хичээдэг. Хэр халамжтай аавыг  болохыг  хүүхдүүдээс минь асуувал үнэнд ойр хариулах болов уу. (Хүүхдүүд нь түүнийг ок гэж хариулав) Одоохондоо гэр бүлээсээ гомдлын үг сонсоогүй л явна. Тэгэхээр найдвартай гэж ойлгож болно. (Инээв)

-Дуулна, жүжиг найруулна, ажлаа хийнэ гээд энэ бүхнийг яаж амжуулаад байна аа?
-Хүний нас мандаад жаргах нар шиг богинохон. Нийгэм маань мэдээллийн эрин зуунд хурдтай хөгжиж байна. Өнөөдөр сэтгэснээ маргааш хийхгүй бол хэн нэгэн аавын хүү амжуулчихна. Амрахаа хойш тавиад ч болов хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Хийж, бүтээе гэсэн хүсэл, тэмүүлэл, эрч хүчээрээ олон жүжгийн  ард гарсан. 2009, 2010 он миний хувьд амрах завгүй жил байлаа.

Шинэ бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж чадсандаа сэтгэл өндөр байгаа. Хамгийн гол нь үзэгчдийн юу хүсэж байгааг мэдэрч хийх нь хамгийн том ололт. Тухайн жүжгийг сонгож аваад хэнээр тоглуулах вэ гэдэг чинь менежмэнт. Дээр нь зар сурталчилгааны асуудлыг зөв хийх хэрэгтэй.

Үүн дээр өөрийгөө жаахан ч гэсэн туршлагатай гэж боддог. Тухайлбал “Шөнө амталсан нулимс”, “Бооцоо”, “Чамайгаа алдмааргүй байна” “Парисын дарь эхийн сүм”, “Би эр хүнд хайртай”, “Би жаргамаар байна” жүжгээ хүмүүсийн сэтгэлд хүрсэн чанартай бүтээл гэж бардам хэлнэ ээ.

-Хоймортоо залсан шагналууд чинь өөрийн эрхгүй харц татлаа. Тэр дундаас “Гэгээн муза” наадмаас хүртсэн хоёр ч  шагнал содон харагдаж байна шүү?
- “Шөнө амталсан нулимс”,  “Парисын дарь эхийн сүм” жүжгээр энэ нэр хүндтэй наадмаас шагнал  хүртсэн. Мөн “Нууц амраг чинь болъё” жүжгээрээ  гранпри шагнал хүртэж байсан. Надаас авьяас, мэдрэмж, ур ухаан, сэтгэл, хөдөлмөр, цаг хугацаа их шаардсан бүтээлүүд.

Дэлхийн сонгодог зохиолыг  мюзикль хэлбэрээр тайзнаа хэрхэн тавих вэ гэж олон талаас нь бодсон, бас ухаан чамгүй зарцуулсан. Залуу хүнийхээ хувьд санаж,  бодсоноо хэрэгжүүлье гээд ханцуй шамлаад зоригтой ч дайрсан. Мэдээж амар хялбар байгаагүй ээ.

Аливаа шинэ бүтээлийг  магтаал, шүүмж дагадаг шүү дээ. Гэхдээ шүүмжлэлээс илүү урмын үг олноос их сонссон. Багш маань “Парисын дарь эхийн сүм” зохиолыг одоо барьж авч, тайзны бүтээл болгох цаг чамд иржээ” гэж хэлсэн. Багшийнхаа үгийг  би их удаан бодсон.  Яруу найрагч Д.Урианхай гуай жүжгийн нээлт  үзчихээд “Энэ мундаг бүтээлийг залуу хүн гэхэд сайхан найруулжээ. Яасан зоригтой ороо вэ. Амжилт, уналт аль аль нь  чамд их ойрхон байлаа шүү” гэж хэлж байсан. Ямартаа ч ард нь гарч чадлаа.

-Олон бүтээлийн ард гарлаа. Сайхан амаръя гэсэн бодол төрж байгаа биз дээ? 
-Тийм ээ. Нээрээ үнэхээр ядарсан байна. Ойрноос сайхан амаръя. Ирэх жилээс “Ромео Жульетта” жүжгийг мюзикль хэлбэрээр тайзнаа тавих санаа бий. Хөгжмийг нь Л.Балхжав ах хийж байгаа. Хэрхэн найруулж тавих талаар тархиа гашилгаад  сууж байна. Залуу байгаа дээрээ олон зүйлд суралцмаар байна. Саяхан  надад киноны найруулагчаар ажиллаач гэсэн санал ирсэн. Сүүлийн үед дэлгэцийн бүтээлд хүч сориод  үзье гэсэн бодол төрөөд байх боллоо.

-Ажиглахад хайр сэтгэлийн зөрчил, тэмцлийг харуулсан бүтээл барьж аваад байх шиг санагддаг юм?
-Хайр өргөн хүрээтэй утга илэрхийлдэг. Хүн хорвоо ертөнцөд давтагдашгүй төрдөг шиг хайр ч мөн адил. Залууст хайрын тухай бүтээлүүд ус, агаар мэт хэрэгтэй байна. Хайрын зөрчил, тэмцэл ,эв нэгдэл, зовлон гуниг, аз жаргалын тухай өгүүлсэн олон бүтээл байдаг ч хүмүүс огт уйдахгүй байгаа биз дээ. Хэрвээ хайр тийм зүйл шүү дээ гээд мэдчихвэл амьдралаас амархан уйдна. Хязгааргүй огторгуй шиг таагдашгүй ертөнц, бас шавхагдашгүй мөнхийн сэдэв бол яах аргагүй хайр мөн.

-Хайр юунаас эхэлдэг бол.
-Хайр бодлоос эхэлдэг. Дурласан хүнээ хүн боддог. Нэг нэгнээ хүндлэх сэтгэл дээр хайр тогтдог гэж боддог. Өнөө үед залуус хайранд өнгөцхөн сэтгэлээр ханддаг болжээ. Аливаад нухацтай, наад цаад учрыг олж харах  ухааны цар хүрээ, мэлмийтэй амьдрах чухал болоод байгааг цаг үе сануулж байна. Гэр бүл тогтвортой байна гэдэг улс, гүрэн амгалан байхын үндэс шүү дээ.

-Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даах тэнхээ бий юу, Танд?
-Ардын жүжигчин П.Цэрэндагва ах “Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж яваарай” гэж бидэнд захидаг. Хүн магтуулаад хөөрч, зэмлүүлээд гуниж, гутарч болохгүй. Энэ хоёрыг зэрэг даах ухаан уран бүтээлч хүнд байх ёстой чанар. Ахмадуудынхаа хэлсэн захиасыг оюундаа тунгаан бодож явдаг.

-Танайх шинэ байранд ороод удаагүй байгаа бололтой. Гэхдээ тун дажгүй тохижсон байна шүү?
-Уран бүтээлийн завгүй ажлын хажуугаар гэрээ тохижуулах гэж хэрэндээ л хичээх юм. Үнэнийг хэлэхэд санаандаа таартал тохижуулж амжаагүй ээ. Сүүлийн үед интерьер сонирхдог болоод байгаа. Манай гэрийн  тохижилтыг  найз маань зохиомжилж, загварыг нь гаргасан юм. Тавилгын  сонголтыг удахгүй хийнэ,  өвөрмөц хэлбэрээр гэрээ тохижуулах бодол бий. Амарч байх хугацаандаа хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ өрөөг  өөрчилнө. 

-Гэрийн чинь цонхоор бүх зүйл алган дээр тавьсан мэт харагддаг юм байна шүү.
-Аятайхан байр сонгосон гэж боддог. Өглөө нар мандахыг  цонхоороо харах сайхан шүү. Ажилдаа явахдаа өөдрөг бодолтой гэрээсээ гардаг.  Гэрийн маань өөдөөс Богд хаан уул, Зайсан толгой, Чингис хааны  чулуун хөрөг харагддаг болохоор эрч хүч, урам зориг хайрлах шиг санагддаг.   

-Хүүхдүүд чинь  таныг  Пара гэж дуудах юм аа?
-Арван жилийн сурагч байхад ангийн маань нэг найз надад ийм нэр хайрласан юм. Оюутан, драмын театрын найруулагч болсон ч энэ алдраасаа салаагүй л явна. Орой гэртээ ороход охин маань хүртэл “Өө Пааяа” ирлээ гэдэг юм. (Инээв)

-Танайх хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг сайхан тэмдэглэдэг гэр бүл байна. Охины тань өрөөнд таны  дурсгасан бэлэг содон харагдлаа л даа?
-Гэр бүлээрээ шинэ жил, цагаан сар, хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг сайхан тэмдэглэдэг. Охин маань “Парисын дарь эхийн сүм” жүжгийн  Эсмеральдагийн бага насны дүрд тоглосон юм. Энэ жүжгийн гол дүрийг бүтээсэн уран бүтээлчдийн зурагтай плакатад охиныхоо зургийг  оруулсан. Төрсөн өдрөөр нь “Хайрт охин Эгшиглэндээ ирээдүйн алдарт удмын нэрээ  өндөрт өргөн явах жүжигчин  болоорой гэж аав нь дурсгав. 2010 2.14” гэж бичээд бэлэглэсэн. Одоо өрөөнд нь өлгөөстэй байгаа. Манайхаар зочилсон хүмүүс энэ бэлгийн тухай сонирхож асуудаг л юм.   

-Ямар ч их ажилтай байсан гэр бүлээ  тэргүүнд тавьж чаддаг уу?
-Хүн гэр бүл, хайр сэтгэлээ хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй. Хамгийн нандин үнэтэй эрдэнэ бол гэр бүл байдаг гэж би ойлгодог. Насны эцэст нэгэндээ түшиг болж үлддэг хүн бол хань л байдаг. Үр хүүхэд өсөж томроод, үүрээ орхисон шувуу шиг нисээд оддог шүү дээ.

Эхэндээ хоёулаа танилцаж байсан шигээ эцэс төгсгөлд мөн л хоёулаа үлддэг гэдгийг буурлуудынхаа амьдралаас харж, мэдэрч байна.  Амжилт бүтээлтэй явахад ханийн халамж хамгаас чухал. Ханийн зөвлөгөө хаана ч явсан үнэ цэнэтэй.

Өөрийн минь төлөө сэтгэлийнхээ үнэн үгийг нээж хэлдэг ганц хүн бол ханилсан хань шүү дээ. Ажил ажил гэж гүйсээр орой гэрийн бараа харахад эхнэр халуун цай, хоолтой, хүүхдүүд дуу шуутай угтдаг. Тэднийхээ баяр хөөртэй байгааг  хараад, хамаг стресс тайлагдах шиг болдог. Аз жаргал ерөөсөө л энэ. Жаргал хол бус дэргэд минь байгааг гэр бүлээсээ мэдэрдэг. Хүн гэр бүлдээ хайртай, хэн нэгэн халдаж чадахааргүй бат цайз байх хэрэгтэй.            

-Таныг  түс, тас зантай нэгэн гэлцдэг. Сайн болон сөрөг  талын аль нь илүү байдаг бол.
-Тийм ээ. Түүнээсээ болж алдаж, онодог тал бий.  Өөрийнхөө үзэл бодлоос хэзээ ч ухарч, урваж байгаагүй. Үзэл бодолдоо үнэнч байгаа хүнийг би зоригтой гэж үнэлдэг.  

-Номын сангаа  хамгийн сүүлд ямар номоор баяжуулав. Танайд сонгодог, адал явдал, танин мэдэхүй гээд олон төрлийн бүтээл байна.
-Би сар бүр шинэ ном худалдаж авч, номын сангаа баяжуулдаг юм. Саяхан “Дэлхийн түүх” нэртэй ном авлаа. Уншсан их сонирхолтой юм билээ. Тун удахгүй байгаль экологийн холбогдолтой, тэр дундаа усны тухай өгүүлсэн ном авах бодол бий. Хүү маань надад санал болгоод байгаа. Энэ олон бүтээлээс “Инээмтгий хүн” миний хамгийн унших дуртай ном. Энэ номны найруулга киноноосоо илүү гоё санагддаг.     

-Уран бүтээлд ханддаг шигээ гэртээ бол хоол ундыг ч “найруулна” биз.
-Хийнэ, хийнэ. Манай гэр бүл хийцтэй цай,  банштай, ногоотой шөл идэх дуртай. Амарсан өдрөө хоол зохиож,  хийх дуртай . Бас болоогүй ээ түүндээ нэр зохиогоод өгчихнө. 

-Хүүхдүүдтэйгээ тухтай ярилцах зав танд гардаг болов уу?
-Ээ, ховор. Сүүлийн үед ойр ойрхон жүжиг найруулаад, хүүхдүүдээ унтсан хойно  гэртээ орж ирдэг болсон. Үнэнийг хэлэхэд хичээлд нь  ч анхаарах завгүй л явах юм байна шүү дээ. Миний ганц чаддаг зүйл бол “За хүүхдүүд минь багшийнхаа заасныг сайн сурна шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Дуудах нэрийг аав ээж, дуурсах нэрийг ард түмэн өгдөг юм.

Хүссэн мэргэжлээрээ суралцъя гэж бодож байвал сурсан бүхэн чинь хэрэг болно” гэж хэлдэг юм. Зав гарвал хүүхдүүдтэйгээ ярилцаж, санаа бодлыг нь сонсох дуртай

Сургуульд нь өглөө хүргэж өгөх, орой аваад гэртээ харьж явах замдаа машин дотор тэдэнтэйгээ илэн далангүй ярилцдаг. Аав нь гээд л хүүхдүүдээ загнаж, зэмлэх ёсгүй биз дээ. Аль болох нээлттэй харилцаж, заримдаа найз шиг нь байж, хүсэл сонирхлыг нь дэмждэг байх хэрэгтэй гэж боддог.

-Бурхан шүтдэг үү. Үүдэндээ уран шувууны үүр, зарааны үс юунд өлгөсөн юм бэ?
-Уран шувууны үүр айлд байх ээлтэй, харин  зарааны үс хэл амнаас хамгаалж байдаг гэж сонссон. Би бурханд итгэдэг, Ногоон дарь эхийг шүтдэг.  Манайхан намайг дагаад шүтлэгтэй болсон шүү. Эхнэр маань өглөө болгон цайныхаа дээжийг бурхандаа өргөдөг.

Өвөө маань зурхайн эрдэм номонд мундаг суралцсан хүн бий. Бидний ажил үйлс, аж амьдрал, ар талыг маань дааж явдаг юм. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Манай нутаг сайхан байгальтай, айраг цагаа элбэг дэлбэг газар. Энэ зун нутагтаа очиж, гэр бүлээрээ тухтай амаръя гэсэн бодолтой байгаа.       
       

  Ням гариг сэтгүүл


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)