Т.Болдбаатар: Төрийн наадамд азарга түрүүлүүлнэ гэдэг их хувь заяа

Ардын төрийн наадмын алтан дэвжээнд тодорсон цуут хурдан ажнай магнай халиун азарганы эзэн, Монгол Улсын алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарыг “Өнөөдөр”-ийн зочноор урин ярилцлаа. Халиун азарга энэ жил Улсын их баярт түрүүлснээр улс, бүсийн наадмаас дөрвөн түрүү, долоон айраг хүртээд буй.

-Уяа эвлэг, морьд хурдан, сайхан наадаж байна уу, та?

-Сайхан. Сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Юуны өмнө төрийн наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд магнай халиун азаргаа түрүүлүүлсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд адуун сүргийн манлай азарганы уралдаанд халиун азарга маань газар газраас ирсэн хурдан буянуудтай хүч бяраа сорин уралдаж, аргагүй дийлж түрүүллээ. Энэ жил азарга маань “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хараахан айрагдаж чадалгүй зургаад давхисан. Тэр үеэс халиун азарганыхаа уяа сойлгыг тааруулж эхэлсэн юм. Наадмын өмнө уяа, сойлгыг нь Сүхбаатар аймагт таарууллаа.

Тэр үеэс халиун азарганыхаа уяа сойлгыг тааруулж эхэлсэн юм. Наадмын өмнө уяа, сойлгыг нь Сүхбаатар аймагт таарууллаа. Сүүлчийн долоо хоногт Жаргалантын аманд мориныхоо уяаны нарийн ажлыг хийсэн. Аймгийн алдарт уяач Э.Мөнх-Эрдэнэ халиун азаргыг олон жил уясан болохоор уяаны арга барилыг нь сайн мэддэг. Хоймор нутгийн хоёр хурдан азарга төрийн их баяр наадамд айргийн тавд, эхний арав дотор дөрвөн азарга хурдаллаа. Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны бодлого, хөдөлмөр талаар болсонгүй жилээс жилд манай уяачдын ур чадвар сайжирч, уралдах хүлгүүд нь байр урагшилж байна.

-Барианы зурхайд халиун азарга хамгийн түрүүнд орж ирэх мөчид сэтгэл чинь догдолж байсан нь дамжиггүй.

-Тэгэлгүй яах вэ. Төрийн наадамд азаргаа түрүүлүүлнэ гэдэг уяач хүнд ховорхон олдох буян хишиг болов уу.

-Халиун азаргаа гарааны зурхай руу мордуулж байхад юу бодогдож байв. Азаргаа өнгөнд давхих болов уу гэсэн барагцаа байсан байх.

-Лавхан айрагдчих болов уу гэж таамаглаж байлаа. Гэхдээ азаргаа мордуулсан бүх уяач л түрүү хүртэхийг сэтгэлдээ тээж үлддэг. Үүний адилаар л түрүү хүртээсэй гээд л мордуулсан. Олон жил азаргаа улсын баяр наадамд сойсон. Ганц удаа ч гэсэн түрүү хүртчих юмсан гэж бодож байлаа.

-Барианд орохын өмнөхөн улсын баяр наадамд түрүүлээд үзчихсэн Д.Баянбатын наран хонгорыг дайрч түрүүлнэ гэж бодож байв уу?

-Ах нь яг барианд орох тэр агшинг харж чадаагүй. Сэтгэл догдлоод, зүрх хүчтэй цохилоод хэцүү юм билээ. Уяач хүний хувьд хамгийн хэцүү зүйл барианд хоёр азарга зэрэгцэж орох байдаг юм байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү уяачийн хүү Д.Баянбатын хонгор азарга улс бүсэд олон удаа айрагдаж түрүүлсэн зартай хурдан хүлэг. Ийм сайхан хурдан ажнайг барианд орох мөчид гүйцэн түрүүлсэнд бэлгэшээж сууна.

-Цагаан хөтөл өөд өгсөх хүртэл халиун азарга өнгөлсөн шүү дээ?

-Айрагдаж л байвал яах вэ гэж бодогдож байсан. Хурдан буяны минь уяа сойлгыг уяач нарийн таарууллаа, унасан хүүхэд минь ухаантай ур чадвартай байлаа. Мөрөн хотын хар морьтын сахиус минь харж үзлээ.

-Халиун азарга төрийн наадамд гурван жил дараалан айрагдаж, энэ цагийн идэрхэн хурдан ажнай гэдгээ баталлаа.

-Өнгөрсөн жил айргийн дөрөвт хурдалсан. 2014 онд Д.Баянбатын наран хонгор азарганд дийлдэн аман хүзүүдсэнийг моринд хайртай монгол түмэн тодхон санаж байгаа биз ээ. Одоо ид хурдалж байгаа азаргануудын дотроос халиун маань ганцаараа гурван жил дараалан айрагдаж, түрүүллээ. Үнэхээр бахдам амжилт гэж бодож байна.

-Халиун азарганы уяа сойлгыг Э.Мөнх-Эрдэнэ тааруулдаг. Азарганы уяаг тааруулах хамгийн хэцүү гэж уяачид ярьдаг. Таны уяач халиун азарганы уяаг яаж тааруулдаг бол.

-Манай Мөнх-Эрдэнэ халиун азаргаа шүдлэн цагаас нь уяж байгаа ааль, авир араншинг нь сайн мэддэг. Залуу хүн гэхэд уяа сойлго тааруулахдаа гаргуун шүү. Өмнө нь халиун азарга үзүүр дээр ирээд жаахан суугаад байсан тал бий. Энэ жил би уяачтайгаа сайн ярилцаад үзүүрийн уяаны ажлыг сайн хийсэн нь үр дүнгээ өглөө.

-Морьны хүүхэд уралдааны замд их зүйлийг шийддэг гэж уяачид ярьдаг. Энэ жил халиун азаргыг ямар хүүхдээр унуулсан бэ?

-Өмнө нь халиун азаргыг маань унаж, улс бүсийн наадмаас олон айраг, түрүү хүртсэн Б.Ганхүүгийн дүү Ганболд гэж хүүгээр унуулсан. Ер нь хурдан морины унаач хүүхэд сэргэлэн цовоо, аль ч талаараа шилдэг байх ёстой. Улсад түрүүлсэн Ганболд сурлага сайтай, авхаалжтай хүү. Урьд нь унаж байсан Ганхүү ч гэсэн их сэргэлэн хүү. Уралдсан наадмаасаа айраг, түрүү алдаж байгаагүй.

-Өнгөрсөн жил миний халиун азарга түрүүлнэ дээ гэсэн бодол байсан уу? 2014 онд аман хүзүүдсэн болохоор ингэж асуулаа.

-Айрагдчих болов уу гээд дотроо залбирч л байсан. Яг түрүүлэх байх гэж бодоогүй. Ардын төрийн наадмын алтан дэвжээнд алдарт хурдан буянуудтай шандас шалгаж байгаагүй учир шууд түрүүлэх болов уу гэж бодож болохгүй. Халиун азарга гарааны зурхайгаас хөтөлж уралдсаар үзүүр дээрээ Д.Онон Тод манлай уяачийн хоёр хүүгийн азарганд дийлдэж айргийн дөрвөөр давхисан. Ер нь төр түмний их баяр цэнгэл наадмаас айраг хүртэнэ гэдэг сайхан зүйл шүү дээ.

-Өнгөрсөн жил үзүүр дээрээ дийлдсэн. Хоол жаахан дутуу мордсон тал байсан уу?

-Мордох цагийн зөрүүнээс болсон юм. Хоёр цагаар хойшилж мордоод хоол бага зэрэг дутуу мордсон талтай. Тэр хэрээр үзүүр дээр цуцаж, байр хойшилсон гэж боддог.

-2015 онд халиун азарга хаврын бүсийн Дүнжингарав уралдаанд түрүүлсэн бил үү?

-Тэгсэн. Өнгөрсөн жил халиун азарга маань дөрөв уралдаж, дөрөв айрагдсан.

-Монгол Улсын алдарт уяач цолоо мялааж, азарганы түрүү хүртлээ шүү дээ.

-Монгол Улсын алдарт уяач цол хүртээд удалгүй төрийн наадмын түрүү хүртлээ. Миний бие хурдан морь уяж, сойгоод арав гаруй жил болж байна. Орон нутагтаа наадсан амжилтаараа 2012 онд Аймгийн алдарт уяач цол авсан. Харин бичин жилийн босгон дээр халиун азарганыхаа буянаар Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. Сайн хүлэгтэй ерөөлөөр учирдаг гэдэгчлэн халиун азарга маань надад ирсэн цагаас эхлэн хурдалж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан байна.

-Та нэг морьны амжилтаар алдарт уяач болсон цөөхөн хүний нэг.

-Л.Цандэлэг соёмбо хүрэн азарганыхаа амжилтаар Тод манлай, Б.Ерөөлт халзан мориныхоо амжилтаар улсын Алдарт уяач болж байсан. Би тэдний дараа нэг адууны амжилтаар улсын цолонд хүрч байгаа уяач болсон юм. Хамгийн гол нь хурдан морьдын уралдаан эрчимжсэн өнөө үед нэг адуугаар тогтмол амжилттай уралдахад бас амаргүй болсон цаг.

-Анхны юм бүхэн үнэ цэнэтэй байдаг. Та анхны айргаа хэдэн онд, ямар наадмаар хүртэж байсан бэ?

- 2007 онд Шинэ-Идэр суманд улсын арслан Х.Мөнхбаатарын цолны мялаалгын наадамд Хэнтий аймгийн Мөрөн сумын Батхишигийн унаган адуу сартай хүрэн морио гуравт давхиулан анхны айргаа авсан түүхтэй. Анхны айргаа хүртээд маш их баярлаж билээ.

-Магнай халиун азарга олон наадамд таныг баярлуулсан. Энэ дундаас сэтгэлд тод дурсамж үлдээсэн нь хаанахын ямар наадам байв.

-Халиун азарга маань надад ирээд удаагүй байхдаа Сүхбаатар аймгийн “Жавхлант шаргын хурд”-д хязаалангийн уралдааны түрүү магнай болсон юм. Хурдны өлгий нутгийн чансаа өндөр уралдаанд түрүүлж, том наадмын өм нээсэн гэдэг утгаар нь би одоо ч тэр наадмыг дурсаж явдаг. Хэдийгээр дараа нь улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан ч миний хувьд хамгийн сайхан нь тэр наадам. Аливаа юмны эхлэл нь зөв бол төгсгөл нь сайн байдаг шүү дээ. Сая төрийн наадамд түрүүлэхэд ирэхэд шандаст хүлгээ хараад өөрийн эрхгүй огшилоо. Хоолой зангираад, хоёр нүднийг нулимс бүрхээд авсан шүү.(инээв)

-Яагаад хурдан моринд дурлах болсон бэ? Монгол хүн бүр моринд хайртай байдаг. Гэхдээ хүн бүр морь уяж, сойгоод, хурдан адуу цуглуулаад байдаггүй шүү дээ.

-Хурдан хүлэг эр хүний хийморийг сэргээдэг гэж боддог. Багаасаа адуу малд дуртай байсан юм. Ер нь монгол хүн монгол ахуй, малтайгаа ойр л явах хэрэгтэй. Би 2003 онд хүрэн азарга зүүн аймгаас авч байлаа. Хүрэн азарга маань Галт, Шинэ-Идэр сумын наадам болон уул тахилгын наадмуудад олон удаа айрагдаж, түрүүлсэн. Түүний үр төлүүдийг өнгөрсөн жилээс уяж эхэлсэн. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас хурдны удамтай адуу цуглуулж адууны үүлдэр угсааг сайжруулж явна. Ингэж л анх хурдан адуунд хорхойсч эхэлсэн.

-Магнай халиун азаргаа Сүхбаатар аймгаас авсан бил үү?

-Халиун азарга Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Я.Буйрын унаган адуу. Буйр гуайгаас Э.Мөнх-Эрдэнэ уяачид ирсэн гэдэг. 2012 онд Мөнх-Эрдэнээс би авсан юм.

-Танай дүү нар бас морь уяж, хурдлуулдаг гэж дуулсан юм байна.

-Тийм. Миний хоёр дүү морь уядаг. Бид эхээс ах, дүү тавуулаа. Бүгд морь мал сонирхож уяна. Манайхан цуглараад ярьдаг сэдэв нь морь. Аав маань ч гэсэн моринд их дуртай. Тиймдээ ч хаана л уралдаан болно дагаад л явна.

-Аав тань хүүгийнх нь халиун азарга ингэж давхиж байгааг хараад их баярладаг биз?

-Морио сайхан давхиулж улс орон даяар эцгийнхээ нэрийг цуурайтуулна гэдэг бол хүү нь болж төрснийхөө ачийг хариулж байгаа хэрэг гэж боддог. Аав маань ч их баярладаг юм.

-Та аймгийнхаа морин спортыг хөгжүүлэхэд гар бие оролцож яваа хүн. Аймгийн МССУХ-ны нарийн бичгийн даргаар хэдэн жил ажиллаж байна вэ?

-Зургаан жил болж байна. Холбооны нарийн бичгийн даргын ажлыг авснаас хойш манай уяачдын ажил үйлс өөдрөг байна. Манай уяачид оролцсон бүсийнхээ уралдаануудаас айраг, түрүү авч байгаад баяртай явдаг. Энэ нь бидний зорилго, бодлого, сэтгэл нэг байгаагийн илрэл гэж боддог.

-Магнай халиун азарга одоо хаагуур уралдах вэ?

-Өнөө үед ид тодорсон шандаст хүлгээ би наадам бүрт тавьдаггүй. Улс, бүсийн томоохон уралдаанд зорьж очдог. Одоо “Их хурд”-д уралдах төлөвлөгөөтэй байна даа.

-Халиун азарганы үр төлийг уяж, сойж байна уу?

-Уралддаг ид нас нь учраас, тэр талд нь илүүтэй анхаарч цөөн гүү хураалгадаг юм. Халиуны төл нэг шүдлэн үрээ уралдах төлөвтэй байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таныг морьны их шүтээн Дамдин Янсан бурхан үргэлж ивээг.

-Тэр ерөөл бат орших болтугай. Танай сониноор дамжуулан халиун азарганы уяа сойлгыг тааруулдаг Э.Мөнх-Эрдэнэ уяач болон Хөвсгөл нутгийн зон олондоо баярлаж явдгаа илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)