Танахаас аргагүй ТӨСӨВ

Төсвийн урсгал зардлыг 290 тэрбум төгрөгөөр танах саналыг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байна. Ялангуяа хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг гэх мэт хавтгайрсан халамжийг хэвээр олгох саналтай гишүүн олон бий. МАН-ынхан үнэмлэхүй олонх учраас Ерөнхий сайдынхаа оруулж ирсэн төсвийн тодотголыг яралзтал гар өргөөд батална гэж хүмүүс хүлээж байв.

Гэтэл тэгсэнгүй. Ерөнхий сайдын зоримог алхамд саад хийж эхэллээ. Төсвийн зардлыг танаж, хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь зоримог алхам мөн. Үүнийг өмнөх Ерөнхий сайдууд хийж зүрхлээгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт, хэн нэг нь хийх л ёстой ажил байлаа. Сонгогчдод ая тал засаж, хавтгайрсан халамжийг өөгшүүлсээр байвал улсын биш, халамжийн төсөв л болж хувирна.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлснээр 100 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Оюутанд тэтгэлэг олгохыг зогсоож, автобусны зардлынх нь 50 хувийг даадаг болсноор 40-50 тэрбум төгрөг улсад үлдэнэ. Ядаж халамжийг хавтгайруулахаа зогсоох хэрэгтэй. Манай улс ард иргэддээ 71 төрлийн халамж олгодог. Үүнийнх нь нэлээд хэсэг хавтгайрсан хэлбэртэй байдаг.

Халамж хавтгайрвал иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, ажил хийхийг биш, төрөөс хоол халбагадаж өгөхийг хүлээдэг болно. “Хүүхдийн 20 мянган төгрөг буучихаасай. Хичээлийн хэрэгслийг нь бэлтгээд өгчих юмсан” гэж бодож суугаа зүдүү амьдралтай өрх толгойлсон эмэгтэй ч бий. Үнэтэй машинаа өдөрт 20 мянган төгрөгийн шатахуунаар цэнэглэдэг чинээлэг хүмүүс ч байгаа. 20 мянган төгрөг амьжиргаанд нь нэмэр болдог өрхийн хүүхдүүдэд л үүнийг олгоё. Энэ бол зөв бодлого. Хөгжингүй орнууд ч зорилтот бүлгээ онилсон ийм халамжийн бодлого хэрэгжүүлдэг.

Ерөнхий сайдын хавтгайрсан халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх санаачилга бол цаг үеэ олсон зөв бодлого. Иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгачихна гэж болгоомжилж байгаа юм биш. Угаасаа эдийн засаг, санхүүгийн нөхцөл үүнийг шаардаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай төсвийн төлөвлөсөн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч байсан. Тэгэхээр нь манайхан тодотгол хийж, нэг их наяд төгрөгөөр танасаар ирсэн.

Эцэст нь сургууль, цэцэрлэгийн баригдаж дуусдаггүй байрны суурь олширлоо. Төсвийн өдий төдий хөрөнгө тэнд “үхмэл” хэлбэртэй хэвтэж байна. Арван сургуулийн барилга эхлүүлээд дуусгаж чадахгүй тарамдуулж байхаар хоёрыг нь барьчихсан бол иргэдэд үр ашгаа өгөх байв. Төсвийн бодлого үрэлгэн, сахилга батгүй байгаа гэдэгтэй хэн ч санал нийлнэ.

Төсвийн хөрөнгийг үргүй зарж буй жишээ олон бий. Архангай аймгийн нэгэн суманд УИХ-ын гишүүн Н.Батбаяр очжээ. Тэгээд сургуулийн дотуур байр барих хөрөнгө шийдэж өгье гэж. Мэдээж улсын төсвөөс гаргуулж таарна. Юу гэж хувиасаа мөнгө зарах билээ. Сургуулийн захирал “Манайх 1980 оны сүүлчээр барьсан, маш чанартай дотуур байртай. Харин сургуулийн байр их муудлаа. Сургууль бариад өгөөч” гэж учирлажээ. Гэтэл эрхэм гишүүн “Юм өгч байхад авахгүй гэдэг чам шиг хүн байна уу” гэж дориун дуугараад сургуулийн дотуур байр барих мөнгө шийднэ гээд арилж өгчээ.

Ингээд сургуулийн дотуур байрыг дөрвөн жилийн өмнө барьж эхэлсэн байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа гэнэ. Жил болгон мөнгө олгохоор тусгадаг ч төсвийн орлого тасрахаар хамгийн түрүүнд хөрөнгийг нь царцаачихдаг аж. Шалтгаан нь тун энгийн. “Танайх стандарт хангасан дотуур байртай учраас царцаалаа” гээд гүйцээ. Энэ мэтээр төсвийн хөрөнгө их хэмжээгээр тарамдаж байгаа нь дамжиггүй. Төсвийн зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх нь зайлшгүй хийх ажил гэдгийг дээрх жишээ харуулна.

Энэ жил манай улсын төсвийн орлого 5.2 их наяд төгрөг байна гэсэн тооцоог Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан. Сүүлийн 2-3 жилд манай улсын төсвийн орлого дээрх хэмжээнд л байлаа. Тэгэхээр орлоготойгоо дүйцүүлсэн төсөв батлаад явах нь зүйтэй. Яах вэ, 300-400 сая төгрөгийн алдагдалтай баталж болох юм. Тэгэхийн оронд Сангийн сайд асан Ч.Улааны хэлснээр “Төсөв тэмүүлэгч чанартай байх ёстой” гээд зардлыг нь хэдэн их наяд төгрөгөөр тэлээд байж болохгүй.

Сангийн яамныхан төсвийн зардал хэт өсөхөөр алдагдлыг нь бууруулахын тулд орлого талд нь худал зүйл бичдэг болсон. МИАТ-ийг хувьчлаад 150, Төрийн банкийг худалдаад 100 тэрбум төгрөгийн орлого олно гэж хийсвэрээр тусгадаг. Гэвч хувьчилдаггүй. Энэ зохиомол орлого нь төсвийн алдагдлыг улам тэлдэг.

Өнөө жил гэхэд төсвийн зардлыг 7.9 их наяд төгрөг байхаар баталсан. Харин орлого нь дээр дурдсанчлан 5.2 их наяд төгрөг. Ингэхээр 2.7 их наяд төгрөгийн алдагдал үүсэж байна. Төсвийн урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээс 200 орчим тэрбум төгрөг царцааж байгаа. Тэгэхээр төсвийг 500 тэрбум төгрөгөөр л танажээ. Алдагдалтайгаа харьцуулбал дахиад танамаар байгаа биз.

Зөвхөн гадаадаас зээл авснаар Засгийн газрын өр тэлээд байгаа юм биш. Дотоодод ч өндөр хүүтэй бонд гаргаж, өр тавьсаар ирсэн. Дотоодод гаргасан бонд бол зөвхөн төсвийн алдагдлыг нөхөх зорилготой байв. Тэмүүлэгч төсөв баталж, их хэмжээний алдагдал үүсгэсэн нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлснийг ойлгох хэрэгтэй. Иймээс төсвийг танахаас өөр аргагүй.

Шинэ Засгийн газар төсвийн зардлыг танахын сацуу орлого олох сувгийг нэмэх санал гаргаад байна. Тэр нь зарим төрлийн татварыг нэмэх санаачилга юм. Эдийн засагчид татвар нэмэх саналыг дэмжихгүй байгаа. Татвар нэмэх нь эдийн засгийн хүндрэлийг давах гарц биш гэж тэд дүгнэж буй юм. Ямар төрлийн татварыг нэмэх нь вэ гээд томруулдаг шилээр харвал тайвширч болохоор тоонууд харагдаж байна. Архи, тамхины онцгой албан татварыг нэмэх нь.

Архичин, тамхичин нөхдийн халааснаас мөнгө татах нь. Мөн авто машины импортын онцгой албан татварыг нэмэх санал гаргасан. Гэхдээ том мотортой, тансаг зэрэглэлийн, чинээлэг эрхмүүдийн унадаг машины татварыг нэмнэ. Хүн амын орлогын албан татварыг мөн нэмэх юм байна лээ. Бас л хязгаар тогтоожээ. 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай хүнээс илүү татвар авах нь. Үүнийг “МАН нийгмийн чинээлэг хэсэгт илүү ачаа үүрүүлэх зүүний чиглэлийн бодлогоо хэрэгжүүлж байна” гэж дүгнэлээ. Дахин дурдахад, төсвийнхөө сахилга батыг сайжруулахгүй бол амбан явж, гамбир хайрахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)