“ТАВТАЙ” морил

-Ам, ажил нь арай л хол зөрчихөв үү дээ-

Улаанбаатар маань дэлхийн стандартаар бол метрополис гэсэн “дэв” зэрэгтэй том хот болон хөгжиж буй. Нэг саяас хол давсан хүн амтай хотод байх ёстой үзвэр үйлчилгээ, дэлгүүр хоршоо, байшин барилга, зам тээвэр, автобус унаа гээд боломжийнхоо хэрээр бүтээж босгон, өнгө зассаар. Тэр хэрээр Монголын нийслэлд дэлхийд танигдсан брэндүүд бууриа засаж, олон улсад үнэлэгдсэн үйлчилгээний төв, дэлгүүрүүд үүдээ нээсэн.

Нэг үеэ бодвол бидний гадаад харилцаа өргөжин, нүд нээгдэж, хэрийн юм тоохооргүй болсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Энэ хэрээр монголчуудын хэрэглээний түвшин дээшилж, Улаанбаатар маань хорвоогийн хамгийн үнэтэй хотуудын “хормойноос зуурч” эхэлсэн. Ийнхүү урагшилж, төрх байдлаа тордон байгаа нийслэлд маань олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний нэгэн байгууллага үүдээ нээх талаар бараг жилийн өмнөөс л ярьж эхэлсэн.

Тэр бол БНСУ-ын алдарт “Имарт” (Emart) худалдааны төв юм. Өнгөрсөн долоо хоногоос хотын гудамж талбайгаар худалдаа, үйл ажиллагааныхаа сурталчилгааг тарааж, хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан хурал хийж, үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжийг дээд зэргээр мэдрүүлж, орчин үеийн, шинэлэг, ойлгомжтой, соёлтой үйлчилгээгээр “пологтуулна” хэмээж байлаа.

Хаанаас нь ч харсан сайхан байшин сав, орчин үеийн шийдэл, авто зогсоол, мах бэлтгэх цэг, хүүхдийн хэсэг гэхчилэн худалдаа, үйлчилгээний том газарт байх ёстой юм бүхнийг бүрдүүлснийг нь сонин, телевиз, сайт гээд манай хэвлэлийнхэн эрвийх дэрвийхээрээ уралдан магтсан. Үүний дүнд хүмүүсийн дунд хүлээлт үүсэж, “Имарт”- ынхны уриа болсон хямд үнэ, өндөр чанарыг мэдрэхээр тэсэн ядан нээхийг нь хүлээсэн. Ам дамжин ярьж, ах, дүү, аав, ээжийгээ дагуулаад энэ өдөр “Имарт Чингис” нэртэй гоё дэлгүүрийн гадаа ирцгээв.

Нээлтийн үйл ажиллагаа сайхан болсоон, ярих юмгүй. Дуутай хууртай, цамтай, бөмбөлөгтэй, хурсан олонтой, бас хүндэт зочидтой гээд өөлөх зүйлгүй. Хотын дарга маань хүртэл биеэр морилсон энэ ёслолын дүр зургийг орчин үеийн дэвшилт техникээр агаараас дүрсжүүлэн авч, том дэлгэцээр шууд харуулж байсныг ч бас дурдах хэрэгтэй. Энэ бүхнийг зарим хүн жаахан сүржин гэж тодорхойлсон бол олонх ам сайтай байв.

За, ингээд хамгийн гоё мөч ирлээ. Улаан тууз хайчлаад, үйлчлүүлэгчдийг дотогш урив. Ганц хаалгаар нэвтрүүлснээс болсон уу, хүмүүсийн яарсан сэтгэлийнх нь үү, ямартай ч цугласан олон жаахан шахалдаж, түлхэлдэж, өлмий дээрээ гишгэлцээд өнөөх гоё дэлгүүр рүү орж явчихав.

Гадаах талбайд бол багширч харагдахгүй байсан хүмүүс дотор харин багталцаж ядан, бараа бүтээгдэхүүн үзэх нь битгий хэл, зөрөлдөж, урагшлах гэж бөөн асуудалтай тулгарлаа. Дэлгүүрийн том тэргэнцэр түрсэн хүмүүс бүр түгжрэл үүсгэж, жижиг сагс барьсан нь толгой дээрээ өргөж яваа харагдана. Энэ бол дэлхийн том дэлгүүрүүдэд нүд бүлтийлгэсэн зад хямдралын үеэр байдаг л дүр зураг. Ерөнхийлөөд, товчхон хэлбэл, нэлээд бужигнасан иймэрхүү байдлын хажуугаар хүмүүсийн бухимдал багагүй байсныг онцолъё.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЮУНД БУХИМДАВ

Монгол дахь “Имарт”-аас хүмүүс хямд, бүр өөрсдийнх нь бичээд тавьчихсан шиг “цочир үнэ”-ийг бодитоор мэдрэхийг хүссэн. Сурталчилгааныхаа хуудас дээр дурайлгасан үнээр нь Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн авна гэж зорьж очсон. Гэтэл газар дээрээ жаахан өөр байсан нь хүмүүсийн сэтгэлийг гонсойлгов. Тухайлбал, 6800 төгрөгөөр зарна гэж сурталчилж байсан шүхрийн үнэ 13.800 төгрөг байх жишээтэй.

Мөн үнийн шошго хадаагүй бараа цөөнгүй байсан нь хүмүүсийг бухимдуулсан. Барааных нь үнийг асуухаар “Уучлаарай, одоохон мэдээд хэлье” гэчихээд эргэж, ирээд хариу мэдэгдэхгүй, хүмүүсийг дэмий хүлээлгэж ч байхтай таарсан. Зарим нэг нь хүлээж дийлэлгүй бараагаа бариад кассан дээр очоод “хад” мөргөв. Кассчин бүсгүй “Үнийн код тодорхойгүй тул та дараа ирж авна уу” хэмээн эелдгээр “даажигнах” нь тэр.

Өөр нэг зүйл гэвэл, сурталчилгааны хуудсанд заасан нэр бүхий хямд бараануудаас авна гэж очсон хүмүүс “Уучлаарай, дуусчихсан” гэдэг үг сонсоод “Нээгээд 10 минут л болж байхад дуусчихдаг бараатай газар юм бол сүр бадруулах хэрэг байсан уу” гэсэн шүүмжлэл хэлж байлаа.

Энэ хамт олон дотоод радио шугамаараа “Та бүхэнд шинэлэг...үйлчилгээг мэдрүүлнэ” хэмээн байн байн зарлаж байсан. Миний хувьд тийм гайхаад, шагшаад байх шинэ содон зүйл олж хараагүй. Чухам юуг шинэлэг хэмээн тодорхойлсон нь ойлгомжгүй.

Магадгүй, тэнд очсон олон хүн яг Солонгос дахь “Имарт”-ынх шиг, бүр тодруулбал, Монголдоо тэр бүр авч чадахгүй далайн бүтээгдэхүүн, яг Чежүгийнх нь жүрж, ногоог, олон янзын гоймонгуудыг нь авахыг хүссэн нь лавтай. Нэгэнт БНСУ-ын хэмээх тодотголтой том төв учраас чухамхүү тэр л улсын дэлгүүрээс авч болохыг эндээс адилхан хэрэглэхийг хүссэн.

Гэвч тийм байсангүй. Улаанбаатарын аль ч худалдааны төв, дэлгүүрт байдаг л бараа, бүтээгдэхүүн тэнд өрөөстэй харагдсан. “Бөмбөгөр”-ийн лангуун дээрх гоймон, чихэр, “Номин”-д зардаг цахилгаан бараа, хувцас, гутал... Ийм байтал “Имарт Чингис” бусдаас “шинэлэг” гэж юуг хэлээд байгааг ойлгоогүй. Газар дээр нь буюу Сөүлд “Имарт” ямар байдгийг олон жил мэдэрсэн хэсэг хүн “Бөөн сүр болоод л байсан чинь олон үндэстний зах л юм байна” гэж инээлдэхийг харлаа.

Монголчууд БНСУ-д зорчих нь олширсон. Бараг айл бүрээс нэг хүн тэнд ажиллаж, сурдаг байсан үе ч бий. Энэ утгаараа Сөүлийг, солонгос бараа, бүтээгдэхүүнийг гарын таван хуруу шигээ мэддэг болсон гэчихвэл хилсдэхгүй болов уу. Тийм ч учраас Монголд “Имарт” нээгдэнэ гэхээр тэндхийнхээр нь төсөөлөн, хөл хөөрцөг болсон биз ээ.

“Их санасан газарт есөн шөнө хоосон хонов” гэдэгчлэн иймэрхүү дүр зурагтай нээлтийн өдрийн үдээс хойш буюу гуравхан цаг ч ажиллаагүй байж өнөөх дэлгүүр үүдээ барьчихлаа. “Ачааллын улмаас техникийн саатал гарсан” гэж тайлбарлаад ч нэмэр алга, хоосон хаалга мөргөсөн хүмүүсийн бухимдал ёстой л гаарлаа. Бас болоогүй ээ, тэр хэсгийн замд “хөөрхөн” түгжрэл үүсэж, цагдаа нар зохицуулж байв.

Манай урдаа барьдаг хөтлөгч С.Чимгээ тууз хайчлах үеэр “Имарт Чингис бол улаанбаатарчуудын бахархал, монголчуудын бахархал” гэж ирээд л инээд, эгдүү хүргэж, сүржигнэн, цугласан олноор гурав хүртэл тоолуулан байж нээсэн хайпермаркетын хэдхэн цагийн дүр зураг ийм байлаа.

Эхэлж байгаа ажлыг бид үгүйсгэх гэсэнгүй. Гурван жилийн хичээл зүтгэлээрээ ийм сайхан газар босгосон хамт олонд алга таших ёстой. Бас алсдаа Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг БНСУ-ын зах зээлд гаргана гэсэнд нь, 1500 ажлын байр шинээр бий болгож буйд нь талархах учиртай.

Хэдий тийм ч нээлтийн өдөр байдал ийм байсан нь үнэн. Олон түмэнд амласан сэтгэл ханамж, хямд үнээ мэдрүүлээгүй нь ч үнэн. “Ам алдвал барьж болохгүй” гэдэг. Тэгэхээр “Имарт”-ын ажил амлалтаасаа зөрчихөв үү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)