Соёл урлагийн томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулна

Нийслэлиийн ИТХ-ын 2014 оны 19/24  дугаар тогтоолоор  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна.  Харин 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг Хотын захиргаа, нийслэлийн Соёл урлагийн газар, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Үүний дагуу энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд “Гэгээн Муза-12” драмын урлагийн наадмыг “Гэгээн муза” академитай, долдугаар сарын 5-ны өдөр “Их талын жазз” олон улсын наадмыг “Их талын жазз” ТББ-тай, долдугаар сарын 12-ны өдөр “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг “Монгол Микс Прожект” ХХК-тай тус тус хамтран зохион байгуулахаар гэрээ байгууллаа.

Мөн зургадугаар сард “Play time” амьд хөгжмийн наадам, “Венийн үдэш” цэнгүүн, “Юби дэнс фистиваль” чөлөөт бүжгийн үдшийг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)