Нэр дэвшигчдийн ӨНГӨ

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс тодров. Уг ажиллагаа нэлээд паянтай болж өнгөрлөө. Энэ сарын 30-ны дотор намууд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлж, тэд бүртгэх, эсэхийг ирэх сарын 6-ны дотор шийднэ. УИХ-д олон жил сонгогдсон Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал нарын улстөрч энэ удаа нэр дэвшсэнгүй. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга болохоор хөөцөлдөөд бүтээгүй Р.Гончигдорж, нэг ч өнжиж байгаагүй гишүүн Д.Лүндээжанцан нарын эрч хүч дуусаагүй гэж нам нь үзжээ. Хуучирсан улстөрчид зайгаа тавихтай зэрэгцээд төрийн ажлын өчүүхэн ч туршлагагүй, цөөнгүй “жулдрай” нэр дэвшиж байна. Тэдний эгнээг дуучин, жүжигчин, бөхчүүд, яруу найрагчид “чимнэ”. Ер нь урьд нь байгаагүй өвөрмөц нэр дэвшигчидтэй, “үзүүштэй” сонгууль болох төлөвтэй болоод ирлээ шүү.

ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Ялангуяа Ардчилсан намын ҮЗХ гэнэтийн бэлгээр дүүрэн хуралдав. Аймаг, дүүргийн намын хороодоос нэр дэвшүүлсэн эрхмүүдээс зарим нь ҮЗХ-ны хурлын үеэр хасагдаж, оронд нь өөр хүмүүс оруулж ирлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрханы АН-ын хорооноосоо дэмжлэг авч чадаагүй. Гэвч түүнийг ҮЗХ-ны хурлаар “чихэж” орхив. Уг дүүрэг зургаан мандаттай, түүнийг нэр дэвшүүлэхийн тулд Кёкүшюзан Д.Батбаярыг “жийв”.

Үнэндээ сонгогчдын хувьд бол тэр харамсах хүн биш. Харин Орхон аймагт нэр дэвшихээр олон сарын өмнөөс ярьсан УИХ-ын гишүүн М.Батчимэг шахаанд өртөн нэрээ татсанд л цөөнгүй хүн харуусаж байлаа. Арай тулхтай, боловсролтой улстөрч учраас тэр. Эрхэм гишүүн ч намын эв эеэ хичээсэн, шахаанд орсон гэдгээ гомдонгуй ярьж суусан юм. Тэгвэл гишүүн Р.Амаржаргал нэрээ татаж, өөрийнхөө оронд Сүхбаатар дүүрэгт нэр дэвших боломж түүнд олголоо.

Жинхэнэ гайхашруулсан нэр дэвшигч бол “сунгааны” үеэр ч, ер нь дуулдаж, яригдаж байгаагүй хоёр бүсгүй. Сэлэнгэ аймгаас Л.Цандэлэгийг хасаад оронд нь дуучин Г.Эрдэнэтунгалагийг оруулаад баталчих нь тэр. Нүд бүлтийв. Тэр гарцаагүй сайн дуучин, хүндлэл хүлээсэн эмэгтэй. Гэвч улстөрч биш. Удаах нь Х.Баянмөнх аваргын охин Сүрэнжав. Тэрбээр Увс аймагт өрсөлдөх бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай учраа таарчээ. Бөх мэдэхээс улс төр гадарлах болов уу даа, энэ бүсгүй. Сонгуулийн хуулиар бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгосон. Үүнийг гүйцээх чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч бүсгүй АН-д цөөхөн байсан гэж үү. 2012 онд лав ийм “цочир” сонголтыг энэ нам хийж байгаагүй. Харин энэ удаа жинхэнэ гайхашруулах нь тэр. Мөн Хөдөлмөрийн баатар, олимпын хошой медальт Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт нэр дэвших болсон нь нэг хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Олондоо хүндлэгдсэн аваргаа монголчууд сонгох л байх, гэвч улс төрийн туршлага түүнд мөн л үгүй.

МАН-ынхан бас яаж дутах вэ. Яруу найрагч Г.Мөнхцэцэг, хөтлөгч П.Анужин зэрэг бүсгүйг сойжээ. Яруу найрагч бүсгүй Говьсүмбэрээс эрчүүдтэй өрсөлдөх бол хөтлөгч эмэгтэй Баянзүрхэд Д.Арвин эгчтэйгээ тулах нь. Энэ намын бас нэг өвөрмөц сонголт бол аварга А.Сүхбат. Уг нь тэр өмнөх сонгуулиар АН-ын хүн болсон, тэгснээ хэдэн сарын өмнө гарсан. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байлаа. Гэтэл гэнэт л МАН-аас Төв аймагт нэр дэвшихээр болчих нь тэр. Хүссэнээрээ “зугаалах” юм. Гэвч хувь хүний эрх л юм даа.

УИХ-ын сонгуульд оролцож буй гурван эвслийн нэг нь Тусгаар тогтнол, эв нэгдэл. Уг эвсэл УИХ-д 46 хүн сойсны дотор Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар багтжээ. Тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн байна. Мөн Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар уг эвслээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт МАХН-ын Ж.Сүхбаатар, АН-ын М.Сономпил нартай өрсөлдөх аж. Түүнчлэн паралимпын аварга Д.Баатаржав Сэлэнгэд нэр дэвшжээ.

2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, бүрэн эрхээ дуусах дөхөхөд Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, даруй дарга нь болсон ч “хөөгдсөн” эрхэм бол С.Ганбаатар. Түүнийг Г.Уянгын эвсэлд орно, эсвэл АН-д элсэнэ гэх мэт яриа гарсан ч “Огт өөр нам сонгоно” гэж байсан юм. Тэгвэл тэр өөр сонголт хийж, Эх орончдын нэгдсэн болон Хамуг Монгол хөдөлмөрийн намын Эх орончдын эвслээс Дархан-Уул аймагтаа нэр дэвшихээр болжээ.

Мөн ялтай байдлынх нь хугацаа дуусаагүй, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжгүй ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, “улаан хамгаалагч” З.Баянсэлэнгийнхээ хамт Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр нэрээ зоосон байна. Тэрбээр сонгогдох эрхийнхээ төлөө Тусгаар тогтнолын талбайд бусад 75 нэр дэвшигчтэйгээ хамт өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Мөн Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна.

“ДҮРВЭГСЭД” ЯАСАН БЭ

МҮАН, ИЗНН энэ сонгуулиар АН-ыг дэмжихээр болсон. Улмаар МҮАН-аас М.Сономпил, Н.Батцэрэг, ИЗНН-аас Р.Булгамаа, Ч.Базар, С.Дэмбэрэл нар энэ намын нэрээр УИХ-д өрсөлдөнө хэмээн гишүүнээр нь элсэв. Мэдээж тойргоо тохирч, яриа хөөрөө хийсэн байлаа. Гэтэл Өвөрхангайн АН-ын хороо “дүрвэгч” Н.Батцэрэгийг дэвшүүлсэнгүй. Нэгэнт дарга нарын түвшинд тохиролцсон учраас З.Энхболд ҮЗХ-ны хурлаар Н.Батцэрэгийг багтааж чаджээ. М.Сономпилийн хувьд Дархан-Уулын хорооноос гараад ирсэн байсан юм. Ингээд МҮАН-ынхан уйлах хэрэггүй боллоо. Тэгвэл ИЗНН-д анх таван квот өгөхөөр тохирсон гэж байсан ч сүүлдээ өнөөх нь хумигдсаар “Хоёр эмэгтэйгээ, эсвэл нэг эрэгтэй хүн дэвшүүл” гэсэн шаардлага болж хувирсан сурагтай. Ч.Базар, С.Дэмбэрэл нар Чингэлтэй дүүрэгт, Р.Булгамаа Баянзүрхэд гэж тохирсон байжээ. Гэвч ҮЗХ-ны хурлын үеэр Ч.Базар хасагдаж орхижээ. Иймэрхүү юм болж болзошгүй байсан учраас ИЗНН-ынхан сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болов уу. Тус намаас АН-ын нэрээр дэвших таван квотод багтаж байсан генсек Б.Хүдэр-Ян харин Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс өрсөлдөхөөр болсон байх юм. Сонирхуулахад, уг сонгуульд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү, охин хоёр өөр өөр намаас өрсөлдөж байна. Б.Хүдэр-Ян Хэнтийд, Б.Энхбайгаль АН-аас Төв аймагт нэр дэвшиж буй юм билээ.

ХАМГИЙН ӨРСӨЛДӨӨНТЭЙ ТОЙРОГ

Үе үеийн сонгуульд нийслэлийн тойргууд илүү олон нэр дэвшигчтэй, тэр хэрээрээ өрсөлдөөнтэй байдаг. Олон өрсөлдөгч байхын хэрээр санал хуваагдах ч гол өрсөлдөөн АН, МАН-ын хооронд өрнөх болов уу. Энэ удаа оноолт зарим тойрогт нэлээд хүндхэн таарчээ. Өөрөөр хэлбэл, хүч тэнцүү, чадварлаг улстөрчид хоорондоо тулсан тойрог хэд хэд байна. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэгт УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболд, МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан нар нэг тойрогт таарчээ.

Үргэлжлэлийг уншина уу


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)