НОГООН ХОТЫН ЭРЭЛД: Бурхны бэлэг

Хүн төрөлхтөнд манай бөмбөрцөг шиг дахиад хоёр цэнхэр гариг хэрэгтэй болох нь. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны хомсдол, хог хаягдал, хүрээлэн буй орчны доройтол гээд дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй, энэ хэвээрээ яваад байвал хоёр, гурав дахь дэлхийг хаа нэгтээгээс хайж “олох” ёстой гэсэн үг.

Хөгжлөөрөө тэргүүлж яваа Зүүн хойд Азийн орнууд өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн 32 хувийг “үйлдвэрлэж” буй. Тэр дунд Улаанбаатар хот утаагаараа нэрмээс болоод суугаад байхгүйн тулд яах ёстой вэ.

Хожимдохоосоо өмнө “гэмээ” ухаарсан Зүүн хойд Азийн хотууд одоо ногоон өсөлт, ногоон эдийн засаг, ногоон дэд бүтэц, ногоон ажлын байр, ногоон амьдралын хэв маяг гэсэн хөгжлийн шинэ концепц гаргаж ирээд түүндээ хүрэхийн тулд чармайж байна.

Тэгвэл гурван сая хүнтэй Монгол Улс, түүний бараг тал нь амьдардаг Улаанбаатар хот энэхүү ногоон хөгжилд ямар үүрэг, оролцоотой байх бол. Бидэнд ямар боломж байна вэ.

Агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, эрчим хүч, дэд бүтцийн асуудлаа хэрхэн шийдсэнээр нь ногоон хотын имижийг тодорхойлдог.

Тэгэхээр нийслэлийн удирдлагуудын яриад байгаа шиг Улаанбаатар маань 2030 он гэхэд ногоон хот болж үнэхээр чадах уу, эсвэл бид сэрүүн зүүдлээд байна уу гэсэн асуултад хариу олохыг зорилоо.

Цуврал нийтлэлээ бид агаарын бохирдол гэсэн сэдвээр эхлүүлсэн бол энэ удаа эрчим хүчний салбарыг онцоллоо. Учир нь энэ хоёрыг аль алинаас нь салгаж ойлгох боломжгүй юм.

Монгол Улс эрчим хүчний арвин их нөөцтэй. Гагцхүү бид дундардаг баялгаа ашиглаж буй болохоос ундардаг нөөц буюу сэргээгдэх эх үүсвэрээс тун бага хэмжээний эрчим хүч гарган авдаг. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 980 орчим мВт.

Үүний найман хувийг л сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч байгаа юм. Тэгвэл 2020 он гэхэд үйлдвэрлэх эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авахаар, цаашилбал 2030 он гэхэд дээрх тоог 30 хувьд хүргэхээр зорьж буй.

Энэ “мөрөөдлийн” тоонд хүрэх боломж бий юү? “Nikkei Asian Review”-д Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж тэмдэглэснийг үзвэл боломжтой ч юм шиг. Сэргээгдэх эрчим хүч гарган авахад нэг литр ус, нэг кг нүүрс хэрэглэхгүй цэвэр гэдгээрээ онцлог.

Манай сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 13.000 тераватт.ц/жил (нэг тераватт нь нэг их наяд ватт гэсэн үг) гэж тооцдог. Түүний дийлэнх буюу 7000 нь салхи, 5000 орчим нь нарных гэж үздэг байна.

Боломж

ШАВХАГДАШГҮЙ НӨӨЦ

Монголын говийн бүс нутаг дахь салхины нөөцийг ашиглан үйлдвэрлэх жилийн эрчим хүчний хэмжээ урд хөршийн жилийн хэрэглээтэй тэнцүү, бас нарны нөөц нь Сахаарын цөлийн дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордгийг олон улсын мэргэжлийн байгууллагууд тогтоосон.

Зөвхөн Өмнөговь аймгийн салхины нөөц 300.000 мВт гэсэн тойм судалгаа бий. Манайд салхи болон нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх боломжтой газар нутгийн хэмжээ 400.000 ам км гэдэг.

Шавхагдашгүй нөөцөө ашиглан эрчим хүч гарган авч, бүр экспортлох боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ бол хүссэний зоргоор заяагаад байдаггүй бурхны бэлэг.

Төв аймгийн Сэргэлэн суманд “Клин Энержи” компани “Салхит” салхин цахилгаан станцыг 2013 онд ашиглалтад оруулсан нь сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болсон. Уг станцыг ашиглалтад оруулснаар жилд 122.000 тонн нүүрс түлэхээс татгалзаж, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэн, хүлэмжийн хийн ялгарлыг 180.000 тонноор бууруулах ач холбогдолтой.

Тэгвэл компаниуд салхин цахилгаан станцын тав, нарны станцын дөрвөн ч төсөл хэрэгжүүлэхээр тусгай зөвшөөрөл аваад буй. Дээрх станцуудыг барьснаар аварга сэнснүүд исгэрэх салхинаас даруй 500 гаруй мВт эрчим хүч үйлдвэрлэх учиртай.

ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Зөв бодлого, төлөвлөлт, менежменттэй хөдөлбөл сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэх боломжтой.

“100.000 нарны гэр” төсөл хэрэгжсэнээр малчин өрхийн бараг 70 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ хангадаг болсон. Сумд ч бага оврын нар, салхины станцуудтай болж байгаа” хэмээсэн.

“Клин Энержи Ази” компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар импортын цахилгааныг жилд 10 гаруй хувиар бууруулах тооцоо ч бий.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд салхин цахилгаан станцад үйлдвэрлэсэн нэг кВт/цаг эрчим хүчийг 9.5, нарныхыг 15-18, усныхыг 0.05 центээр худалдаж авахаар тусгасан нь хөрөнгө оруулагчдыг татахад боломжийн дүн аж.

Сорилт

НҮҮРС ҮҮ, САЛХИ УУ

“Салхит”-ын цахилгаан станцаас нэг кВт/ цаг эрчим хүч худалдан авах үнэ импортынхтой ойролцоог зарим мэргэжилтэн шүүмжилдэг. Өдгөө манай улс ард иргэдийнхээ татварын мөнгөөр их хэмжээний татаас өгч байж хэрэглэгчдэд эрчим хүчийг хямд үнээр хүргэж буй.

Үнэндээ татаас олгодоггүй бол нүүрснээс гарган авч буй нэг кВт/ цаг эрчим хүчийг 200-300 төгрөгөөр зарах ёстой. Гэтэл татаасаар үнийг нь “дараад” хэрэглэгчдэд 100 төгрөгөөр зардаг. Харин “Салхит”-д үйлдвэрлэсэн нэг кВт/цаг эрчим хүчийг 9.5 цент буюу 180 орчим төгрөгөөр худалдан авч буй.

Нүүрснээс болон сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах эрчим хүчний өртөг бараг ижил гэдэг нь эндээс харагдана. Гагцхүү манайд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтворгүй учраас тохируулгын буюу усан цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй аж.

Бидний хэрэглээ шөнө огцом буурдаг. Иймд “Салхит”-аас нийлүүлэх эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байгааг салбарын яамныхан хэлж байв. Тэндээс шөнө эрчим хүч авбал нэг кВт/цагийг нь есөн центээр худалдаж аваад, ОХУ-д заръя гэхээр авдаггүй гэнэ.

Манайхныг яах ч аргагүй гэдгийг сайн мэдэх орос ах нар “Хоёр центээр өгвөл өг” гэж чангалдаг байна.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

Хэдийгээр Монголыг нарлаг орон гэж хэлж болох ч “Санко соолар Монголиа” компанийн захирал С.Хүрэлбаатарын хэлснээр дотоодын худалдан авагчид нь ердөө малчид гэнэ. Уг нь тэд малчдад зориулан зөөж тээвэрлэхэд хялбар, хямд өртөгтэй, бага хэмжээний буюу 75 ваттын хүчин чадалтай нарны зай үйлдвэрлэж буй.

Хэрэв хөргөгч гэх мэт цахилгаан хэрэгсэл ашиглахгүй бол малчин өрхийн өдрийн хэрэглээг 100 ваттын нарны зай ашиглан хангаж болох аж.

Тэрбээр “Сэргээгдэх эх үүсвэрээр эрэлтээ хангахаар “Витафит”, АПУ, “Номин холдинг” зэрэг компани сонирхсон ч анхны хөрөнгө оруулалт өндөр учраас больсон. Ногоон эрчим хүчээр хэрэглээгээ хангавал аж ахуйн нэгжүүдийг урамшуулж, хөнгөлөлт үзүүлбэл хөшүүрэг болно” гэлээ.

Урд хөршид үйлдвэрлэсэн нарны зайг (чанар арай доогуур) татваргүй импортолдог бол Японоос түүхий эд авахдаа татвар төлдгөө тэрбээр учирлав.

Тус компанийнхан 2011 оноос хойш арлын оронд 13 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд технологийн хөгжлөөр гайхуулдаг япончууд түүнийг нь нарны цахилгаан станц барихдаа ашиглаж байна. Гэтэл манайхан болохоор дотоодын үйлдвэрлэгчдээ тоож анзаардаггүй.

“Малчин” компани өнгөрсөн зунаас эхлээд 22-ын товчооны тэндэх салбар дэлгүүрээ сэргээгдэх эрчим хүчээр хангаж буй. Тэд дээвэр дээрээ нарны зай хураагуур байрлуулж 15, салхин сэнснээс дөрвөн кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа аж.

Ирэх онд нарнаас 160, салхинаас 14 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэснээр цахилгаан, дулаанаа өөрсдөө үйлдвэрлэж, илүүг нь улсад өгөх гэнэ. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Билгүүн “Манайд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төрийн бодлого үгүйлэгддэг.

Тухайлбал, бидний хувьд сэргээгдэх эрчим хүч гаргаж авахын тулд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Гадаадын орнуудад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн илүүдэл эрчим хүчийг төр нь худалдаж авдаг. Гэхдээ өгдөг үнээсээ илүү өртгөөр тооцож авдаг.

Эрчим хүч өгсөн, авснаа тооцдог хоёр талт тоолуур ч бий. Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх зэргээр бодлогын түвшинд дэмждэг.

Гэтэл манайд ийм хууль, эрх зүйн орчин байхгүй” хэмээсэн. “Малчин” компани өнгөрсөн зун шинээр нэвтрүүлсэн техник технологийн зардлаа 12 жилийн дараа нөхөх гэнэ.

“Newcom”-ийн охин компани “Клин Энержи”-тэй цахилгаан худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1300 төгрөг байсан ч зургаан сарын дотор 1800-2000 болж өссөн нь асуудал үүсгэж, зөрүү мөнгийг олох шаардлагатай болж байсан нь яах аргагүй сорилт мөн.

Тэндээс өндөр үнээр авдаг байсан эрчим хүчний зөрүүг ДЦС-ууд нуруундаа үүрдэг байсан. Одоо бол айл өрх бүрийн нэг кВт/цаг эрчим хүчний төлбөр дээр дөрөв, баруун бүсэд найман төгрөг нэмж авах болсон тул төлбөрийн хувьд ямар нэгэн асуудалгүй болжээ.

Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлоготой холбоотойг хэрэглэгчид ойлгох биз ээ.

Улс орнууд, томоохон хотууд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авахад ихээхэн анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний асар их хэрэглээтэй Японы олон сая өрх эрчим хүчний үйлдвэрлэгч болж, дээвэр дээрээ нарны зайн дэлгэц байрлуулан, үйлдвэрлэснээ улсдаа худалддагийг энд дурдаж болно.

Тэдгээр өрхөд төрөөс нь хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд зургаан жилийн дараа гэхэд цэвэр ашиг олно гэх тооцоо гарсан байна лээ. Хот бол эрчим хүчний асар том хэрэглэгч. Сөүл хотынхон 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 10 хувиар нэмэх зорилт тавьжээ.

Эрчим хүчний найдвартай, хэмнэлттэй, бас үр ашигтай технологи нэвтрүүлснээрээ Амстердам хот дэлхийд үлгэр жишээ гэгддэг. Тэд технологи үйлдвэрлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран орон сууц, олон нийтийн газар, үйлдвэр, худалдааны барилгууд болон зам тээврийн салбарт эрчим хүчний хэмнэлттэй аргыг туршиж, нэвтрүүлж чаджээ.

Түүнчлэн 2007 онд Лондон хотын мээр захирамж гарган, 2025 он гэхэд эрчим хүчнийхээ дөрөвний нэгийг төвлөрөөгүй эх үүсвэрээр шийдэх зорилт тавьсан нь хэдийнэ үр ашигтай зарцуулалтын үлгэр жишээ болоод буй аж.

Сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлж, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахын тулд нийгэм олон нийтэд бодит мэдээлэл өгч, иргэдийн уламжлалт хандлагыг өөрчлөх шаардлагатай гэсэн алтан зарчмыг тэд ягштал баримталсан учраас өдгөө англичууд улс даяараа дээрх хөтөлбөрийг дэмжин оролцож байгаа гэнэ.

Гарц

“МОНГОЛ ДЭЭВЭР” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ

Эрчим хүчийг үйлдвэрлэсэн л бол ашиглах ёстой, хадгалах боломжгүй. Нарнаас эрчим хүч гарган авлаа гэхэд өглөөнөөс орой хүртэл (нар гарах үед) л үйлдвэрлэнэ. Гэтэл айл өрхүүдийн хэрэглээ эсрэгээрээ 18.00-23.00 цагийн хооронд ихээхэн нэмэгддэг.

Тэгвэл сумд, багуудад бага оврын буюу 40-150 кВт-ын хүчин чадалтай, батерейгаар эрчим хүч нөөцөлдөг технологийг шинээр нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж буйгаа М.Ангараг дарга ярьсан. Тэрбээр “Батерей саяхныг хүртэл асар үнэтэй, бас байгаль орчныг ихээхэн бохирдуулдаг байсан.

Харин одоо шинэ технологийн ачаар батерей үйлдвэрлэхдээ давстай ус хэрэглэдэг болж байгаа. Үнийн хувьд ч хямдарч эхэлсэн. Тиймээс үүнийг ашиглаж эхэлбэл бие даасан жижиг системүүдийг бий болгох боломжтой” гэв.

1990 оноос хойш нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх өртөг 10 дахин буурсан тооцоо гарсан байна.

Хорооны хэрэглээг хангахад гэхэд 300 кВт/ цаг хүчин чадал хэрэгтэй тул 500 кВт/цаг хүртэлх бие даасан бага оврын сүлжээнүүдийг бий болгох боломжтой аж. Эрчим хүчний системд холбох бага оврын сэргээгдэх эх үүсвэрүүдийн судалгааг хийн, өнгөрсөн онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Хэрэв боломжтой гэж үзвэл “Монгол дээвэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улмаар албан байгууллагуудын дээвэр дээр нарны зайн дэлгэц суурилуулан, эрчим хүчний хэмнэлттэй бодлого баримтлах гэнэ.

Хэрэв бие даасан бага оврын сүлжээнүүдтэй болбол Улаанбаатарын утааг бууруулж, ногоон хөгжил хөрсөн дээр буух нь дамжиггүй. Айл өрхүүд бие даасан сүлжээгээр цахилгаанаа хангах боломж бүрдвэл нүүрс түлэхгүйгээр дулаанаа хангах боломжтой. Энэ ямар утгатай болохыг Улаанбаатарынхан хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Үүнээс гадна усан цэнэгт цахилгаан станц барих боломжийн талаар судалж буй аж. “Морьт импекс” компанийнхан 100 мВт-ын хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц баривал Улаанбаатарын саарал усыг цэвэршүүлээд, дахин ашиглаж, эрчим хүч гарган авахаар төлөвлөж буй юм байна.

Уг төсөл хэрэгжвэл бохир ус, эрчим хүчний асуудлаа шийдэн, нэг сумаар хоёр туулай буудах нь. Гэхдээ одоогоор цаасан дээрх төлөвлөгөө төдий байгаа учраас найдаж баярлахад эрт байна.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотын 10 хорооны Засаг даргын байрыг сэргээгдэх эрчим хүчээр халаах туршилт хийсэн нь үр дүнгээ өгснийг эс тооцвол манай хотынхонд хамаарах ажил, энэ талын судалгаа нэн ховор, эндхийн хүн амд чиглэсэн төсөл хөтөлбөр ч маруухан юм билээ.

“Азийн эрчмийн супер сүлжээ”, “Говьтек” төслийн санаачилга гараад багагүй хугацаа өнгөрснийг эцэст нь дурдъя. Уг санаачилгын үндсэн зарчим нь Монголын говьд нар болон салхины өндөр хүчин чадал бүхий цахилгаан станцууд барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ БНХАУ, Япон, БНСУ-д экспортлоход чиглэх юм.

Тодруулбал, Монгол, ОХУ нь өөрийн нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэн дээрх гурван импортлогч улсад борлуулах боломж бүрдэх учиртай. Азид төдийгүй дэлхийд дээгүүрт орох эдийн засагтай дээрх улсуудын эрчим хүчний хэрэглээ цаашид нэмэгдэх нь тодорхой.

“Говьтек”-ийн хүрээнд тус бүр нь 50 гВт-ын хүчин чадалтай нарны болон салхин цахилгаан станц байгуулах боломжтой гэж тооцсон байдаг. Тус төслөөс хамгийн их ашиг хүртэх улс нь Монгол гэдгийг судалгааны багийнхан тайландаа дурдсан.

Үргэлж бусдаас царайчилж суух бус сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглавал хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд тустай. Бас түүнийгээ нэмүү өртөг шингээн гадаадынханд худалдаж чадвал эдийн засагт ашигтай нь мэдээж.

Ц.БОЛОРМАА, Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)