Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах сургалт болно

Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн онц ноцтой хэргүүд  ар араасаа гарч  байна. Энэ хэрээр  хуулийн  байгууллагын ажилтнуудыг сургах, хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандах, нийгмийн бүхий л салбартай хамтран ажиллаж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чадамжтай болгох үүднээс шүүгч, прокурор, өмгөөлөгчид зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ. “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу  үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч- багш бэлдэх дөрвөн  өдрийн сургалт  энэ сарын сарын 26-29- ний өдрүүдэд Хуульзүйн үндэсний хүрээлэнд болох гэж байна. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн Институт хамтран  зохион  байгуулж байгаа аж.

Сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар болон хүүхдийн байгууллагын ажилтнууд зэрэг 30 хүнийг үндэсний сургагч-багшаар бэлтгэх юм байна.  НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтаар Тайланд улсад  шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаагийн албаны  дөрвөн  хуульч  бэлтгэгдэж ирсэн  аж. Уг сургагч багш нарын бүрэлдэхүүнийг   Хувь Хүний Хөгжлийн Институтийн захирал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров ахалж  байна. Харин бүрэлдэхүүнд Дүүргийн  нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Зориг, ЦЕГ-ын дэд хурандаа Б.Арсланхуяг, Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Алдархишиг нар багтаж байгаа юм байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бинес, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Э.Батбаяр нар оролцох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)