Мянгат малчид “10000 ажлын байр” хөтөлбөр санаачилжээ

Ажлын байр хомс, улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ цаг үед Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин М.Гомбо-Очир “10000 ажлын байр” хэмээх нэгэн чухал хөтөлбөр санаачилжээ. Уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч “Алтан гар” хөдөлмөрийн биржийнхэн гэр бүлээрээ хөдөө гарч, мал маллах сонирхолтой иргэдийг бүртгэж эхэлсэн аж.

3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах иргэдтэй гурван талт гэрээ байгуулах бөгөөд цалин тогтмол, хоол хүнсний хангамж үнэгүйн дээр гэрээний хугацаа дуусахаар 100-200 богоор малжуулах гэнэ. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480 мянган төгрөгөөр тогтмол цалинжуулж, нийгмийн даатгалыг нь төлөх юм байна. Түүнчлэн маллаж буй малынхаа сүү, цагаан идээг борлуулж, нэмэлт орлого олох боломж нь нээлттэй аж.

“Мянгат малчин М.Гомбо-Очир гуай энэхүү санаачилгаа ажил хэрэг болгохын тулд жилийн өмнөөс ХХААХҮЯ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүртэл хандсан юм билээ. Гэвч төр, засгийн удирдлагууд түүний санаачилгыг дэмжинэ гэчихээд дэндүү удаан хойрго байгаад байхаар нь бидэнд хандсан. Бид энэ онд 10 жилийнхээ ойн хүрээнд 512 хүнийг ажилд үнэгүй зуучлах зорилт тавиад байсан юм. Ийм чухал хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг дуулаад, өдгөө 10 гаруй аймгаас 30 гаруй мянгат малчин бидэнд хандаж, малчин авах хүсэлтээ илэрхийлээд байна. Манай улс хэчнээн мянгат малчинтай билээ. Тэгэхээр Монголын хөдөөд 10 мянган ажлын байр өлхөн олдох юм байна” хэмээн “Алтан гар” хөдөлмөрийн биржийн захирал Д.Уламбаяр ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)