”Майхнууд” жагслаа

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нийслэлийн төв талбайд гуталнууд “жагссан” бол өчигдрөөс Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхнууд жагсаал хийж байна. Төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрч, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж буйг эсэргүүцэн, “Монголоо аваръя” хөдөлгөөнөөс энэ жагсаалыг зохион байгуулж буй аж. Тэд жагсах болсон шалтгаанаа “Өнгөрсөн сард гэхэд 1845 хүн орон тооны цомхтголд орж, байгууллага нь татан буугдсаны улмаас 767 иргэн ажилгүй болоод байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс зургаан хувиар нэмэгдэж, Засгийн газрын өр 3.6 тэрбум ам.долларт хүрэн, нийгэм, эдийн засгийн байдал хүндэрлээ” хэмээн тайлбарлав. Тус хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 30-нд төр, засгийн удирдлагуудад гурван асуулт тавьсан юм. Нэг монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байна вэ?  Монголчууд хэзээ ядуурлаас гарах вэ? Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн асуултынхаа хариултыг авахаар энэ сарын 4-нд Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал хийсэн ч хариулт авч чадаагүй тул шаардлага болгон УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн билээ. “Шаардлагынхаа хариуг энэ сарын 11-нд авна” гэж “Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн тухайн үед мэдэгдсэний дагуу өчигдөр майхан барин жагссан юм. Уг арга хэмжээг зохион байгуулж буй зарим хүнийг өчигдөр цагдаагийн байгууллагаас саатуулжээ.

Х.ЭРХЭМ

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)