Л.Гансүх нарын хэргийг Дээд шүүх энэ сарын сүүлчээр хэлэлцэнэ

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хавтаст хэргийг хянах, шүүх хурлаар шийдвэрлэх хугацааг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн захирамжаар 14 хоногоор сунгалаа.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ сарын 10-ны пүрэв гаригт Дээд шүүх хянана хэмээн ташаа мэдээлэл түгээсэн.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж www.itoim.mn цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Пүрэв, баасан гаригт товлож, түүний дараа долоо хоногт хэлэлцэж магадгүй” гэж ярьсныг нь буруу ойлгосон нэг нь ташаа мэдээлэл олонд хүргэсэн байв.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346.2-т заасныг үндэслэн 14 хоногийн хугацаагаар сунгах болсон үндэслэл нь хэд хэдэн шалтгаантай аж.

Тухайлбал, энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон, илтгэгч шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, Хууль сахиулах болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт гол үүрэгтэй оролцож буй юм.

Мөн хэрэг ээдрээ түвэгтэй, уншиж судлахад хугацаа нэлээд орох учраас өчигдрөөс эхлэн тоолж, 14 хоногийн дараа шүүх хурал товлохоор болж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)