Их хэмжээний мөнгө завшсан эмнэлгийн даргыг АТГ-т өглөө

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын санхүүгийн баримтад (сүүлийн дөрвөн жилийн) шалгалт хийснээ танилцууллаа. Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа ҮЭ-ийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байсан нь илэрчээ. Тэрбээр өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9, 2013 онд 12.4, 2014 онд 17.4, энэ онд 39.6 сая нийт 71.5 сая төгрөгийг ҮЭ-ийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан аж. Уг нь энэ мөнгийг эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байжээ.

Тиймээс МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар Ш.Хажидмаагийн энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ болон ЭМС-ын сайдын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.        


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)