ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ ЦҮНХЭЭ ТАКСИНД МАРТЖЭЭ

 Хилийн чанадад зорчиж буй монгол иргэд хайхрамжгүй байдлаар паспорт бичиг баримтаа гээгдүүлж үрэгдүүлэх, хулгайд алдах тохиолдол сүүлийн үед олноор бүртгэгдэж байгаа тул бичиг баримт, мөнгө эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг ГХЯ-наас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 18-нд Эрээн хотод таксигаар зорчиж явсан Монгол Улсын зургаан иргэн 128 мянган юань бэлнээр авч явсан хоёр цүнхээ арын тээшинд мартаж буужээ. 

Тэд энэ тухай Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан ч мөнгөө мартаж буусан таксиныхаа улсын дугаарыг санахгүй, жолоочийн гадаад төрхийг сайн тодорхойлж чадахгүй байсан нь хэргийн илрүүлтэд багагүй хүндрэл учруулжээ. Гэсэн ч тус хотын цагдаагийнхан мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай ажилласны үр дүнд гурав хоногийн дотор эзэн холбогдогчыг нь олж тогтоон, мөнгийг бүрэн бүтнээр нь буцаан олгожээ.

Арга хэмжээг гардан зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн ажилтан, удирдлагад Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын Газраас талархалын бичиг гардуулсан байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)