Ерөнхий сайдад Эбертийн сангийн Ерөнхийлөгч бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ХБНГУ-ын Фрийдрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай А.Фукс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бараалхав.

Ерөнхий сайд манай улсад Фрийдрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч анх удаа айлчилж буйд талархал илэрхийлэн тавтай зочлохыг ерөөв.

С.Батболд Герман Улс нь Монгол Улсын Европ дахь гол түнш бөгөөд хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байна. Ялангуяа Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийг Герман Улс эхнээс нь тууштай дэмжиж тусалсанд Монголын төр, засаг, ард түмэн талархаж байдаг юм. Фрийдрих Эбертийн сангаас Монгол Улсад ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэл, үйлдвэрчний эвлэлийн тогтолцоог шинэчлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд одоо ч оруулсаар байгаа билээ. Танай сангаас Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааг манай холбогдох байгууллагууд цаашид дэмжин бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

Манай улс сүүлийн 20 жилд хөгжлийн амаргүй замыг туулсаар одоо эгзэгтэй, хариуцлагатай шинэ хөгжлийн гараан дээр ирээд байна. Бидний 20 жилийн хугацаанд олсон ололт, амжилт бол монголчууд бидний өөрсдийн маань чармайлт хүчин зүтгэлийн үр дүн юм. Гэвч алдаа байсан. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж чадаагүйгээс гарсан гажуудал бас байгаа. Ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Нийгэмд баялгийн зөв шударга хуваарилалтын хүлээлт, хүсэмж, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл байсаар байна. Иргэний нийгмээ дэмжих, нийгмийн харилцааг нээлттэй боловсронгүй болгох шаардлага тулгарч байна. Бидэнд боломж их бий. Энэ боломжоо ашиглан зөв бодлого тодорхойлон хэрэгжүүлбэл амжилтад хүрнэ хэмээн хэллээ.

Фрийдрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч сангийнхаа талаар танилцуулаад цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 2010.04.30


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)