“Галдан бошгот хаан” жүжиг “Гэгээн Муза”-гийн гранприг хүртлээ

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” 12 дахь наадмын шагнал гардуулах арга хэмжээ,улаан хивсний ёслол энэ сарын 23-нд  УДЭТ-т боллоо. Наадмын ерөнхий зохион байгуулагч “Гэгээн муза” академитай хамтран НЗДТГ, БСШУЯ, УДЭТ, дэмжигч байгууллагаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэлдэйн театр, Монголын урлагийн залуучуудын холбоо зэрэг байгууллага ажиллав. Академийн удирдлагууд Армен улсад болсон Олон улсын театрын институтийн 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза”-г олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн. Энэ жил Оросын холбооны Буриад улс, Герман, Швейцарь, Солонгос, Косово, Эстон,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцож буй уг наадмыг олон улсын чанартай болсон гэдэг утгаар нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм.

Ерөнхий шүүгчээр ардын жүжигчин Н.Сувд ажиллаж Герман, Орос, Косово улсын төлөөлөгчид хамтран хүүхэд оролцооны бүтээл, хүүхдийн, нэг хүний,хөгжимт жүжгийн төрлөөр шилдгүүдийг шалгарууллаа. Хөгжимт жүжгийн төрөлд “Чөлөөт хос” (УДЭТ), “Галдан бошгот хаан” (Ховд аймгийн ХДТ), “Хар торгон хамжаар” (БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хаан титэм” соёлын компани),  “Өнгөрсөн цагийн салхи” (Оросын холбооны Буриад улс Хоц. Намсраевын нэрэмжит ДУАТ) зэрэг бүтээл өрсөлдсөн. Харин нэг хүний жүжгийн төрөлд Монголын “Хүний дуу хоолой”,“Ялаа”, “Хайрт минь би чамайг хүлээж байна”, “Ашгүй бүх юм дууслаа”, “Танихгүй эмэгтэйн захидал”, “Улаан дэнлүүт асар”, Косово улсын “Амок”,  Оросын “Гараа надад өгөөч”, Эстонийн “Ганцаараа”, Швейцарийн “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” хэмээх бүтээл нэр дэвшсэн билээ.

“Гэгээн муза” 12 дахь наадмын шилдгийн шилдгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан бошгот хаан” жүжиг  шалгарсан юм. Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагналыг М.Мөнхбаатар, Т.Мөнхсайхан нар, туслах дүрийн шагналыг БНСУ-ын Жан Се-Хьюн, Э.Ганчимэг нар тус тус хүртлээ. Шилдэг найруулагчаар Буриад улсын Саян Жамбалов, нэг хүний жүжгийн төрлөөр Косовогийн найруулагч Нура Элмеза, зураачаар “Black box” театрын М.Боролдой нар шалгарсан. Оросын Николай Горохов нэг хүний жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр тодорсон бол хөгжимт жүжгийн төрлийн эмэгтэй гол дүрийн шагналыг УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан, шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг Э.Тодгэрэл нар “Чөлөөт хос” жүжгээр хүртлээ.

Энэ жилийн улаан хивсний ёслолд зориулан жүжигчин Ц.Баясгалан “Уран гоёл” салоны загвар зохион бүтээгч Уранчимэгийн урласан Монгол загварын товч, шилбэ бүхий гүн хөх өнгийн даашинзаар гоёсон байв. Түүний үс засалтыг  “Vidal” салоны үсчин Одонгоо хийсэн гэнэ. Тэрбээр  “Манай театр энэ жил долоон шинэ жүжиг тавьсан хэдий ч зөвхөн “Чөлөөт хос” жүжгээр “Гэгээн Муза” наадамд өрсөлдсөн. Найруулагч Н.Найдандоржийн 10 жилийн турш бодож, боловсруулсан энэ жүжигт би их сонирхолтой, солигддог тэмдэг шиг дүр бүтээсэн.Эмэгтэй хүний гурван өөр араншинг энэ дүрээр харуулдаг. Нөхөртөө хаягдаад амьдралд сөхрөн, амиа хорлохыг завдаж буй болон ганц бие хүчирхэг, юунаас ч айж эмээхгүй, хахир хатуу болж зэрлэгшсэн, эцэст нь хайр дурлалтай учирч, энхрий ялдам болсон Антониогийн тухай өгүүлэх энэ жүжгийг тайзнаа тоглохын тулд бид зургаан сарын турш ажилласан. Хөдөлмөр, зүтгэл маань надад энэ шагналыг авчирлаа” гэв. Энэхүү хөгжимт  жүжигт Ц.Баясгалантай хамтран тоглосон жүжигчин Э.Тодгэрэл “Энэ жүжгээр оны шилдэг залуу уран бүтээлчийн  шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Үнэндээ би  шагнал авна гэж бодсонгүй. Тайзны ард үзүүлэх тоглолтдоо бэлдэж байтал манайхан “Чамайг дуудаж байна, чи шагнал авлаа” гэхэд нь итгэхгүй хэсэг суусан. Нилээн олон удаа дуудуулж байж тайзан дээр гараад хэлэх үг олдохгүй их сандарсан” гэж ярив.

Наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн жүжигчин М.Мөнхбаатар “Энэ тайзан дээрээс авах мэдрэмж үгээр хэлшгүй сайхан байдаг юм байна. Би Ц.Хүсэлбаатар найруулагчийн ”Алладины шидэт дэнлүү” хүүхдийн жүжгийн Алладины дүрээр шагнал авлаа. Энэ зохиолыг хүн бүр Уолт Диснейн хүүхэлдэйн киногоор мэддэг. Бид үүнээс өөрөөр хийхийг зорьсон. Ингэхдээ үзэгчдэд илүү ойрхон тоглож амьд харилцаа, амьд мэдрэмж өгөхийг хичээсэн” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)