Ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнг Монгол Улсын баатар цолоор шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр Гадаад харилцааны яаманд ахмад дайчнаа хүндэтгэх ёслолын арга хэмжээ боллоо. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, “Монголын Элчин сайд нарын клуб”-ын Ерөнхийлөгч бөгөөд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Ц.Жамбалдорж, Элчин сайд асан Р.Жигжид нар хүндэтгэл үзүүлэн үг хэллээ. Улсын баатар П.Шагдарсүрэн “Миний амьдралын зам улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан бататгах, цаашид Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд баталгаажуулах, олон улстай Монгол Улсын харилцааг өргөтгөх зэрэг үйлсэд өөрийн тавь шахам жилийг зориулсан. Халхын голын байлдааны түүхэн ойд зориулж Улсын баатар цолоор шагнасанд туйлын баяртай байгаа. Энэ нь халхын голд байлдсан миний гавьяаг минь Гадаад харилцааны яаманд олон жил ажиласаныг төр хамтатган үнэлж байна гэж ойлгож байна. Энэ бүхэн ганц миний үйл биш дайны үед хамт зүтгэж байсан Монгол зөвлөлтийн баатарлаг дайчид, гадаад харилцааны яамны мэргэжилтэн залуусын мөн үйл гавьяа юм. Манай Улсын тусгаар тогтнол мөнх бат оршиг! ” гэлээ.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)