Арван сартай охин аав ээжийнхээ амийг аварчээ

Цахилгааны гэмтэлээс үүдсэн байж болзошгүй гал гарснаас болж гурван айл орох оронгүй болов.
 Дархан хотын зүүн захад зайдуу байрладаг Дархан сумын 15 дугаар багийн нутаг Мангирт хорооны төвлөрсөн халаалттай хуучин  байр 14-ний Пүрэв гарагийн үүрийн зургаан цагийн үед шатаж эхлэсэн ч эзэд нь мэдээгүй унтаж байтал нэг айлынх нь 10 сартай охин нь чангаар уйлж эцэг эхээ сэрээснээр гал гарсныг мэджээ.
Аймгийн Онцгой байдлын аврах гал унтраах хоёр анги үүрийн зургаан цагаас хойш хоёр цаг шахам ажиллаж байж галыг унтраасан ч уг байрнаас юу ч үлдээгүй байна. Гал унтраах ангийнхан дуудлага авангуут очсон ч хэт хүйтний улмаас усны машиных нь ус шүршигчийн хошуу хөлдөх зэргээр багагүй бэрхшээл учирч байжээ. Шатсан уг байранд гурван айлын зургаан том хүн, бага насны дөрвөн хүүхэд байсан бөгөөд орох оронгүй, зөвхөн өмссөн хувцастайгаа үлдсэн тэдгээр айлуудад аймаг сум, хүмүүнлигийн байгууллагууд туслахаа амлаад байна. Үүнтэй холбогдуулж аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдэд цахилгааныг хэрэглэхдээ гэмтэл согогийг нь цаг тухайд нь засуулж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлэв.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)