АН-ын алдаа ба МАН-ын “тоглолт”

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг өнөөдрөөс биш, ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. УИХ энэ тухай тогтоолыг цаг сунган хэлэлцээд баталж орхив. Эдгээрийг дагалдуулж баталсан ч ёсчилоогүй байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах ажиллагааны, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг процессын таван хуулийг ч санаачлагчид нь буцаасан. МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн парламент олон нийтэд шүүмжлүүлэх ээлжит алхмаа ийнхүү хийлээ. Хамгийн гол нь эдгээр хууль хэрэгжсэн бол ял эдэлж буй олон хүний эрх зүйн байдал дээрдэн, цөөнгүй хүнийг суллаж, тэр хэрээр улсын төсвийг хэмнэх байж.

Хуулиудыг хэрэгжүүлснээр ямар хэмнэлт гарч болохыг харин “Нууц” гээд хэлэхгүй байгаа юм. Зарцуулах мөнгө нь ил атал хэмнэх нь нууц байдаг аж.

ХЭН ХЭНД НЬ СЭТГЭЛ ДУТАВ

Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй. Өмнөх УИХ процессын таван хуулийг баталсан атлаа ёсчилох таван минутын зав гаргалгүй тарсан нь яах аргагүй тэдний буруу. Тэр үед юу болсныг эргэн нэг сануулъя. Уг нь өмнөх парламентын сүүлчийн чуулганыг энэ оны тавдугаар сарын 30-нд буюу санал хураах өдрөөс сарын өмнө завсарлуулахаар төлөвлөж байв. Тавдугаар сарын 24-ний өдөр чуулган хуралддагаараа хуралдах хуваарь ч гарсан байлаа. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд гэнэт л чуулганыг зургадугаар сарын 23 хүртэл завсарлуулах шийдвэр гаргах нь тэр.

Төлөвлөсөн ёсоороо явсан бол процессын таван хуулиа ёсчилоод өнөөдөр ийм хэрүүл, харуусал гарахгүй байв. Тэр яагаад гэнэт чуулганыг хаах болсон нь ч тодорхой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнөх орой нь МАХН-ын гурван сайдыг огцруулах санал өргөн барихаар шийдсэнээс л тэр. Тухайн цаг үедээ МАХН-ын гурван сайдын бүрэн эрхийг дуусгах нь Эрүүгийн болон Зөрчлийн, түүнтэй холбогдох таван хуулийг хэрэгжүүлэхээс амин чухал байж л дээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга З.Энхболд нар “зузаан” байсан үе. Ингээд л улстөрчид сонгуульдаа ханцуй шамласан. Зургадугаар сарын 23-нд эрх биш ирц бүрдүүлэх тооны хэдэн хүн цугласан ч процессын хуулиудыг ёсчилох ажлыг “мартаж” орхижээ. Нэгэнт баталчихсан хуулиудаа албажуулаагүй нь З.Энхболд ба түүний ангийнхны алдаа.

Энэ алдаан дээр нь МАН-ынхан дөрөөлөхгүй хаачих вэ. “Процессын хуулиудыг ёсчилоогүйн улмаас хэрэгжүүлэх бэлтгэл хангах боломж бүрдээгүй. Шаардлагатай хөрөнгийг 2016 оны төсөвт суулгаагүй” хэмээж буй С.Бямбацогт сайдын яриа ч ортой. Тэр “Та нар хийх ёстойгоо хийгээгүй байж одоо битгий олон юм ярь” гэж байна. Эхэлсэн ажлаа дуусгаагүй, сонгуульд яарч хөөрч гүйсэн нь АН-ынхны буруу. Нөгөө талаар МАН-ынхан ч тэр үед УИХ-д сууж л байсан. С.Бямбацогт гишүүн ч ялгаагүй. Тэгэхээр хариуцлагаас хуваалцах л болж байна.

Нэгэнт өмнөх чуулган ажлаа гүйцээлгүй алдаа гаргачихжээ. Одоо яах вэ. Эрх баригчид хүссэн бол ээлжит бус чуулганы эхний өдөр эдгээр хуулийг ёсчилчихож болох байсан. Тэгээд хэрэгжүүлэх хугацааг нь заавал дараа жилийн долдугаар сар биш, зарим гишүүний санал болгосон шиг нэгдүгээр сарын 1, дөрөвдүгээр сараас байхаар тусгаж ч болох байв. Гэвч “Процессын таван хуулийг ёсчилоогүйгээс болоод Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Хугацааг сунгая” гэдэг тогтоолын төсөл оруулж ирэв.

Тэгэхээр С.Бямбацогт сайдын хэлсэн шиг “Та нарын алдааг л залруулах гэж байна” гэдэг тайлбар үнэнээс хол сонсогдоно. Үүний оронд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотойгоор эдгээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болгон хойшлуулж байна гэдэг хардлага үнэнд нийцэж буй юм. УИХ-ын чуулган дээр О.Баасанхүү ч, АН-ын гишүүд ч үүнийг нь хэлээд байгаа. Н.Энхбаярын ялтай байдал өнөөдөр дуусах ёстой байсан. Тэр бол мөнхийн өрсөлдөгч. Түүнийг дарж авахын тулд АН-ын гаргасан алдаан дээр МАН дөрөөлөн, тоглолт хийж буй хэрэг байх нь. Үнэндээ хэн хэнд нь ажлаа бүрэн хийх сэтгэл дутжээ.

2010-2016 ОНД 95 ХҮН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨН, АМИА АЛДЖЭЭ

Буцаан татаад буй процессын гэх таван хуулийн нэг нь олон иргэний амь настай холбоотой байлаа. Энэ бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Хаалганы цаана өрнөдөг энэ чимээгүй гэмт хэрэгт жилд хэдэн арван хүүхэд, эмэгтэй, настан буурал өртөж байна. Уг хуулийг буцаан татсаныг эсэргүүцэж буйгаа олон зуун хүн уржигдар оройноос эхлээд цахим ертөнцөд илэрхийлэв. 2004 онд баталсан хуульд учир дутагдал олон байсан учраас л өөрчилж, хүчирхийлэгчдэд эрүүгийн хариуцлага тооцох заалт оруулсан. Эхнэр, хүүхдээ зодсон хүнийг цагдаагийн байгууллага нэг өдөр эрүүлжүүлнэ, өргөдөл бичиж өглөө гэвэл нэг сар баривчилна. Ингээд л өнөөх хүн илүү өш хонзон тээсээр гарч ирээд хүний аминд хүрэх нь бий.

2010-2016 онд 95 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдаж, 5100 хүн гэмтжээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн тоо аж. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байгааг энэ тоо харуулна. Нөхөртөө байнга зодуулдаг эмэгтэй салах өргөдлөө шүүхэд өгөхөд “эвлэрүүлэх гурван сарын хугацаа” олгосон байдаг. Хонь, чоно хоёрыг нэг хашаанд оруулаад “эвлэр” гэдэг хуулийг л өөрчилж, амьдралд нийцүүлсэн байсан юм шүү дээ. Эцэст нь өнөөх эмэгтэй гурван сар арай гэж тэсээд сүүлчийн өдөр нь шүүхийн үүдэнд амиа алдсан гашуун түүх бий.

Цахим ертөнцөөр шуугиад эхэлмэгц Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасад ХЭҮК-ынхонтой хамтран өчигдөр мэдээлэл хийж, “Энэ хуулийг яаралтай өргөн барина” гэв. Хэдэн сар, жил хэлэлцэж, арай гэж нэг баталсан хууль шүү дээ. Гэтэл одоо дахин бүхнийг эхнээс нь эхлүүлэх бололтой. Үүнд хэр хугацаа шаардагдах бол. Тэр болтол хэдэн эмэгтэй, хэдэн хүүхэд хүчирхийллийн золиос болох. Уг нь Засгийн газрын дараагийн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж өчигдөр сайд нар тохирсон байна. Үнэн бол сайн л юм.

Нэг нь ажлаа гүйцэд хийгээгүй, нөгөөхөд нь түүнийг дуусгах сэтгэл байхгүйгээс дунд нь иргэд хохирсоор байх уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)