Аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн байлдааны туганд зүүн өгсөн юм.
 
Тус ангийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, ОБЕГ-ын харьяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын бүтээн байгуулалт, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гал түймэр, гамшгийн аюулаас авран хамгаалах, учирсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйлсэд мэргэжлийн ур чадвараа зориулсан, хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж ОБЕГ-ын харьяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын удирдлагууд, Гал түймэр  унтраах, аврах 10 дугаар ангийн ахмадуудын төлөөлөл оролцов. Шагнал гардуулах ёслолын дараа тус ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал үйлдэн хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Дашрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар анги баатарлаг гавьяа, бахархам үйлс бүтээн 1981 онд Төрийн дээд шагнал  Алтангадас одонгоор шагнуулж байжээ. Тэр цагаас хойш нийт 27200 удаагийн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 9600 эрдэнэт хүний амь нас, төр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 794 тэрбум 920 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)