Ө.Энхтүвшин: НҮБ-ын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг Монгол Улсад хандивлана

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын суурин төлөөлөгч Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай хийсэн уулзалтынхаа талаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "НҮБ болон ДЭМБ-ын суурин төлөөлөгчид Засгийн газрын шинэ коронавирусийн эсрэг хийж байгаа ажлыг өндрөөр үнэлж байна. Тэд манай орон нутагт очиж, аймаг, сумдын засаг захиргааны байгууллагын коронавирусийн эсрэг явуулж байгаа бодлоготой танилцсан. Ингэхдээ Улсын онцгой комисс цагаа олсон шийдвэрүүдийг гаргасан гэж дүгнэсэн. 

Тэдний ярьсан нэг зүйл миний анхаарлыг их татсан. Тухайлбал, "Монголын ард түмэн Төр засгийнхаа шийдвэрийг яаж хүндэтгэн дагдагийг нүдээрээ харлаа. Хэдийгээр танай иргэдийн уламжлалт баяр болж байгаа ч гэсэн монголчууд Төр засгаа дээдэлдэг ард түмэн гэдгийг үзлээ" гэж хэлсэн. 

Ингэхдээ НҮБ-ын системийн бүх байгууллагын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг Монгол Улсад хандивлана гэдгээ хэлсэн. Мөн Монгол Улсад шаардлагатай эрүүл мэндийн эд зүйлсийг өгөхөөр болсон. Одоогоор бид хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. Тэд хамгийн сүүлийн үеийн оношлуур, тоног төхөөрөмж, коронавирусийн эсрэг эм, хамгаалах хэрэгсэл өгнө гэдгээ албан ёсоор хэллээ. 

Мөн түүнчлэн, би УОК-ийн даргын хувьд НҮБ-аас 500 мянган маскны дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байгаа. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ хэлсэн" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (54)