Ө.Энхтүвшин: Наадмын бэлтгэлийг төлөвлөсөн хэмжээндээ хангаж чадлаа

наадмын нээлт

Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж, үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай бямба гарагт танилцлаа. “Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, замыг зассан. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусгана. Жил бүр бага багаар хийхгүй бол бүгдийг зэрэг хийж боломжгүй байна. Энэ жилийн тухайд төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадлаа” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн. Мөн тэрбээр “Цэнгэлдэхийг тойроод долоон барилга барьж буй. Өнөөдөр баяр наадмын урианхай сурын харваа эхэлж байхад энд барилгын ажил ид өрнөж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж, энэ сарын 8-наас барилгын ажлыг түр зогсооно. Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасаж байгаа нь дараа дараагийн наадамд том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байна” хэмээв.

Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онд сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан талаар тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ. Мөн “Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. 11-12-нд Соёлын наадам болно” гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярьсан.

Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллах бөгөөд энэ жил хувь хүмүүст худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй, зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгосон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)