Ө.Хатанболор: Намайг харвахад хань минь айгаад харж зүрхэлдэггүй

Өнөө жил төрийн наадамд түрүүлж, улсын мэргэн болсон Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Ө.Хатанболортой ярилцлаа. Үндэсний сурын спортоор 2013 оноос хойш хичээллэж буй тэрбээр улсын наадамд түрүүлсэн аймгийнхаа гурав дахь (түүнээс өмнө А.Амгаабазар, Ш.Жамбасамбуу), эмэгтэйчүүдээс анхны харваач юм.

-Улсын наадмаас анхны түрүүгээ хүртсэнд тань баяр хүргэе. Энэ жил УАШТ, Налайхын наадамд түрүүлж, өнгөтэй, бэлтгэл сайтай байсан. Тэр хэрээр өөртөө итгэлтэй харвасан болов уу?

-Баярлалаа. Амжилт ахих тусам өөртэй итгэлтэй, зоригтой харвадаг юм байна. Энэ жил бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлэх зорилготой өрсөлдсөн. Өөртөө итгэлтэй, өмнөхөөсөө хавьгүй тайван харвасаар 40 сумаас 37 онож, түрүүллээ.

Улсын наадмаас анх хүртсэн медаль минь алт байв. Дундговь аймгаас 61 жилийн дараа улсын мэргэн болж, нутгийнхаа харваачдын амжилтыг үргэлжлүүллээ. Аливаа зүйлийн анхдагч байх сайхан. Улсын наадамд түрүүлсэн аймгийнхаа анхны эмэгтэй харваач боллоо. Амжилт минь булган сүүлтэй байх болтугай. Улсын наадамд түрүүлэхэд ёстой л зүүд шиг санагдсан, өөртөө итгэж ядсан. Улсын мэргэн цол хүртсэний дараа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Өрнөхийн Хатанболор гээд нутаг ус, аавынхаа нэрийг дуудуулан, Ерөнхийлөгчийн зарлиг сонсох хамгийн сайхан байлаа. Тэр үед ямар гоё мэдрэмж төрснийг үгээр илэрхийлэх аргагүй. 

Эмээ минь 97 настай, нутагтаа амьдарч байна. Тэмээний ноосоор утас ээрч, хошлон томоод суудаг сайхан хөгшин бий. Энэ жил манайхны ургийн баяр болно. Улсын наадамд түрүүлж эмээдээ, ах, дүү нартаа бэлэг барих сан гэж их хичээсэн. Ургийн баяртаа улсын мэргэн цол хүртээд очих болсондоо төрийн наадамд түрүүлснээсээ дутахгүй баярлаж байна. Манай ах, дүү нар намайг улсын наадамд түрүүлснийг дуулаад итгэж ядсан гэнэ лээ. Зурагтаар бүр таван удаа давтаж үзэн байж итгэсэн гэсэн. Тэгээд л шууд нутгаасаа наашаа гараад, шөнө нь ирсэн. Баярт мөчөө хамгийн эрхэм, дотнын хүмүүстэйгээ хуваалцахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Улсын наадамд түрүүлчихээд гэртээ харихад ээж минь баярласандаа өдөржин уйллаа гэсээр угтсан. 

Амьдралд минь тохиосон хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр байлаа. Би энэ жил нээлтийн харваанд VI, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд IV байрт шалгарсан. Дараа нь УАШТ-д 37 онож, түрүүлэхдээ дөрвөн медаль авав. Түүндээ их урамшин, улам хичээвэл өндөр амжилт гаргах нөөцтэйгээ мэдэрсэн юм. Тиймээс улсын наадмын өнгөө шинжихийн тулд Налайхын наадамд зорьж очоод оролцсон. Тэгсэн нь учиртай. Өнгөрсөн жил даян мэргэн болсон Д.Норжмаа улсын наадмын өмнө Налайхынхад түрүүлсэн. Ер нь тэнд түрүүлсэн тамирчин улсын наадамд өндөр амжилт гаргадаг гэж харваачид бэлгэшээдэг.

Би Налайхын наадамд түрүүлж, аймгийн мэргэн болсондоо их урамшсан. Тэгээд л өөр аймгийнхад цэц сорилгүй шууд улсын наадамд өрсөлдлөө. Намайг үргэлж дэмжиж, тусалдаг “Мандалговь хүнс” компанийн захирал Д.Мягмар ах, Д.Амаарагчаа эгч, Монголын үндэсний харваачдын холбоо, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, “Цахиур” багийнхандаа, даян мэргэн Ц.Баасанхүү, эмээдээ, ээждээ, ханьдаа, ах, дүү нартаа, Монголынхоо нийт харваачдад баярлаж явдаг.

-Танай аймгийн харваачид энэ жил шинэ баг бүрдүүлж, түүнийгээ “Цахиур” гэж нэрлэсэн юм билээ. Ихэнх харваачид багаа ивээн тэтгэгч байгууллагынхаа нэрээр нэрлэдэг. Та бүхэн багаа “Цахиур” гэж нэрлээд улсын наадмын түрүү хүртсэн нь сонирхол татаж байна.

-Харин тийм ээ, үүнийг цөөнгүй хүн сонирхож байна лээ. Энэ жил манай нутгийн “Мандалговь хүнс” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Мягмар ах, түүний эхнэр, аймгийн мэргэн Д.Амаарагчаа эгч нар ивээн тэтгэн “Цахиур” багийг шинээр байгуулсан юм. Бид багаа Улаанбаатар хотод амьдардаг Дундговийн харваачдаар бүрдүүлсэн. Багтаа ямар нэр өгөх вэ гэж нэлээд ярилцав. Улсын наадамд цахиур хагалахыг бэлгэдэн “Цахиур” гэж нэрлэсэн. Тэгж нэрлэсэн нь түрүүг минь зөгнөжээ. Үүнийг их бэлгэшээж сууна.

-Сурын харваанд сүүлийн дөрвөн сумаа мэргэн онох чухал гэдэг юм билээ. Улсын наадамд анх удаа шигшээ наймд шалгарч, сүүлчийн дөрвөн сумаа харвахын өмнө өөрийгөө хэрхэн хурцлав?

-Сүүлийн дөрвөн сум яах аргагүй чухал. Хэчнээн өндөр оноотой явсан ч түрүүлэх нь бүү хэл медаль хүртэх боломжоо алдах эрсдэлтэй учраас тэр. Би энэ жил нээлтийн харваанд өрсөлдөхдөө 34-ийн буурьтай боссон юм. Гэтэл хоёр сумаа давуулж, V байрын төлөө товхлоод алдаж билээ. Тийм өндөр оноотой, түрүүлэх боломжтой явж байгаад медальт байрт ч шалгараагүйдээ их харамссан. Нутгийнхаа харваачдын нүд рүү ч эгцэлж харж чадаагүй. Тэдний итгэлийг амжилтаар хариулж чадаагүйдээ их харамсан, сэтгэлээр унаж билээ. Тэр алдаагаа улсын наадамд давтахгүйг хичээлээ. 12-ны өглөө гэрээсээ гарахдаа бурхандаа, аавынхаа зурганд мөргөсөн.

“Аргал уугилаа, алсын уулсыг утлаа

Азын шагай нь морь буулаа

Аргамаг хүлэг уяагаа ес тойрлоо

Адуу эвшээлээ, наран яаран мандлаа

Амгай шариглаа, наадам эхэллээ”

гэж амандаа аялсаар сурын талбайд ирэхэд манай багийн харваачид “Ямар сайхан өнгөтэй харагдаж байна аа” гэсэн. Би сүүлийн дөрвөн сумныхаа эхний гурвыг нь харвахдаа ер сандраагүй. Улсын наадамд түрүүлсэн туршлагатай Б.Пунсалдулам мэргэн 40 сумаас 36 оносон. Тэгэхээр бүх зүйл сүүлийн сумнаас минь шалтгаалах байв. Тэр үед би нэлээд сандарсан. Бичлэгээ өчигдөр зурагтаар үзсэн. Сандарсандаа сүүлийн сумаа их хурдан харвасан байна билээ. Улсын наадамд цэц сорихын өмнө хань минь надад “Сандарвал нутгийнхаа уулыг бодоорой. Дэлгэрхангай хайрхан чамайг минь түшнэ” гэж захисан юм. 

Би өнгөрсөн хавар ханьтайгаа, ах, дүү нартайгаа хамт хайрхандаа гарч, мөргөсөн. Тэгж явахдаа ханьдаа “Улсын наадамд түрүүлж, цолны мялаалгаа Дэлгэрхангай хайрхныхаа өвөрт хийх юм сан” гэж хэлж билээ. Нутгийн минь уул, ус намайг түшсэн байх. Сүүлийн сумаа онож, улсын наадамд түрүүлэх болзол хангаад аавыгаа их үгүйллээ. Аав минь амьд сэрүүн байсан бол охиноороо их бахархах биз ээ. Хэч нээн их баярлах байсан бол. Нөмөр нөөлөг, орон зайг нь их үгүйлэх юм. Тэнгэрээс охиноо харсан байх аа.

-Та Өмнөх жилүүдэд улсын наадамд хэрхэн оролцсон билээ?

-2017 онд 32 онож, спортын мастер болсон. Өнгөрсөн жил цэц сорихдоо 31 оносон. Товхлоход ганцхан оноо дутаж билээ. Өнгөрсөн жилээс миний харвах техник их сайхан жигдэрсэн. Долоон тэмцээнд шилдэг наймд шалгарсан юм.

-Нөхөр тань үндэсний сураар хичээллэдэг гэсэн. Энэ жил улсын наадамд цэц сорьсон уу?

-Сорьсон. Үндэсний сурын спортоор 2012 оноос хойш хичээллэж буй, спортын мастер хань минь надад их тусалдаг. Ар талыг минь бүрэн даадаг. Энэ жил улсын наадамд оролцоход хань минь сум зөөж, нум хөвчилж өгсөн. Би харвахдаа л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Адил спортоор хичээллэдэг болохоор биенээ их сайн ойлгож, дэмждэг. Хамгийн чухал зүйл энэ яах аргагүй мөн. Хань минь намайг харвахыг харж зүрхэлдэггүй.

-Бөхчүүд наадмын өмнөх бэлтгэлээ гал болж базаадаг. Та харин хэрхэн хийсэн бол?

-Энэ жил дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Манай хоёр хүү бага, хань минь ажилтай. Хоёр хүүгээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгчихөөд сурын талбайд бэлтгэл хийнэ. Орой хоёр хүүгээ албанаасаа тарахаар аваад харина. Бэлтгэлээ өдөр бүр тэгж хийсэн. Наадмын бэлтгэлээ “Цахиур” багийнхантайгаа хамт Тэрэлжид базаалаа. Спортын мастер, аймгийн мэргэн Г.Мөнхсайхан ахлагчтай манай багийнхан бэлтгэлээ спортын мастер Эрдэнэ-Оюуны удирдлагад хийсэн. Би түүний урласан нумаар гурван жил харваж байна. 

Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийнхаа үндэсний сурын холбоог удирддаг. Тэрбээр бидэнд их тусалж, дэмжсэнийг нь онцолъё. Тэрэлжид “Цахиур”-ын харваачдыг эргэхдээ “Хатанболор энэ жил УАШТ-ээс алтан медаль авсан нь улсын наадамд түрүүлэх нөөц, боломж байгааг нь харууллаа. Хичээгээрэй” гэсэн. Би бэлтгэлээ “Цахиур”-ын харваачдаас гадна даян мэргэн Ц.Баасанхүүтэй хамтарч хийсэн. Тэр бүхэн намайг улсын наадамд түрүүлэхэд их нөлөөлсөн шүү.

-Эрийн гурван наадмын төрлөөс сур харвааг манайхан төдийлөн ойшоохгүй, харваачдынхаа амжилтыг бөх, уяачдын хэмжээнд үнэлэхгүй байх шиг. Энэ жил л гэхэд “Э.Оюунболд аваргад “Nissan patrol Y62” маркийн автомашин, мөнгөөр цутгаж, цэвэр алтаар бүрсэн цом, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс таван өрөө байр бэлэглэж. Түрүүлсэн харваачийнхаа амжилтыг “Prius”-ээр ч болтугай урамшуулах юм сан” гэсэн хошин яриа гарсан байна лээ. Та энэ тал дээр ямар бодолтой вэ?

-Харваачдын амжилтыг бөхчүүд, уяачдынхаас хамаагүй доогуур үнэлж байгаа нь үнэн. Би үүнтэй санал нийлнэ. Гэхдээ нэг үеэ бодвол ахиц гарсаар байгаа. Өмнө нь зөвхөн түрүүлсэн харваачид л улсын мэргэн цол олгож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчны амжилтыг үнэлдэггүй байсан. Харин одоо медальт байрт шалгарсан харваачид гарамгай болон гоц мэргэн цол олгох болсон нь том дэвшил. Сүүлийн жилүүдэд харваачдын бай харьцангуй нэмэгдсэн. Үндэсний спортын төрлүүдээс хамгийн шударга нь сур. 

Бөхчүүдийг найраа хийлээ, уяачдыг эрлийз морь уралдууллаа гэх шүүмжлэл үргэлж дагадаг. Тэгвэл үндэсний сурын харвааны ямар ч тэмцээнд элдэв маргаан, будлиан гардаггүй. Говь-Алтай аймгийнхан өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн харваачдаа (Дашзэвэгт) хоёр өрөө байр бэлэглэсэн нь сайхан жишиг. Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван харваачдын амжилтын үнэлэмжийг ахиулахад, эл спортыг хөгжүүлэхэд их анхаардаг. “Цагаан шонхор” компанийг удирддаг тэрбээр жил бүр бөмбөг намнах харвааг ивээн тэтгэж, түрүүлсэн харваачийг 10 сая төгрөгөөр байлдаг. Түүнд их талархаж явдаг. 

МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяр, өмнө нь энэ албанд байсан Б.Хүрэлбаатар нар энэ жил улсын наадмын үндэсний сурын харвааг их сайхан зохион байгууллаа. Ямар нэгэн будлиангүй болж, хоёр шинэ мэргэн төрсөнд баяртай байна.

-Наадам дуусаад нэлээд хэд хоноод байна. Ө.Хатанболор мэргэнийг нутгийн зөвлөл ч юм уу, ивээн тэтгэдэг байгууллагаас тань урамшуулж, шагнасан уу?

-(Инээв). Хараахан шагнаж, хүлээж аваагүй л байна. Найз нөхөд, ах дүүс манайд ирж, гарын бэлэг гардуулсан. Манай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ утсаар холбоо барьж, баяр хүргэсэн. Нутагтаа хурдан ирээрэй, хүлээж байна шүү гэсэн.

-Танай удамд сур харвадаг хүн бий юү. Ямар хувь зохиолоор сурын спорттой нөхөрлөх болсон түүхээ хуваалцана уу?

-Би эхээс гурвуулаа. Миний төрсөн ах Идэрчулуун, хоёр үеэл дүү минь үндэсний сураар хичээллэдэг. Би Дэлгэрхангай сумд төрж, өссөн. Аав минь 2001 онд спортын дэд мастер цолны болзол хангасан, шагай, үндэсний сураар хичээллэдэг байсан юм. Их сайхан дуулна. Багаасаа аавынхаа сумыг зөөж, эл спорттой ойр өсөж, хорхойссон юм. Тууштай хичээллэсэн бол аав минь улсын мэргэн болох байсан гэж олон хүн хэлдэг.

-Та багаасаа үндэсний сурд хорхойссон мөртлөө яагаад хожуу хичээллэсэн юм бэ?

-Аав намайг үндэсний сураар харвуулах их дуртай байв. Тухайн үед 90 мянган төгрөгөөр нэг нум надад авч өгсөн юм. Гэтэл ээж дургүйцээд харвуулаагүй. Гар хуруу нь эвдэрчихнэ, номын мөр хөөсөн нь дээр гээд халгаагаагүй. Аав нумыг минь нутгийнхаа Хэрлэнбуд гэдэг хүний охинд өгсөн юм. Гэсэн ч на майг үндэсний сураар хичээллүүлмээр байна гэж үргэлж хэлнэ. Би ч бас харвахыг хүсдэг байсан ч хичээл ном, сургууль гэж явсаар 2013 онтой золгов. Нөхөр минь 2012 онд үндэсний сураар хичээллэн, би дараа жил нь эл спортод хөл тавьсан. Хамгийн анх улсын мэргэн Б.Цэцэг эгчийн нумаар харван, алтан шар зурхайдаа сум тавьж байлаа.

Тэр жилээ Завхан аймгийн Яруу сумын наадамд түрүүлж, анхны амжилтаа гаргав. Тухайн үед би залуудаа хичээллэдэг байж гэж харамсдаггүй, оройтчихсон байх гэж өөрийгөө голоогүй. Анхандаа шантрах тохиолдол их байсан. Хань минь цагдаагийн байгууллагад ажилладаг, дэд хурандаа цолтой. Намайг үндэсний сураар хичээллэж эхлэхэд хоёр хүүхдийг минь харах хүн байгаагүй. Тиймээс бэлтгэлдээ дагуулаад явна. Бэлтгэл хийж байхад уйлна, өлсөнө. Техник сайжрахгүй, амжилт ахихгүй байхад их шантардаг юм билээ.

-Жаахан байхад тань авч өгсөн нум одоо бий юү?

-Байгаа. Хэрлэнбуд эгч ноднин надад буцааж өгсөн юм. Аавынхаа нумны хамт гэрийнхээ хойморт залсан.

-Дундговь аймаг дуу хуурын өлгий нутаг. Та хэр дуулдаг вэ?

-Нэг их сайхан дуулахгүй ээ. Гэхдээ яах вэ, найранд ямар ч байсан гурван дуутай. Аавынхаа хаана нь ч хүрэхгүй.

-Өмнө нь улсын наадамд түрүүлэх зорилготой байсан нь мэдээж. Дараагийнхаа зорилгоос сонирхуулахгүй юу?

-Амжилтаа батлан, ахиулахыг хүсэж байна. Тэгэхийн төлөө бүхнээ зориулна, өөрийгөө дайчилна.

-Гавьяат тамирчин Ч.Мөнхцэцэг улсын наадамд хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн, тав магнайлсан хоёр харваач байдаг нь Гавьяат тамирчин Ш.Даваахүү, дархан мэргэн Х.Даваажаргал. Тэдний амжилтад хүрч, ахиулах сан гэж санаанд тань багтаж байх юм уу?

-Багтаж байна гэвэл онгирсон болох байх. Тийм мундаг хүмүүсийн амжилтад хүрэх амаргүй. Тэдэн шиг амжилт гаргах сан гэх мөрөөдөл бий. Улсын мэргэн боллоо гээд жолоогоо татаж, амжилтдаа ханаж болохгүй.Улсын наадамд түрүүлсэн харваач цолныхаа мялаалгыг хийдэг уламжлалтай. Энэ жил цолны найраа ургийнхаа баярын дараа Дэлгэрхангай хайрхныхаа өвөрт хийнэ. Долдугаар сарын сүүлээр хэд хэдэн бүсийн наадам, даншигтай. Оролцох эсэхээ хараахан шийдээгүй явна. Ойрын хугацаанд нутаг руугаа явж амжихгүй нь. Ургийнхаа баяраар л очно доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)