Ө.ДҮҮРЭНБАЯР: “Амжилт гаргахгүй нь” гээд жүдогоо жил гаруй орхиж байлаа


“Риогийн олимпын эрхийн оноо олгосон олон улсын зургаан тэмцээнд оролцон, эхний тойргуудад ялагдахад сэтгэлээр унаж, шантарсан. Тухайн үед “Ер нь олигтой амжилт гаргахгүй юм байна” гээд жүдогоо орхин, үндэсний бөхөөр барилдах болсон. Бүр жил гаруйн хугацаанд жүдогийн бэлтгэл хийгээгүй. Гэр бүлийнхэн, багш нарынхаа зөвлөсний дагуу өнгөрсөн жил спортдоо эргэн ирсэн нь зөв шийдвэр байжээ.

Хэрвээ тэгээгүй бол дэлхийн медальтан болж, олон жил тээсэн зорилгодоо хүрэхгүй байж шүү дээ” хэмээн ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр өгүүлэв. Улсын заан “Тавхай” хэмээх Д.Лувсангийн ач, улсын начин Л.Өлзийбаярын хүү тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азербайжанд болсон ДАШТ-ээс +100 кг-д хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. Жүдо төдийгүй чөлөөт бөхийн түүхэнд үнэмлэхүй жинд дэлхийн медальтан болсон Монголын хоёр дахь бөх (өмнө нь Н.Түвшинбаяр) Ө.Дүүрэнбаяр Армийн ДАШТ-ий алт, Азийн наадмын хошой мөнгөн медальтай.

Залуучуудын ДАШТ-д түрүүлсэн цорын ганц монгол жүдоч тэрбээр хоёр талаасаа бөхийн удамтай. Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг, аймгийн начин цолтой түүний аавынх нь төрсөн ах нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальтай, Гавьяат тамирчин Л.Энхбаяр, нагац ах нь улсын заан Р.Давааням, соёлын Гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж, улсын гарьд Н.Ганбаатар, Харүмафүжи Д.Бямбадорж, хүргэн ах нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ юм. ДАШТ-ий медальтай Монголын 16 дахь жүдоч болсон Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, SPS телевизийн бөх Ө.Дүүрэнбаяртай ярилцлаа.

-Эх орондоо ирээд гурав хонож байна. Тэмцээн, замын ядаргаа нь тайлагдсан уу?

-Тухтай амарч амжихгүй л явна. Өчигдөр (уржигдар) Д.Энхтөр багшийгаа эцсийн замд нь үдлээ. Багштайгаа уулзаж амжсангүй дээ. Намайг медаль хүртсэн өдөр “Шавиараа бахархаж байна. Жүдогоор эргэн хичээллэснийхээ хэргийг бүтээлээ” гээд инээж байсан хүн маргааш нь зуурдаар бурхан болчихлоо. Өнөөдрөөс л зав гарч байна. Эрт харьж, хоёр хүүгээ тэврээд нам унтана аа. Үнэхээр ядарлаа. Багийн барилдаанд өрсөлдөхөд хоёр гар сарвайгаад, атгагдахгүй байсан. Ерөнхийлөгч хүндэтгэлийн суудлаас хараад байдаг, уначихаж болдоггүй (инээв). Ёстой ядарч үзээгүйгээрээ ядарлаа. Ойрын хугацаанд сувилалд хэвтэн, биеэ тэнхрүүлэх бодолтой.

Зургадугаар сараас хойш бэлтгэлээ базаасан, гэртээ цөөхөн хоносон. Бодоод байх нь ээ, бараг гарын таван хуруунд багтахаар хоносон юм байна. Ханийг минь Хандармаа гэдэг. Багадаа жүдогоор барилддаг байсан. Бид хоёр жүдогийн дэвжээн дээр танилцсан юм. Ханьтайгаа хамт 16 жил сайхан амьдрал, амжилтын төлөө зүтгэж явна. Миний бариач, дасгалжуулагч, тогооч гээд ёстой юм юм л хийнэ шүү дээ. Шөнө унтаж байхад шөрмөс татвал бариач, жинд тааруулж хоол хийнэ гээд бүхнийг хань минь зохицуулдаг. Бэлтгэл, тэмцээн гээд гэр бүлдээ гаргах зав хомс. Өдөржин бэлтгэл хийгээд ядарсаар орой гэртээ ирнэ, хоол идчихээд унтаад өгдөг. Тэр бүхэнд ар талыг хань минь даан, гэрт орж эм, гадаа гарч эр болдог. Амжилт гаргахад бүхий л нөхцөлийг бүрдүүлж, дэмждэг ханиараа бахархдаг.

-Хоёр хүүгээ, гэр бүлийнхнийгээ санасан нь мэдээж. Монголдоо хурдан ирэх сэн гэж хэр их яарав?

-Тоймгүй. Медаль авснаасаа хойш тэмцээн дуустал шөнө нойр хүрээгүй. Хожигдсон барилдаанаа бодож харамсан, хүрэл медаль хүртсэндээ баярлаад л. Монголдоо хурдан очих сон, гэр бүлийнхэн, эхнэр, хүүхэдтэйгээ баяраа хуваалцах сан гэж яарсаар ирлээ. Монгол руу дөхөх тусам улам догдолсон. Хэзээ нэгэн өдөр амжилт гарган ээжийгээ баярлуулаад, тосуулах сан гэж мөрөөддөг байсан минь биеллээ. Д.Энхтөр багш намайг тосно гээд цэргийн дүрэмт хувцсаа хими цэвэрлэгээнд өгчихсөн байсан гэнэ лээ. Даанч багштайгаа уулзаж чадсангүй.

-Аав, ээж хоёр нь хөдөө амьдардаг юм билээ. Улаанбаатар хотод ирсэн үү?

-Ээж ирсэн, аав амжаагүй. Дэлхийн шилдгүүдийн нэг болж, шагналын тавцанд зогсож байхад сэтгэл их хөдөлдөг юм билээ. Ээжтэй утсаар ярихад “Хүн болж төрснөөсөө хойш ингэж баярлаж үзээгүй. Хүүгээрээ бахархаж байна” гэсэн.

-Л.Өлзийбаяр начин юу гэсэн бэ?

-Аав хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Медаль авсныхаа дараа холбоо барихад уйлаад ерөөсөө ярьж чадаагүй.

-Энэ жил ДАШТ-ийг Тедди Ринер өнжин, +100 кг-д 11 жилийн дараа шинэ аварга мэндэлсэн. Эл амжилтын эзэн нь та болоход тун ойрхон байлаа. Хагас шигшээд барилдсан бөх Г.Түшишвилиг та өмнө нь дийлж байсан. Тиймээс ялна гэдэгтээ хэтэрхий итгэлтэй байсны улмаас алдаа гаргасан тал бий юү?

-Тухайн өдрийн од гийсэн бөхтэй барилдах эвгүй гэж бөхчүүд ярьдаг, үнэн юм билээ. Би өнгөрсөн жил Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэхдээ түүнийг ялсан. Энэ удаа дахин дийлнэ гэдэгтээ итгэлтэй байсан нь алдаа болчихов уу даа. Тэрбээр сууж үүрэх дархан мэхтэй, би гараа татаж барилдан, үүрүүлдэггүй онцлогтой. Тиймээс надад илүү ашигтай байдаг, уг нь. Гэтэл энэ удаа санаснаар болсонгүй. Хүлээж барилдсан нь миний алдаа.

Тийм чухал барилдаанд дийлдэг бөхдөө ялагдах ёстой харамсалтай. Үнэнийг хэлэхэд хүрэл медалийн төлөөх барилдаанд төвлөрье, өмнөх ялагдлаа хурдан мартъя гэж хэчнээн хичээсэн ч санаснаар болоогүй. Бүр дэвжээнд гарахаар алхаж явахад хүртэл бодогдсон, харамссан. Одоо ч харамсаж байна, санаанаас ер гарахгүй юм. “Дараа жил даагаа заавал нэхэж, алдаагаа засна” гэж өөрийгөө тайтгаруулж сууна.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Лукас Крпалекийг ялсан. Тэрбээр хэсгийн барилдаанд Н.Түвшинбаяр аваргыг өвдөг шороодуулсан шүү дээ. Медаль хүртэх, эсэхийг шийдэх чухал барилдааны өмнө түүнээс хэр бэргэж, сандрав?

-Өө, ер тэгээгүй. Санасан мэхээ зоригтой хийгээд, өөртөө итгэлтэй барилдъя л гэж бодсон. ДАШТ-д гурав дахь удаагаа оролцсон болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. Барилдааны эхэнд би түүнийг тосгуулж хавирсан. Тэгээд хөнтөрч унагаасныхаа дараа л барилдаандаа бүрэн төвлөрлөө. Намайг барилддаг өдөр ээж Замын-Үүд сумын овоонд, эрэгтэй дүү Хийморийн овоонд, эхнэр Хамрын хийдэд мөргөн, сааль, сүүнийхээ дээжийг өргөсөн гэнэ лээ. Гэр бүлийнхний минь намайг гэсэн сайхан сэтгэл хазайхад түшиж, амжилтад нөлөөлсөн нь дамжиггүй. Итгэлийг нь алдаагүйдээ баярлаж байна. Мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биеллээ.

Тэмцээнд явахынхаа өмнө эхнэртээ “Хайр нь нэг юм дуулгах юм шиг санагдаад байна. Миний дүрэмт хувцсыг хими цэвэрлэгээнд өгчихөөрэй” гэсэн юм. Айсуй амжилтыг зөгнөсөн байжээ. Энэ жил УАШТ-д түрүүлж, Хөх хотын гран при, Азийн наадмаас мөнгөн медаль хүртэн, өнгөтэй байсан болохоор хэнтэй ч таарсан дутах юмгүй гэж бодож байлаа. Монгол жүдочид үнэмлэхүй жинд дэлхийн дэвжээнээс медаль хүртэх боломжтойг өнгөрсөн жил Н.Түвшинбаяр аварга баталсан. Түүний амжилт бидэнд их урам өгч, үлгэрлэлээ. Өнөөгийн барилдааны хэв маягийнхаа бараг 50 хувийг Түвшээ ахаас сурсан.

Түүнтэй тэгж, энэнтэй ингэж барилдаарай гэж надад үргэлж зөвлөдөг. Аварга +100 кг-д барилдах болсон нь энэ амжилтад их нөлөөллөө. Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал Н.Батсуурь ах нар намайг дэлхийн дэвжээнээс медаль хүртэх суурь, гишгүүрийг засчихсан байсан л даа. Үүний сацуу энэ жил ДАШТ-ий өмнөх бэлтгэлийг надтай хамт байрлаж хангалцсан Б.Тэмүүлэн, Өнөржаргал ах нарын тус их бий. Тэдэндээ болон намайг үргэлж дэмждэг Ерөнхийлөгч Х.Баттулга, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, Гавьяат тамирчин Д.Баттулга дасгалжуулагч тэргүүтэй жүдо бөхийн шигшээ багийнхан, Монголын жүдо бөхийн холбоо, Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хороо, SPS телевизийн хамт олон, дасгалжуулагч Нямлхагва, Батсайхан, анхны багш Хаштогтох нартаа болон Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ ах, гэр бүлийнхэн, монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Монголын бөхийн төрөлд хүнд жинд бэлтгэл хангагч дутмаг байдаг. Үүний сацуу тамирчин ч цөөтэй. Энэ нь та бүхний амжилтад хэр нөлөөлдөг вэ?

-Хүнд жингийн тамирчдад тулгамддаг асуудал энэ яахын аргагүй мөн. Олонх тамирчин овоо гайгүй барилдан, амжилт гаргах ирээдүйтэй гэгдэж байснаа их спортыг орхин, үндэсний бөхийг сонгочихдог. Хамгийн ойролцоо гээд -100 кг-ын бөхчүүдтэй барилдлаа гэхэд л 30-40 кг-ын зөрүүтэй. Өмнө нь бэлтгэлээ хөнгөн жинтэй бөхтэй хийгээд, сэтгэл хангалуун бус байдаг байсан. Түвшээ ах “Ахын дүү бөхчүүдийг битгий гол.

Хөнгөн жинтэй бөхтэй бэлтгэл хийхээр мэдрэмж сайжирдаг юм” гэж хэлснээс хойш тэгэхээ больсоон. Өөрөөсөө намхан, биерхүү бөхтэй барилдах тэс өөр. Монголдоо би биерхүү ч олон улсын тэмцээнд өрсөлдөхөд дундаж нуруутайд орно. Тэгэхээр өөрөөсөө өндөр тамирчинтай барилдахад хүндрэлтэй байдаг. Тиймээс бид багш нартайгаа ярилцаж байгаад нэг гаргалгаа олсон юм. Тэр нь долоо хоногийн тодорхой хугацаанд үндэсний бөхчүүдтэй бэлтгэл хийх. Өөрөөсөө биерхүү, бяртай бөхчүүдтэй бэлтгэл хийх болсноор асуудлаа шийдсээн, хүнд жингийнхэн.

-Уйгагүй хичээн, хөдөлмөрлөвөл дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтах хэмжээнд хүрсэн, нөөцтэйгөө хэдийнээс мэдрэв?

-2016 оны олимпын эрх олгосон зургаан тэмцээнд эхний тойргуудад дараалан ялагдахад их шантарсан. Өдөр, шөнөгүй хичээгээд амжилт гаргахгүй болохоор сэтгэлээр унадаг юм билээ. Хүний өөдөөс эгцлэн харахаас ч ичмээр. “Арайхийж “Рио-2016”-гийн эрх аваад яах юм бэ. Ямар олимпод оролцож үзэх гэж байгаа биш” гэж бодон жүдогоо орхин, үндэсний бөхөөр барилдах болсон. Спорт залуу насны ажил болохоор боловсролдоо анхаараар шийдсэн юм. Жил гаруйн хугацаанд жүдогийн бэлтгэл хийгээгүй. Тэгж байтал 2017 оны УАШТ-ий үеэр О.Балжинням багш “Дүүрээ, Парисын “Их дуулга”-д оролцоорой. Заавал өрсөлдөнө шүү” гэдэг юм байна.

Жил гаруйн хугацаанд бэлтгэл хийгээгүй болохоор амжилт гаргана гэдэгтээ итгээгүй. “Оролцохгүй ээ, багш аа. Медаль авахгүй байх” гэтэл ятгасаар байгаад намайг зодоглуулсан. Бага дэлхийн аварга гэгддэг тус тэмцээнд өрсөлдөхдөө жингийнхээ олонх шилдгийг өвдөг шороодуулан, хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээний дараа хичээвэл амжилт гаргах нөөцтэй, боломжтойгоо ойлгосон. Тэгээд л спортдоо эргэн ирсэн, жүдогоор үргэлжлүүлэн барилдах болсон. Өнөөгийн барилдааны хэв маягт нөлөөлсөн нэг тэмцээн бий. Тэр бол өнгөрсөн жилийн Армийн ДАШТ. Би өмнө нь энгэр, ханцуйнаас барьж барилддаг байсан. Тэр тэмцээнд түрүүлэхдээ ямар нэгэн хэв маягт баригдалгүй, задгай барилдсан. Тэгж байж барилдааны арга барилаа олсон.

-Та 11 настайгаасаа хойш жүдогоор хичээллэж байна. Арав гаруй жил амьдралаа холбосон спортоо орхих амаргүй байсан нь мэдээж. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Тэгэлгүй яах вэ. Ёстой хэцүү юм билээ. Жүдогийн тэмцээн үзэн, тамирчидтайгаа уулзахаар дотно санагдана. Жүдогийн зааланд ороход үнэр нь хүртэл дотно. Үндэсний бөхөөр барилдахыг аав дуртайяа зөвшөөрсөн. Харин ээж “Миний хүүгээс илүү жүдогийн мөн чанарыг ойлгох хүн байхгүй. Тууштай барилдсан нь дээр” гэдэг байлаа. Намайг спортдоо эргэн ирэхэд Д.Энхтөр багш их нөлөөлсөн. Надад “30 нас дөхүүлээд үндэсний бөхөөр барилдахад чи хэнээс ч дутахгүй. Үндэсний бөхийнхнийг жүдогоор барилд гэвэл хэн нь ч чам шиг чадахгүй. Тиймээс жүдогоор үргэлжлүүлэн барилдах хэрэгтэй” гэж үргэлж зөвлөдөг байлаа.

Багш, ээж хоёрынхоо үгэнд орж, жүдогоор дахин хичээллэсэн нь зөв болсон. Хэрвээ тэгээгүй бол дэлхийн медальтан болохгүй байж шүү дээ. Би бөхийн удамтай, хүргэн ах маань улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. -100 кг-д медаль хүртсэн Л.Отгонбаатар ч бас хоёр талаасаа бөхийн удамтай, хүргэн ах нь улсын гарьд Б.Гончигдамба. Нэг аймаг, нэг сумын хоёр бөх нэг жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн нь ховор тохиолдол. Отгоог ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд их баярласан. Бид хоёр энэ жил Азийн наадамд амжилт гаргаж чадаагүй. Хамт бэлтгэл хийж эхлэн, хүнд жинд барилдсан бөхчүүдээс үлдсэн нь бид хоёр. Бусад нь үндэсний бөхөөр барилдан, өөр салбарт өөрийгөө сорьж яваа. Бид хоёр “Үндэсний бөхөөр барилдсан бол өдийд улсын цол авчихсан даа” гэж ярилцдаг байлаа, нуугаад яах вэ. Жүдод үнэнч байж, тууштай хичээллэсний үр дүн гарлаа.

-Одоо ер нь аль төрлийнх нь бэлтгэлийг түлхүү хийж байна вэ?

-Жүдогийнхоо. Наадмын өмнө үндэсний бөхийн бэлтгэл хийж, зодоглодог. Үндэсний бөхөөр санасан амжилтаа гаргаж чадахгүй л байна. Энэ жил улсын наадамд барилдаагүй.

-Хоёр талаасаа бөхийн удамтай танаас жүдо төдийгүй үндэсний бөхөөр амжилт нэхэн, өвөө, аавынхаа цолд хүрээсэй, ахиулаасай гэх нь заримдаа дарамт болох юм уу?

-Багаасаа амжилтын төлөө зүтгэсэн, хүмүүс “Амжилт гаргах ирээдүйтэй” гэдэг байсан болохоор одоо бүр дассаан. Удамтай хүн бүхэн өндөр амжилт гаргаж чадахгүй. Удмаас гадна тухайн хүний хичээл зүтгэл, хөдөлмөр чухал. Аав, ээжийн талд том цолтой, чамгүй амжилттай цөөнгүй бөхтэй нь надад түшигтэй байдаг. Тамирчны жаргал, зовлонг сайн ойлгодог, үргэлж зөвлөдөг. Нагац ах улсын гарьд Ганбаатар, хүргэн ах, улсын гарьд Бат-Эрдэнэ нар намайг сайн дэмждэг, тусладагт баярлаж явдаг. Би эхээс тавуулаа, нэг эгч, гурван дүүтэй. Багаасаа бөх болохыг мөрөөдсөн, барилдсан. Намайг бага байхад манайх ОХУ-д амьдардаг байлаа.

Тэнд орос дасгалжуулагчийн дэгээр жүдо сурсан. Би багын биерхүү. Тиймээс тэр бүр мэх, техник заалгүй, хөдөлгөөний эвсэлтэй болгохын тулд байнга тоглуулж, дасгал хийлгэдэг байсан. Амжилтаа алтан медалиар эхэлж билээ. Оросын дэвжээнээс хүртсэн 10-аад медаль бий. Тэдгээрийн нэг нь л хүрэл. 2008 онд олон улсын хүүхдийн наадамд оролцсоныхоо дараа Монголдоо ирж, Хаштогтох багшийн удирдлагад бэлтгэл хийх болсон.

-Гэр бүлээрээ шилжиж ирсэн юм уу?

-Үгүй ээ, манайх Эрхүү рүү шилжин, би эмээгийндээ байдаг байсан юм. Жүдогоор бэлтгэл хийх, амжилт гаргахын төлөө гаргасан анхны том алхам маань тэр. Тухайн үед эмээгийнх Хайлаастад амьдардаг байв. Бэлтгэлдээ явах дуртай гэж жигтэйхэн. Би Хайлааст, Спортын төв ордон, “Их шавь” гэсэн маршрутаар таваргана. Гэр бүлийнхэнтэйгээ үргэлж холбоо барин, аав “Тэг, ингэ” гэж зөвлөдөг байсан болохоор гэрээ тийм ч их санаагүй ээ.

-Та 2014 онд залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч болж, шуугиулсан. Хамгийн дурсамжтай нь тэр тэмцээн мөн үү?

-Мөн байлгүй яах вэ. Тэр жил би залуучуудын дэлхийн аварга болох зорилго тавин, бүхнээ зориулсан. Энэ жил залуучуудын ДАШТ-д манай тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Миний амжилт булган сүүлтэй байж, дэлхийн олон аварга төрөх болтугай. Түрүүлэх магадлалтай 2-3 жүдоч бий.

-Тантай уулзахаар ирэхийнхээ өмнө нэлээд судлахад “Тийм амжилт гаргалаа, тэгж яллаа, ингэж дийлдлээ” гэхээс өөр барим, тавим мэдээлэл олдсонгүй. Хэвлэлд ч төдийлөн ярилцлага өгдөггүй юм билээ?

-Түвшээ ах хэвлэлийнхнээс бэргэдэг шүү дээ. Аварга ярилцлага өгөхгүй байхад бид далдаганавал ичмээр, онигоо болно шүү дээ.

-Хоёр хүүгээ тамирчин болгох бодол бий юү?

-Томыг нь Баяржавхлан, багийг нь Баярмагнай гэдэг. Заавал бөх болгоно, спортоор хичээллүүлнэ гэхгүй ээ. Том болоод юу сонирхох нь уу, түүнийг нь л харгалзана. Үнэнийг хэлэхэд тамирчин хүн ямар хэцүү, бэрхийг даван байж амжилтад хүрдэг билээ. Өөрийнхөө мэдэрч, туулж яваа замаар хүүхдүүдээ алхуулахыг тийм ч таашаахгүй.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Хөгжимд нугасгүй. Ялангуяа, гитар, төгөлдөр хуур тоглох дуртай. Бас гадаад хэл сурах сонирхолтой.

-Ихэвчлэн ямар ая тоглодог бол?

-Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн зохиосон аянуудад дуртай. Тухайн үед ямар ая санаанд орно, түүнийг л тоглодог. Сайхан ая тоглохоор сэтгэл уужраад, тайвширдаг. Тийм мэдрэмжийг дахин дахин мэдэрмээр санагддаг. Заримдаа бэлтгэл дээр гитар авч очдог юм. Тэгээд завсарлагаар нь гитар тоглон, тамирчидтайгаа хамт дуу дуулахаар ядарснаа ч умартдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)