Өөрөө хохирсон ч үрийнхээ хувь заяаг золиосолж болохгүй

Нярай хүүхдийг санаатайгаар егүүтгэж, хогийн цэгт хаясан сэртхийм хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан. Хүүхдийн хүзүү хөхрөлттэй, арьсанд нь цус хурсан бөгөөд амьсгалын хурц дутагдалд орсны улмаас нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр тогтоожээ. Эх хүн битгий хэл араатнаас ч гарамгүй дээрх хэргийг үйлдсэн бүсгүй угаалгын өрөөндөө амаржиж, улмаар хүүхдээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл бий. Өмнөх оны мөн энэ үед 30 орчим насны эмэгтэй хэдхэн хоногтой хүүхдээ Баянгол дүүргийн “Secret” зочид буудалд орхисон бол Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд нэг айлын хашаанаас нярайн цогцос олдсон нь иргэдийг сэртхийлгэсэн. Бага насны, ялангуяа нярай хүүхдээ санаатайгаар хаясан, амийг нь хохироосон энэ мэт хэрэг сүүлийн жилүүдэд ойр ойрхон гарах болсныг цагдаагийн байгууллагынхан онцоллоо.

Саяхан гэхэд хагас сар ч хүрэхгүй хугацаанд ийм хэрэг хоёронтоо гарав. Хуучнаар “Ард” кинотеатрын ойролцоо байрлах “Cirkle K” сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөний хогийн савнаас энэ сарын 1-нд нярай хүүхэд олдов. Цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллагаа явуулсны дүнд тухайн байгууллагын камерын бичлэгийг шүүж, хэрэгт холбогдогчийг илрүүлэн, амь нь дээсэн дөрөөн дээр байсан нярайг ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Энэ хэргийн шуугиан намжаагүй байтал 10-аадхан хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас “боодолтой” хүүхэд олдов. Хүүхдийг даавуунд ороон, яг л эд бараа шиг битүү уутанд хийж хаясан байсныг иргэд олж, цагдаагийн байгууллагад ханджээ. Өмнөговьд нүүрс тээвэрлэдэг жолооч жорлонгоос нярай хүүхэд олж, холбогдох байгууллагынханд хүлээлгэж өгсөн тухай сурвалжилга, ярилцлага сайтуудаар түгсэн ч энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэнэ.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хоолны газарт хүүхэд орхисон үйлдэл нь хүний аминд санаатайгаар хүрэх гэсэн оролдлого, заналхийлэл гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэгт холбогдогч 22 настай эмэгтэйг шуурхай илрүүлэн, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоосон. Нярайг эмнэлэгт хүргэхэд биеийн байдал нь хүндэвтэр байсан бөгөөд эмнэлгийнхэн одоо ч асарч, сувилж буй. Сэлэнгэ аймагт гарсан хэргийн эзэн холбогдогчийг одоо хүртэл (өчигдрийн байдлаар) илрүүлээгүй. Улс даяар зар, мэдээлэл түгээж, эрэн сурвалжилж байна” гэлээ.

Хүүхдээ санаатайгаар хаясан хэргийг Эрүүгийн хуулийн 16.3-т заасны дагуу шалгаж, шийдвэрлэдэг аж. “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газарт зориуд орхисон, оршин суугаа газраас нь хөөж, тэнүүчлэхэд хүргэсэн бол 5400-27 000 нэгжтэй дүйх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх хуульд тусгажээ. Харин хүндрүүлэх нөхцөлд нь “Хохирогчийн эрүүл мэндийн байдалд хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Түүнчлэн ийм хэргийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар давхар зүйлчлэн шалгадаг аж. Эл зүйл, заалтаар өнгөрсөн онд дөрвөн хүнд ял оноосон бол энэ жил (эхний арван сарын байдлаар) хоёр хэргийг шүүн тасалж, мөн тооныхыг шалгаж буй гэнэ.

Ийм хэрэг гарахад холбогдогчийг нийгэм даяар адалж, буруутгах хандлага түгээмэл. Гэтэл үүний цаана хүчирхийллээс улбаатай хүсээгүй жирэмслэлт, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл буруу төлөвлөлт гээд олон бугшмал үйлдэл давхар “нуугдаж” байдаг. Гэлээ ч өөрөө хохирсон гээд өрөөлийг давхар “шийтгэж”, гэмт хэрэг үйлдэж болохгүйг өсвөр үе, залуучуудад ойлгуулах нь чухал гэдгийг Б.Баатархүү онцоллоо. “Яг ямар шалтгааны улмаас хэрэг үйлдсэн буюу гэм буруугийн асуудлыг шүүх таслан шийдвэрлэдэг. Хөдөөнөөс ирсэн, гэр орон, эцэг, эхээсээ хол амьдардаг оюутнууд ийм үйлдэл хийх нь бий. Гэрийнхэндээ хэлэхээс, хичээл номоо завсардуулах вий гэж айсандаа ухаангүй үйлдэл хийдэг. Амьдралын шаардлагаар хол байгаа хүмүүс үр хүүхдэдээ ямагт санаа тавьж, жаргал, зовлонг нь хуваалцаж байх хэрэгтэй. Өрхийн эмнэлгийнхэн ч жирэмсний хяналтад авсан ээжүүдэд тавих анхаарлаа сайжруулж, удаан хугацаагаар ирэхгүй, алга болсон тохиолдолд бидэнд мэдээлэх нь чухал. Хүний амьтай холбоотой асуудал учраас хаана, хаанаа хариуцлагатай, сонор сэрэмжтэй байвал энэ төрлийн гэмт хэргээс сэргийлж чадна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)