​Өөрөө түрүүлээд “өнхөрчих” вий, Ерөнхий сайд аа


Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барихад хангалттай тооны гарын үсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа албан тоотдоо зуруулсан бололтой. Уг саналыг өргөн барихад ердөө 19 гишүүний гарын үсэг байхад л хангалттай ч өчигдрийн байдлаар 26 хүн Засгийн газрыг унагах ажиллагаанд нэгдээд буйг гишүүн Д.Хаянхярваа мэдээллээ. Тэд саналаа маргааш өргөн барих сураг ч чих дэлсэв.

Хэрэв тэд маргааш саналаа өргөн барьчихвал Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргах ёстой. Улмаар нэгдсэн хуралдааныг долоо хоногийн дотор хийж, огцруулах, эсэхийг нь шийдэхээр хуульд заажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ихдээ 14 хоногийн дотор энэ Засгийн газрын хувь заяаг шийдэж мэдэх нь. Хэдийгээр хаврын ээлжит чуулган завсарласан байсан ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах 30 гишүүний саналыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, 14 хоногийн дотор шийдэж байсан юм.

Огцруулах санал өргөн барих нэг хэрэг, үнэндээ хурууны үзүүрээр хийх ажил. Өмнөх Засгийн газрыг огцруулах кампанит ажил өрнөсөн үеэс УИХ дахь бүлэг нь 32:33 болон хуваагдсан Ардын намынхны дунд “Засгийн газрыг чинь огцруулна шүү” гэх айдас, заналхийлэл амилсан гэхэд болно.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт багтаж, огцруулахыг нь эсэргүүцэж байсан гишүүдийн халаасанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг өргөн барих 19 хүний санал, гарын үсэг ямагт бэлэн байсан. Гагцхүү гаргаж ирэх хугацаа нь л энэ цаг доор байсныг Ардын намынхан нэгэнт баталчихлаа. Харин огцруулах, эсэхийг шийдэх санал хураалт амаргүй, анхаарал татах нь ойлгомжтой.

Ердөө ганцхан гишүүний зөрүүтэй албан бус бүлгүүд санал хураалтад итгэлтэй оролцохын тулд ядаж л өөрийн хүмүүсээс бүгдээс нь дэмжлэг хүсэж таарна. Тиймээс ч Д.Хаянхярваа гишүүн албан тоо дээрээ 30-аас илүү гишүүний гарын үсэг цуглуулахын тулд “19 болчихлоо” гээд Засгийн газрыг огцруулах саналаа яаран өргөн барихгүй байгаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан, унагаагүй гэдгээрээ ялгарсан албан бус бүлгүүдийн хүчний харьцаа хэвээрээ буюу Ардын намынхан 32, 32-оороо хуваагдсан нь урьдынхаараа бол 30 гаруй гишүүнээр гарын үсэг цуглуулах нь тийм ч төвөгтэй биш.

Мэдээж УИХ-д үнэмлэхүй олонх болчихоод Засгийн газруудаа жилийн зайтай унагах нь Ардын намд ч, ард түмэнд ч сайн зүйл авчрах уу гэж нэлээд ул суурьтай бодож буй, яаран гарын үсэг зурахыг урьтал болгоогүй гишүүн байхыг үгүйсгэхгүй.

Гэвч албан бус бүлгүүдийн хүчний харьцаанд өөрчлөлт орсон байж болзошгүй дүр зураг Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хураалтаас ажиглагдсан. Түүнийг огцруулах, эсэхийг шийдэх эхний санал хураалт 29:29 харьцаагаар тэнцсэн ч Н.Номтойбаяр, Б.Дэлгэрсайхан нарын гишүүнийг нэмж оролцуулан дахин санал хураахад Д.Хаянхярваа “унасан”.

Эцэст нь бүлгийн даргаа огцруулахыг 32 гишүүн дэмжиж, 27 нь түүний эсрэг санал өгснөөр Д.Хаянхярваа албанаасаа буугаад байна. Мөн нэг гишүүн саналын хуудсыг хоосон буцаасан гэж байгаа. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй “бүлгийнхэн” нэг бус хүнээ нөгөө талд алдсан байж магадгүй гэсэн үг.

Тиймээс ч Д.Хаянхярваагийн талынхан нөгөөдүүлээс урвуулж, АН, МАХН-ынхан болон бие даагч гишүүнээс гарын үсэг биш юм гэхэд санал авах кампанит ажил эхлүүлчихсэн яваа. Өмнөх Засгийн газрыг огцруулахын төлөө гар өргөсөн Ардын намын гишүүдээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байгааг хэлж, гомдоллосон ч бий.

Сөрөг хүчний хувьд Ардын намынхны алдаа, хагарал бүр оноо авчрах учраас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг бүлгээрээ дэмжихэд гайхах зүйлгүй. Ж.Эрдэнэбатыг огцруулахад ч тэд тэгж л ажилласан. Гэхдээ одоогоор АН-ын гишүүд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байна.

Тухайлбал, гишүүн Я.Санжмятав “Намын хагарал, Засгийн газраа унагах, эсэхээс илүүтэй энэ улсын хөгжил, ирээдүйг бодох ёстой” хэмээн төвийг сахисан байр суурь илэрхийлээд байгаа бол Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг хоёр гараа өргөн дэмжихээ мэдэгдсэн.

АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлага нь ч Засгийн газрыг муу ажиллаж байна хэмээн шүүмжилж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг шаардаж байсан удаатай. МАХН-ын “ганц дайчин” О.Баасанхүү гишүүн ч Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буйгаа хэдийн хэлээд амжсан.

Бие даагч гишүүн С.Жавхлан өмнөх Засгийн газрыг огцруулахын төлөө санал өгч байсан нэгэн. Засгийн газрыг огцруулахыг зорьж яваа хүмүүс энэ мэтээр нэг нэгээр нь санал цуглуулж, тохирч чадвал У.Хүрэлсүхийг огцруулчихна. Ийнхүү УИХ-д 65 суудалтай Ардын нам олдвол өлдөхийн үлгэр болж, хоёр жилийн дотор хоёр Засгийн газраа унагасан гэх халаглам түүхийг тэд бичнэ.

“Эв нэгдэлтэй” гэх имижээ нэгэнт алдсан эрх баригчид одоо яахаас ч буцахгүй болчихсон байгаа. УИХ-ын дарга, нийслэлийн Засаг даргыг огцруулахаасаа өмнө У.Хүрэлсүх “өнхөрч” мэдэхээр байна. Уржигдар хийсэн Ардын намын бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналаа танилцуулсан ч хэлэлцээгүй.

Хуульд заасан тодорхой үндэслэлийн дагуу огцруулдаг албан тушаалтанд намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрээр халдаж болохгүй гэх үндэслэлээр хэлэлцээгүй. Хуульчид ч МАН-ын даргын үйлдэл нь “Монголд төрийн дээр нам гарсны илрэл” хэмээн шүүмжилж байна. Үндсэн хуулийн 24.2-т УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болохоор заасан байна.

Мөн УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд УИХ-ын дарга нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлтийг, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг УИХ хүлээж авсан, гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх талаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг огцруулахаар тавьж буй МАН-ын даргын санал нь дээрх үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй, ердөө л улс төрийн шийдвэр, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж хуульчид тайлбарлаж байгаа юм. МАН-ын даргын эл санал хэр хол явахыг мэдэхгүй ч УИХ-ын дарга М.Энхболдыг дээр дурдсан үндэслэлүүдийн аль нэгнээр огцруулахдаа тулбал тэр нь ихээхэн цаг хугацаа шаардсан, ээдрээтэй үйл явц болох нь гарцаагүй.

Мөн өчигдөр хуралдсан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид яаран ээлжит бус хурал зарласангүй, энэ сарын 29-нд дараагийн хуралдаанаа товлов. Засаг дарга С.Батболдын энэ онд хийсэн ажлыг “хангалттай” гэж үнэлсэн ИТХ-ын дарга С.Амарсайхан Удирдах зөвлөлөөс ирүүлсэн огцруулах саналыг 15 хоногт багтаан хэлэлцэхээ мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)