Өөрөг авахыг зааж өгнө

Өөрөг буюу сельфи зураг авах гэж байгаад амь насаа алдах залуусын тоо өсч байгаа тул ОХУ-ын Цагдаагийн газрынхан өөрөг зургийн аюул ослын талаар хичээл сургалт явуулахаар болжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас юуны өмнө “Аюулгүй өөрөг авцгаая” сэдэвт сургалтын материал гаргаж, олон нийтэд тарааж эхэлсэн байна. “Олон нийтийн сүлжээнд хэдэн сая лайк авлаа ч таны амь насны үнэд хүрэхгүй” уриатай энэхүү ухуулга сурталчилгаа нь залууст аминд халгүй зураг авахыг зөвлөж буй аж. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Елена Алексеева “Сүүлийн үед хүмүүст гайхуулах сельфи зураг авах гэж байгаад амь насаа алдсан тохиолдол их гарах боллоо. Хүмүүс уул хад, байшин барилгын дээвэр гээд аль болох аюултай газар зураг авахуулахыг хичээдэг боллоо” хэмээн ярьж байна. Энэ сарын 4-нд Москвад гүүрэн дээр өөрөг авах гэж байгаад залуу бүсгүй унаж, амиа алдсан бол Тула хотод 14 настай хөвгүүн цахилгаан утасны шон дээр зураг авах гэж байгаад тогонд цохиулан унасан аж. Мөн тавдугаар сард 21 настай бүсгүй гар буу барьсан өөрөг зургаа авах гэж байгаад санамсаргүй гохон дээр нь дарж, сум алдан шархадсан юм.  

М.Сугараа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)