Өөрсөд рүүгээ өнгийе

Замын түгжрэл дунд бухимдан нэг нэгэн рүүгээ омогдож буй жолооч, парламентын танхимд үг хэлээрээ уралцаж байгаа улстөрчид, дуугаа хадаан хэрэлдэж буй захын наймаачин авгай нар, хэдхэн минут дараалал хүлээж тэвчилгүй давшлан хашгичиж байгаа түрэмгий үйлчлүүлэгч гээд хаана л бол хаана ууртай хүмүүстэй бид таардаг. Харин боорлож буй ноход мэт олноороо нэг хүн рүү улангасан дайрч буй үзэгдлийг сошиал орчноос түвэггүй олж харж болно.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь хязгаарлагдмал байсан үе монголчуудад бий. Аль дуртайгаа сонгон хэрэглэж, юу дуртайгаа ярьж бичиж, бас хэвлэн нийтлүүлж болдог ардчилсан нийгэмд амьдарч буй бидний давуу тал хэтэрхий ёс зүйгүй, хүнлэг бус, увайгүй үйлдэл болж хувирсан юм биш байгаа.

Монголчууд цахим ертөнцтэй танилцаад уг нь төд удаагүй. Твиттер, фэйсбүүк ашигладаг болоод их сайндаа л 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Гэхдээ сошиал ертөнцийн давалгаа, хязгааргүй энэ эрх чөлөө заримдаа айдас төрүүлэх боллоо. Үгээр хүнийг үхүүлж ч болдог, бас сэхээж ч чаддаг амьдралын хууль энд ч бас үйлчлэх л учиртай сан.

Тархинд зурсхийсэн бодол уруул давж, бусдын сонорт хүртлээ тодорхой хугацаа шаарддаг бол, цахим энэ орон зайд хэдэн хуруугаа хөдөлгөөд л гүйцээ. Ямар ч цензургүй, нээлттэй, асар уудам орон зай. Хэн нэгнийг газар дор ортол гутаан доромжилж болно, эс бөгөөс тэнгэрт тултал нь магтаж долигононо. Цэц булаалдана, биенээсээ давж гарах гэж улайрна.

Учрыг нь ч гүйцэд ухаараагүй байж олныг турхирна, талцуулна. Бултаараа туйлширна, улстөржиж хэнхэглэнэ. Харин энд шударга үнэн хөсөр хаягдчих магадлалтай. Яагаад гэвэл хүний өөдөөс харж байгаад ганц үг хэлчихэж чадахгүй хүмүүс компьютерийн ард омогтой, чангаар “хашгичдаг” учраас тэр л дээ.

Цахим орчинд өрнөсөн маргаан, мэтгэлцээн дундаас шинэ содон дэвшилт санаа гэхээсээ илүү биенээ давж гарах гэсэн хувиа хичээсэн зан, монгол хүний муухай характер, үнэн төрх нэвт шувт харагдаад байх шиг санагддаг. Үгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол сошиал орчноор жаахан “тэнээд” үзээрэй л дээ.

Хоёр зууны тэртээ говийн ноён хутагт Данзанравжаа “Саваагүй нялх хүүхэд, самуун үгт гайхал хоёрын яриа” зохиолдоо:

... Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй

Омог ихтэй, үгэнд дуртай

Оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ…

Эв нь өндөг мэт хэврэг

Хэрүүлч нь цаасан буу мэт яйралдах

Хяналгүй нь суман могой харвах мэт

Аашлах нь олон зантай албин мэт

Анхандаа бэрээ мэт цохилох

Завсартаа тугалган жад мэт шантрах

Гуйрамч болбол дайсны боолд ч зарагдах

Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах

Өтлөхийг мэдэхгүй наслаад

Өнгөрсөн насандаа гомдох

Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах

Хуралд дуртай нь цөөн, хулгайд дуртай нь олон

Гаслах нь тэмээ буйлах мэт үргэлж

Дарвихдаа дарь хүхэр мэт авалцах

Буцан тусах нь олон

Бяраа мэдэхгүй хаан шиг загнах

Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах

Санаа нь юм бүрийг чадах

Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй

Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах

Гэнэдэхдээ бааст гараар хэрэм цохиод үмхэхийн үлгэр болох” хэмээн бидний үнэн нүүр царайг дүрслэн өгүүлжээ. Харин Инжинаш монгол хүний зан чанарын тухай “Хөх судар” романд “...Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгаг хагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн), санаа нь битүү, аж төрөх нь түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам.

Байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх цөс үгүй. Хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй” хэмээн бичсэн нь бий. Тэгвэл үүнээс хэзээ хойно, 1950-иад оны сүүлээр алдарт найрагч Р.Чойном:

...Хар элгийн хүн шохоорхон

Хайртай боллоо гэж давхиад

Эвийг нь ололгүй сээтэгнэж

Эгдүүг нь хүргэж орхиод

Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж

Элдвээр харааж зүхэж үлддэг

Түүнийгээ өсгөн өсгөн

Тэнгэрт тулсан зовлон тоочдог

Тоочсон зовлондоо өөрөө итгэж

Толгой мэдрэлийн солио тусдаг” гэж “Жаргал зовлон” найраглалдаа бичжээ.

Төдийгөөс өдий хүртэл монгол хүний зан араншин өөрчлөгдсөнгүй. Бид дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн удам, агуу гүрний үр сад гэж цээжээ дэлддэгээс биш өөрсдийгөө томруулдаг шилээр хэзээ ч тод харж байгаагүй билээ. Монгол судлаач Японы эрдэмтэн Кимүра Аякогийн бичсэн нийтлэлээс болж яаж ундууцаж, хөөрхий тэр эмэгтэйг элдвээр нь хэллээ дээ. “Монголчууд нүдэнд харагдах ашгаас

өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг”. Ингэж шүүмжилснийх нь төлөө тэр. Үнэн үг хэзээ ч гоё сайхан байдаггүй.

Хэдэн жилийн өмнө судлаач Ц.Ганхуяг “Монгол зан” хэмээх нийтлэл бичсэнийг олж үзлээ. Монголчууд биднийг туйлширдаг, туйлбартай биш, цэцэн оюунаар бус хар муйхраар аливаад ханддаг, баярхуу, дээрэлхүү, муу бүхэн шүглэсэн, энэ бүхнээсээ салах талаар нэг тунгаагаач ээ гэж бичсэнийх нь төлөө түүнийг хүмүүс сөрөг сэтгэгдлээр “булж” орхисон байх юм. Эрүүлээр сэтгэж, эмгэгээсээ салъя гэж дуугарч байгаа нэгнийгээ нийлээд балбадаг бид ийм л сэтгэлгээ бидний дунд давамгайлчихаж.

Хүний мууг нь дөвийлгөн магтдаг мөртлөө зөв зан, сайн явдлыг нь хачирхан хэлэлцдэгээ хэзээ бид болих вэ. Хажуудаа яваа хүнд хаясан хогоо авчихаач гэж хэлж чаддаггүй хүмүүс сошиалаар чанга дуугаар шүүмжлээд суудаг нь инээдэмтэй биз дээ.

Нийгмийн цахим сүлжээ газар авч, хүмүүс юу хүссэнээ бичдэг талбар болсныг буруутгах гэсэнгүй. Тэндээс залуу хойч үе маань суралцаж буйг үгүйсгэх аргагүй. Нэр ус, нүүрээ нууж байгаад дургүй хүнээ газар дор ортол нь муулж бах таваа хангаж болдог юм байна гэдгийг тэд харж байна. Хүний үг хулгай хийгээд ч болов ухаантай царайлж олон дагагчтай болж болдгийг, олны танил болох амархан гэдгийг бас тольдож суугаа.

Хууль, дүрэм үйлчилдэггүй, үл үзэгдэх энэ орон зайд хяналт цензур тавья гэж дөвчигнөмөөргүй байна. Элийрцгээж л байг гээд бас орхичихмооргүй юм шиг. Эртний мэргэдийн хэлсэн муухай монгол зангаа гээж яагаад болохгүй билээ. Томруулдаг шилээр татаж, өөрсдийнхөө дотор руу өнгийгөөд нэг үзье. Хөгжлийн тухай ярихаасаа урьтаад ухамсар, иргэншлийн асуудлыг сөхөж яривал яасан юм бэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)