Өсвөрийн шилдэг аврагчаар 23 дугаар сургуулийнхан тодорлоо

“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Онцгой байдлын ерөнхий газар, БСШУСЯ зэрэг байгууллагынхны санаачилгаар уг тэмцээнийг зохион байгуулав. Дөрвөн бүсээс тус бүр нэг, нийслэлээс шалгарсан нэг, шилдэг таван баг уг тэмцээнд өрсөлдөв. Тэмцээний дүрмийн талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, онолын мэдлэг, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт үүрэг гүйцэтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорилоо. Энэхүү тэмцээнд хурдтай байх нь бус, хариуцлага хүлээх л чухал” хэмээлээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилийн хугацаанд гурван шатлалаар зохион байгуулжээ. Эхний жил аймаг, дүүргүүд, дараагийн жил бүс, нийслэлийнхэн аваргаа шалгаруулсан аж. Сүүлийн шатанд бүс, нийслэлийн аваргууд өрсөлдөхөд Улаанбаатар хотын аварга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг тэргүүн байрт шалгарч, улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний ялагчаар тодорлоо. Дэд байрт Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор”, гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн “Шонхор” бүлгийнхэн эзлэв. Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Э.Дөлгөөн “Тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө цэргийн ангид байрлаж, бэлтгэлээ хангалаа. Эмэгтэй хүүхэд хүч багатай учир байнга бэлтгэл хийх амаргүй. Өглөө 06.00 цагт гүйж эхлээд, 07.00 цагт дуусгадаг. Дараа нь 08.00 цаг хүртэл дасгал хийнэ. Үргэлжлүүлээд хичээлээ хийдэг. Манай баг есөн гишүүнтэй, ихэвчлэн X, XI, XII ангийнхан багтсан” гэлээ.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)