Өр төлбөр, авлагыг бууруулах чиглэлээр ТӨХК-ын ТУЗ-ийн дарга нарт албан даалгавар өглөө

УИХ, Засгийн газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэх, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд үндэслэн алдагдал,  өр авлагыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  ТӨХК-уудын ТУЗ-ийн дарга нарт өнгөрөгч оны 12 сард албан даалгавар хүргүүлсэн. Уг албан даалгаварт 2012-2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, алдагдал, өр төлбөр, авлагыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг зорилтот түвшин бүрээр ханган биелүүлэх талаар тусгасан байна.

Мөн санхүү, төсвийн хэмнэлттэй горимд ажиллаж, үргүй зардал гаргахгүй байх, үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, алдалгүй ажиллахад дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээндээ худалдан авч байхыг даалгажээ. Дээрх албан даалгаваруудын үр дүнг сар бүр цахимаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хүргэж байхыг үүрэг болгосон байна. 

Түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх үнэлгээ, ажиллагсадын санал, дүгнэлтийг үндэслэн тухайн компанийн ТУЗ-ийн үйл ажиллагаа болон гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх, нийт ажиллагсдаас байгууллагын удирдлагын мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, зан харьцаа, ёс суртахуун, шударга байдлын талаар судалгааг 6 сар тутам авч нэгтгэн дүгнэх ажлыг ТӨБЗГ-аас зохион байгуулах аж. Санал асуулгаар хамт олноосоо 50 хувиас доогуур үнэлгээ авсан байгууллагын удирдлагад хариуцлага тооцож гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах, өгсөн удирдамж, чиглэлийг баримтлаагүй, хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд ТУЗ-ийн гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал ч хөндөгдөхөөр болж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)