ӨР ТААЗАНДАА ТУЛСАН Ч ХУУЛИЙН ЦООРХОЙ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай улсын Засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн дүнгээр 13.2 их наяд төгрөг байгаа бол өнөөгийн үнэ цэнээр 10.9 их наяд төгрөг болоод байна.

Өөрөөр хэлбэл, манай улс 13.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өртэй бөгөөд энэ өрийг өнөөдөр биш ирээдүйд төлөх учир үнэ цэнэ нь тодорхой аргачлалын дагуу буурч 10.9 их наяд төгрөг болжээ гэж ойлгож болох юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу бол өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) харьцуулдаг бөгөөд өрийн хэмжээ ДНБ-ий 45.5 хувьтай тэнцээд байна.

УИХ энэ оны эхэнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж 2015 оны төсвийн жилд өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Одоо хэрэгжиж буй зээлийн гэрээнүүд үргэлжлэхэд оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 58.3 хувьд хүрч шинээр зээл авах боломжгүй болох юм байна.

Мөн Сангийн яам ДНБ-ий хэмжээг энэ оны эцэст 24 их наяд төгрөг байхаар төсөөлж өрийн хязгаарыг тооцож байгаа. Өнгөрсөн оны эцэст ДНБ-ий хэмжээ 21.8 их наяд төгрөг байсан бол энэ онд 24 их наяд буюу 9.8 орчим хувиар өснө гэж тооцоолсон байна. Тиймээс ДНБ-ий хэмжээ Сангийн яамны төсөөлөлд хүрэхгүй бол өрийн хэмжээ таазаа давж гарах нь.

Хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас авсан Засгийн газрын зээл, гадаад зах зээлд гаргасан бонд, Засгийн газрын баталгаа, дотоодын бонд, татварын урьдчилгаа төлбөр, төсвөөс эргэн төлөх концесс зэргийг Засгийн газрын өрөнд оруулан тооцож байгаа.

Гэхдээ зөвхөн Засгийн газрын өрийн хэмжээ хуульд заасан шаардлагыг хангаж байна гэдэг нь бид өрийн дарамтаас айх хэрэггүй гэсэн үг биш аж. Засгийн газрын өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаанаас гадна аливаа улсын гадаад өрийн зохистой хэмжээг тодорхойлох олон шалгуур бий.

Тухайлбал, Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас гаргасан (ОУВС) гадаад өр болон ДНБ-ий харьцаа, гадаад өр болон экспортын харьцаа зэрэг нэлээд олон үзүүлэлтийг харж болно. Дэлхийн банк болон ОУВС-гийнхан хүчтэй бодлого, сайн институцитэй улс орнууд их хэмжээний өртэй байж болно гэж үздэг бол эсрэгээрээ сул бодлого, институцитэй, хөгжиж буй орнуудад өрийн хязгаар буюу сэрэмжлэх түвшинг тогтоож өгдөг байна.

Энэ шалгуураар манай улс хэвийн бодлоготой орны жагсаалтад багтаж байгаа бөгөөд Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүн нь экспортын 150 хувь, төсвийн орлогын 250, ДНБ-ий 40 хувиас бага байх нь урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангаж байна гэж үздэг.

Энэ бол олон улсын тэргүүлэх байгууллагын эдийн засагчдын удаан хугацаанд хийсэн судалгааны үр дүнд гаргасан тооцоо юм. Эндээс Засгийн газрын өр ДНБ-ий 45.5, эсвэл 58.3 биш 40 хувь байх нь манай улсын эдийн засгийн чадавх, нөөц боломжинд тохирно гэдэг нь харагдаж байна.

Гэтэл манай эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар Засгийн газрын өр ДНБ-ий харьцааг бараг 60 хувьд хүргэчихээд байна. Манай улсын төсвийн гол манаач болсон энэ хуулийг боловсруулахдаа Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагын зөвлөмжөөс гадна дотоодын эдийн засагчид манай улсын нөхцөлд дээрх харьцаа нь ямар хэмжээнд байвал зохистой вэ гэдгийг ч сайтар бодож тусгасан гэдэг.

Гэтэл уг хуульд зөвхөн энэ онд гэхэд гурван удаа нэмэлт өөрчлөлт, оруулсан байна. Манай улс хуулиа өөрчлөх бүрт олон улсад үнэлэмж буурч, Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэн өдөр хоног өнгөрөх тусам дахин санхүүжилтын зардал нэмэгдсээр байгаа гэнэ.

Дэлхийн банк, ОУВС-гийн шалгуураар бол манай улсын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өр экспортын 170 орчим хувь буюу боломжит түвшинд байна. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого хагас их наяд төгрөгөөр тасраад байгаа бөгөөд оны эцэс гэхэд төсвийн алдагдал нэг их наядыг давах тооцоо байгааг мартаж болохгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа, их наяд төгрөгөөр


Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өрөнд Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг болон баталгааг багтаадаг.

Гэтэл УИХ уг хуульд энэ оны хоёрдугаар сарын 18 болон тавдугаар сарын 21-нд нэмэлт оруулж “Эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, баталгаа нь өрийн хязгаарт хамаарахгүй” гэж заасан.

Үүнээс гадна төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд хамаарахгүй байхаар тусгасан байгаа. Хэдийгээр төрийн өмчит компаниуд авсан зээлээ өөрсдөө төлөх ёстой ч төлж чадахгүй болсон тохиолдолд төсвөөс нөхөх учиртай. Тиймээс төрийн өмчит компанийн өрийг Засгийн газрын өрөнд оруулан тооцох ёстой гэдгийг зарим эдийн засагч хэлж байна.

Төрийн өмчит компанийн өр болон Засгийн газрын эрчим хүч, төмөр зам, уул уурхай зэрэг салбарын зээлийн баталгааг Засгийн газрын өрөнд хамруулан тооцвол хуульд заасан 58.3 хувийг давахаар байна. Үүнээс гадна Засгийн газар зөвхөн өнгөрсөн зургадугаар сард гэхэд 325 сая ам.доллараар өрөө нэмэв.

 

Эдийн засагч Х.Батсуурь “Засгийн газрын шинээр авсан зээлийг өмнөхтэй нь хамт тооцвол өрийн хэмжээ хуулийн хязгаар болох 58.3 хувийг давсан байж болзошгүй” гэв. Засгийн газрын өрийн хэмжээ хуульд заасан таазандаа багтсан ч өрийн бусад үзүүлэлт аль хэдийнэ сэрэмжлэх түвшинд хүрчихээд буйг илтгэж байна.

УЛСЫН ӨР

Монголбанкны мэдээллээр манай улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 20.9 тэрбум ам.доллар буюу 41.4 их наяд төгрөг болоод байна. Энэ нь манай улсын өнгөрсөн оны ДНБ-ээс 1.9 дахин их тоо юм.

ДНБ-ээсээ бараг хоёр дахин их гадаад өртэй байна гэдэг нь дан ганц уул уурхайн салбараас хэт хамааралтай, эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй, эдийн засгийн дотоод потенциал муутай манай орны хувьд маш хурдан хугацаанд гадаад өрийн дарамтад орох боломжтой аж. Эдийн засагч Х.Батсуурь “Зөвхөн Засгийн газрын өрөнд тогтоосон хязгаар ярьдаг.

Гэтэл манай улсын хувьд хувийн хэвшлийн өр маш чухал. Тиймээс эдийн засагт чухал нөлөөтэй хувийн хэвшлийн өрийг орхигдуулж байгаа үед Засгийн газрын өрийг хэчнээн яриад өнөөгийн бодит дүр төрх, эдийн засагт учруулж буй өрийн эрсдэлийг харж чадахгүй. Хувийн хэвшлийн өрийн зарим хэсэг нь Засгийн газрын баталгаатай байгаа учраас эргээд төсөвт дарамт болох нь гарцаагүй” гэв.

Мөн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Манай гадаад актив, пассивын зөрүү маш их болсон. Энгийнээр хэлбэл бид гурван тэрбум ам.долларын авлагатай, гаднын оруудад төлөх 24 тэрбум ам.долларын өртэй байна л гэсэн үг.

Манай улсын гадаад өр өсөх тусам гадаадын хамаарал нэмэгдэж, дарамт ихэснэ. Миний харж байгаагаар манай улсын эдийн засгийн хүчин чадал, эргэн төлөгдөх чадвараас харахад өрийн хэмжээ дээд цэгтээ тулчихаад байна” гэлээ.

Монголбанк Хятадын Төвбанктай своп хэлэлцээ хийж одоогийн байдлаар 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юань авч ашиглаад байна. Энэ нь мөн л манай улсын өрөнд хамаарна. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Монголбанк Хятадын Төвбанктай 15 тэрбум юанийн своп гэрээ хийх эрхтэй байгаа. Төвбанкны өр бол ирээдүйд ирэх гадаад валютын дарамт мөн.

Миний харж байгаагаар үүнийг Засгийн газрын өрөнд хамруулан тооцох хэрэгтэй. Учир нь Төвбанк өөрөө валют үйлдвэрлэхгүй шүү дээ” гэлээ. Мөн ОУВС-гийн Засгийн газрын өрийг тооцдог аргачлалд ч Төвбанкны өрийг Засгийн газрынхад оруулан тооцдог байна.

ӨРИЙН ДОХИО АСЛАА. ОДОО ЯАХ ВЭ

Нээлттэй нийгэм форумын захиалгаар хийсэн “Засгийн газрын гадаад өрийн тойм” судалгаанд Засгийн газраас Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудын үндсэн төлбөр болон хүүг хэрхэн төлөх нарийвчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулж УИХ-аар нэн яаралтай батлуулах шаардлагатай байгааг дурдсан байна.

Үүнээс гадна дефолт болбол гадаад бонд болон бусад гадаад өр төлбөрөө барагдуулах ямар арга хэмжээ авах, үүнээс өмнө яах ёстой вэ гэдгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна гэжээ. Манай улсын өрийн хэмжээ Грек шиг дампуурлаа зарлах хэмжээнд очоогүй боловч сэрэмжлэх түвшинд хүрсэн.

Одоогийн байдлаар төсвийн орлогын 13 орчим хувийг өрийн төлбөрт зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна. 2017 оноос өрөө төлж эхлэхээр доод тал нь төсвийн орлогын 30 хувийг өрийн төлбөрт өгөх тооцоо байгааг эдийн засагч Х.Батсуурь хэлж байна. Манай улсын төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай, экспортын орлого буурсан үед энэ их өрийг дарамтад оролгүй яаж барагдуулах вэ.

Одоогийн байдлаар Засгийн газар өрийн төлбөр барагдуулах хугацаанаас өмнө илүү хямд өртөг, урт хугацаатай өрөөр дахин санхүүжүүлэх аргыг илүүд үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сард нэг тэрбум ам.долларыг бонд арилжих шийдвэр гаргасныг өмнө дурдсан. Мэдээж хэрэг өрийг өрөөр дахин санхүүжүүлэх нь байж болох хувилбар ч одоогийн нөхцөлд өмнө авсан өрөөс илүү сайн нөхцөлтэй зээл авах боломж бага аж.

Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын үнэлгээний гол гурван агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж хоёр нь урт хугацааны төлөвийг сөрөг болгосон үед бидэнд хямд өртөгтэй, урт хугацаатай зээл авах боломж бага байна.

 

Хамгийн сүүлд арилжсан нэг тэрбум юанийн дим сам бонд гэхэд 7.5 хувийн хүү, гуравхан жилийн хугацаатай байсан юм. Ямартай ч өрийг өрөөр дахин санхүүжүүлэх хувилбарыг сонгож байгаа тохиолдолд ирээдүйд дахин дарамт болохооргүй байх ёстой гэнэ.

Мөн эдийн засагч Г.Дугаржав “Дефолт болохоос өмнө олон улсын зах зээл дээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тухайлбал, олон улсын банк санхүүгийн томоохон байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудад хандаж, урт хугацаатай, хүү багатай зээл авах хэрэгтэй.

Би дэлхийн зарим томоохон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж байсан. АНЭУ-ын “Алманхал” группийн төлөөлөгчид таван тэрбум ам.доллар өгье. Түүнтэй тэнцэх нүүрсийг дараа нь манайд өг гэсэн маш боломжийн санал тавьж байсан. Иймэрхүү санал тавих хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарч ажиллах хэрэгтэй.

Үүнээс гадна өрийнхөө зарим хэсгийг төлөх баталгааг зарим ордоо барьцаалах хэлбэрээр гаргуулж болно” гэлээ. Мөн манай улсын хувьд өрөө төлөх хугацааг сунгах аргыг ч хэрэглэж болох юм.

АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр тасарч, алдагдал 570 тэрбум төгрөгт хүрчээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, боловсруулаагүй нефтийн хэмжээ буурав.

Тиймээс гаднаас хямд өртөгтэй мөнгө хайхаас гадна төсвийн тодотголыг яаралтай хийж зардлаа бууруулах хувилбарыг сонгох хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна. Эдийн засагч Б.Дөлгөөн “Манай улсын төсөв алдагдалтай байна.

Гадаад худалдаа алдагдалтай бол тухайн улс хэрхэн хөгжих нь тодорхойгүй байдаг. Гадаад худалдаа ашигтай байгаа боловч төлбөрийн тэнцэл алдагдалтай байна. Энэ нь гадагшаа валют урсаж байна л гэсэн үг. Алдагдлыг багасгах ёстой.

Тиймээс төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэй байна. Улс төрийн аль нэг нам энэ талаар санаачилга, шийдвэр гаргах чадвартай болмоор байна” гэлээ. Засгийн газраас энэ онд бүсээ чангалсан төсвийн төслийг УИХ-д оруулсан ч дэмжлэг аваагүй.

Гэхдээ тухайн үед төсвийг танах шаардлагатай гэж үзсэн бол одоо нөхцөл байдал бүсээ чангалахаас өөр аргагүй байдлыг биднээс шаардаж байна.

Н.САНЖААСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)