Өрөө нэмэх үү, бүсээ чангалах уу

Сонгуулийн үр дүнгийн дагуу шинээр бүрэлдсэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ УИХ-ын хамгийн түрүүнд хийх ажил бол төсвийн тодотгол” гэж мэдэгдсэн. Тэрбээр шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийнэ хэмээн дурдсан юм. Сонгуулийн өмнө сөрөг хүчнийхэн болон нөлөө бүхий эдийн засагчид төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж эрх баригч МАН-ынхныг шахаж байв. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзээд хөдлөөгүй. Үүнийг төсөвт тодотгол хийвэл сонгуульд оноо алдана гэсэн улс төрийн нүүдэл байсан гэж зарим шинжээч үзэж байлаа. Нөгөө хэсэг нь МАН-ыг дэмждэг бизнесменүүдэд тендер өгөхийн тулд төсөвт тодотгол хийхгүй гүрийж байна гэж харсан. Ямартай ч төсөвт тодотгол хийх нь тодорхой болсон. Тодотгол хийхгүй бол улс орны санхүү цааш “алхахад” ярвигтай болсныг энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүд ч харуулж байна.

...Эдийн засагчид үр ашиг багатай, зайлшгүй шаардлагатай биш бол барилга байшин барих ажлыг хойш нь тавих хэрэгтэй гэж үзэж буй. УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдсон хүмүүс ч төсвийн тодотгол хийхэд ийм шаардлага тавих болов уу. Тодотгол хийхдээ дор хаяж 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг царцаана гэж таамаглая...

Дахин сануулахад, энэ оны төсвийг 13.8 их наяд төгрөгийн зарлага, 11.7 их наядын алдагдалтай байхаар баталсан. Ингээд алдагдал нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн алдагдлын тэн хагас нь эх үүсвэртэй гэж тайлбарлаж байлаа. Тэгэхээр нэг их наяд төгрөгийн эх үүсвэргүй алдагдалтай төсөв баталсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс зээлж, зарлагаа нөхөх хэрэг гарна.

Төсвийн орлогын дийлэнхийг татвараар бүрдүүлдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.7 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ. Эл үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, татварын орлого 703 тэрбум төгрөгөөр буурчээ. Төсвийн алдагдал одоогоор ийм хэмжээгээр өссөн гэсэн үг. Дараагийн хагас жилд татварын орлого хэр хэмжээгээр буурах нь тааварлашгүй. Өнөөгийн төсөөллөөр бол татварын орлого өмнөх жилийнхээс нэг их наяд гаруй төгрөгөөр буурах нь тодорхой. Мөн л төсвийн алдагдал дээрх хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

Энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтээс төсвийн зарлага өссөн нь ихээхэн анхаарал татаж байна. Төсвийн зарлага 2020 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.6 их наяд төгрөгөөр өсжээ. Дэлхийн дахинд “Ковид-19” өвчин тархаж, улс бүр хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнтэй холбоотойгоор ажил, үйлчилгээ саатан, компаниуд орлогогүй болсныг бүгд мэднэ. Компани орлогогүй болохоор ажилтнуудаа цалингүй амраасан. Ингээд иргэд орлогогүй болж эхэлсэн. Ийм эгзэгтэй үед олон орны Засгийн газрууд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд халамжийн зардлаа өсгөсөн юм. Манай улс ч бусдын жишгээр халамжийн зардлаа өсгөсөн. Тухайлбал, нэг хүүхдэд сард 20 мянган төгрөг олгодог байсан бол тав дахин нэмж, 100 мянгад хүргэв. Ажлын байргүй болсон хүмүүст 200 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Энэ мэт халамжийг дэмжсэн бодлого төсвийн зардлыг өсгөв. Төсвийн зардал “Ковид-19” өвчин тархахаас өмнө тооцож байснаас өссөн гэсэн үг. Хэрэв төсвийн зардлыг бууруулахгүй бол 14 их наяд төгрөгөөс давах нь дамжиггүй.

Төсвийн зарлагыг 2019 оныхоос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон. Орлогыг нь өмнөх жилийнхээс 1.8 их наяд төгрөгөөр өснө гэж төсөөлсний үндсэн дээр зарлагыг ийн нэмсэн юм. Гэтэл “Ковид-19” Засгийн газрын өөдрөг төсөөллийг нураалаа. Төсвийн орлого энэ жил 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь бүү хэл 2019 оны түвшинд хүрэх, эсэх нь эргэлзээтэй байна. Орлого төсөөлснөөс илүү их хэмжээгээр буурна. Тэгэхээр Засгийн газарт төсвийн тодотголын төслийг бэлтгэхдээ хоёр сонголтын аль нэгийг баримтална.

Төсвийн зарлагаа бууруулахгүйгээр өссөн алдагдлыг өр тавьж хаах нэг сонголт бий. Энэ тохиолдолд Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр нэмэгдэх нь ойлгомжтой. Нөгөөх нь төсвийн орлоготой харьцуулан зардлаа танаж, зарим шаардлагагүй хөрөнгө оруулалтаа царцааж, алдагдлыг багасгах сонголт. Энэ тохиолдолд арай бага хэмжээний өр тавина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар их хэмжээний өр тавих уу, бүсээ чангалах уу гэсэн ярвигтай сонголт хийнэ гэсэн үг.

Эдийн засгийн нөхцөл Засгийн газарт ийм ярвигтай сонголт хийх шаардлага тулгаж буй. Яагаад ярвигтай гэвэл, бүсээ хэт чангалж, төсвийн зардлаа танавал эдийн засаг дагаад хумигдана. Төсвийн хөрөнгө оруулалтаараа дамжуулж, эдийн засгаа тэтгэх бодлого баримтална гэвэл их хэмжээний өр тавихаас өөр аргагүй. Тэгэхээр УИХ өрөө их хэмжээгээр нэмэхгүй байх, үүний хажуугаар эдийн засгаа тэтгэх бодлогын гаргалгаа хайсан тодотгол хийнэ гэж дүгнэе. Шинээр эмхлэн байгуулсан Засгийн газарт Сангийн сайдаар дахин томилогдсон Ч.Хүрэлбаатарт ямар гаргалгаа байгаа бол. Тэрбээр төсвийн бодлогоор дамжуулж, эдийн засагт ямар тоглолт хийх бол. Энэ бол анхаарал татсан сэдэв байх нь гарцаагүй.

Төсвийн зардлыг танахдаа хөрөнгө оруулалтыг царцаадаг нь бараг хэвшил болсон үзэгдэл. Энэ оны төсөвт 1.9 их наяд төгрөгөөр барилга барьж, зам, гүүр тавьж, инженерийн шугам сүлжээ татна гээд тусгачихсан байгаа. Эдийн засагчид үр ашиг багатай, зайлшгүй шаардлагатай биш бол барилга байшин барих ажлыг хойш нь тавих хэрэгтэй гэж үзэж буй. УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдсон хүмүүс ч төсвийн тодотгол хийхэд ийм шаардлага тавих болов уу. Тодотгол хийхдээ дор хаяж 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг царцаана гэж таамаглая.

Манай улсын эдийн засгийн идэвхжил зэс, нүүрсний экспортын орлогоос маш их хамаардаг. Байгалийн баялгийн дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай “Голланд өвчин” тусчихсан эдийн засагтай улс, бид. “Ковид-19” өвчин тархаж, улс орнууд хилээ хааснаар манай улсын энэ өвчин сэдэрсэн. Манайхан ч хилээ хааж, нүүрсний экспортоо хэсэг хугацаанд зогсоосон. Экспортыг зогсооно гэдэг бол тодорхой хэмжээний орлого орж ирэхийг хаана гэсэн үг. Ингэхээр эдийн засгийн идэвхжил саарна. Эдийн засгийн идэвхжил аль хэдийн саарсныг татварын орлого 703 тэрбум төгрөгөөр буурснаас харж болно.

Эрдэс түүхий эдийн экспортын орлого буурсныг энэ оны эхний хагас жилийн үзүүлэлт харуулжээ. Дээрх хугацаанд зэсийн баяжмалын экспортын орлого 321.4, нүүрснийх 852.7 сая ам.доллароор буурсан байна. Энэ бол нийт орлогын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний бууралт. Эдийн засагт том цохилт гэсэн үг. Шинжээчид сүүлийн хагас жилд зэсийн баяжмал, нүүрсний экспортын орлого өснө гэсэн төсөөлөлтэй байна. Гэвч өмнөх шиг өндөр хэмжээнд хүрэхгүй. Энэ оны төсвийг батлахдаа 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Нүүрсний экспорт уг тооцооллын талд хүрэх магадлалтай. Товчоор хэлбэл, төсвийн тооцоолол сууринаас өөрчлөгдсөн хэрэг. Тиймээс энэ удаа тодотгол хийхдээ төсвийн тооцооллоо сууринаас нь зөв төсөөлөх шаардлагатай. Тэгээд өрөө их хэмжээгээр нэмэх үү, бүсээ чангалуулах уу гэдгээ шийдэх учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)