Өрөө нэмэх төлөвлөгөө

Монгол Улсын Засгийн газрын өр 2018 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 97.5 хувьтай тэнцэх нь. Өөрөөр хэлбэл, 26.7 их наяд төгрөгт хүрнэ. Шинэ Засгийн газар ийм төсөөлөл хийчихээд сууж байна. Энэ бол “Бид нэмж өр тавина шүү” гэж зарлаж буй хэрэг. Уг нь МАН-ынхан “Өр нэмэхгүй” гэсэн улс төрийн амлалт өгсөн. Тэднийг сөрөг хүчин байх үед Засгийн газар өр тавих нь гутамшигт явдал байлаа. Засгийн эрх барихаар сонгогдсон тэд өр тавихгүйгээр улс орныг жолоодох эдийн засгийн нөхцөл тун хомс гэдгийг нэгэнт ойлгожээ. Тиймээс ил цагаан ярилцаад, өр тавиад эдийн засгаа тэтгэсэн нь дээр.

Засгийн газар энэ оны долдугаар сарын байдлаар 17.6 их наяд төгрөгийн өртэй байлаа. Тэгэхээр ирэх хоёр жилд 9.1 их наяд төгрөгийн өр нэмж тавих нь. Юунд зарцуулах, яах гэж ийм хэмжээний өр тавих нь вэ гэж гайхаж магадгүй. Энэ хөрөнгөөр эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авах нь гарцаагүй. Гэхдээ улстөрчид багахан хэсгийг нь хумсалж магадгүй л юм. Хянах арга даанч алга.

Зээлгүй Монгол дээлгүй гэдэг үг үнэн болжээ. Өмнө нь олон улсын зах зээлд гаргасан “Чингис”, “Самурай”, “Мазаалай”, “Дим сам” бондыг эдийн засгаа тогтворжуулахын тулд арилжсан байдаг. Эдийн засгаа хямралын ангалд унагахгүйн тулд өнөөдөр ч өөр ямар нэгэн бонд худалдах хэрэгтэй байна. Хэрэв Засгийн газар зээл авахгүй бол монголчууд хуучирсан дээлээ сольж чадахгүй.

Монголбанкныхан 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахгүйгээр эдийн засгаа тогтворжуулах боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Засгийн газар хаа нэгэн газраас, хэн нэгнээс зээл авах нь гарцаагүй. Эрх баригчид төсвийн тодотгол хийхдээ Монголбанкнаас хязгааргүй хэмжээний зээл авах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Товчхондоо, Төвбанкны тухай хуулийг өөрчилж, өөрсдөө ийм хаалга нээсэн хэрэг. Монголбанкаар мөнгө хэвлүүлж, төсвийн алдагдлыг нөхөх нь алдаатай бодлого. Эдийн засгаа улам л сульдаана. Тэгэхээр төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гадаадаас л зээл авах шаардлагатай.

Олон улсын зах зээлээс хөрөнгө татах олон хувилбар бий. Үнэт цаас буюу бонд гаргах, олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах гэсэн хоёр сонголт байгаа. Бонд гаргавал хүү нь 10 хувиас дээш тогтох магадлалтай. Үнэтэй мөнгө зээлбэл өрийн дарамт улам нэмэгдэнэ. Иймээс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хямд зээлээр эдийн засгаа босгох сонголтыг олон эдийн засагч дэмжиж буй. Монголбанкныхан ч дүн шинжилгээ хийж үзээд, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэгаргасан удаатай.

Зээл авах өөр нэгэн хувилбар Төрийн ордонд нэлээд яригдсаныг эх сурвалж дуулгав. Тэр нь навигацын орлогоо барьцаалан хагас тэрбум орчим ам.доллар зээлэх тухай яриа юм. Энэ жилийн төсвийн тодотголд навигацын орлогоос 103 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцжээ. Барьцаа нь найдвартай учраас хүү нь багасна. Бас санадаг л санаа.

Ам.долларын хомсдолоос шалтгаалж Төвбанк мөнгөний хатуу бодлого барьж буй өнөө үед валютын зээл авах нь чухал. Хэрэв нэг тэрбум ам.долларын зээл авбал Төвбанкныханд бодлогын хүүгээ бууруулан, эдийн засгаа идэвхжүүлэх орон зай үүснэ. Эдийн засагт дефляц үүсчихээд байхад Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталсаар байгаа нь ам.долларын хомсдолтой холбоотой.

2016 оны төсвийг тодотгож, Засгийн газрын өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 88 хувьтай тэнцүүлэн өөрчилсөн. Энэ оны эцэст Засгийн газрын өр 22.3 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 81.3 хувьтай тэнцэх аж. Долдугаар сард Засгийн газрын өр 17.6 их наяд төгрөгтэй тэнцүү байсныг дээр дурдсан. Тэгвэл энэ онд 4.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Сангийн яамныхны тооцооллоос харвал, Засгийн газрын дотоод өр 1.8, гадаад нь 1.4, зээлийн баталгаа нь 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх юм байна. Дотоод өрийг задалбал, бондын өр 1.2, концессынх 600 тэрбум төгрөгөөр өсөх нь. Тэгвэл гадаадын бондын өр 500, зээл 900 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юмсанж.

Эрх баригч намынхан Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төсөвт нэгтгэсэн. Мэдээж Төвбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн санхүүжилт Засгийн газрын дотоод өрийг нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Тухайлбал, “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 322 ширхэг хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Төвбанк 374 тэрбум төгрөг хэвлэсэн. Энэ бол Засгийн газрын дотоод өрийг нэмэгдүүлэхэд нэлээд жин дарах хэмжээний мөнгө.

Эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа. Амаргүй нөхцөлийг даван туулахын тулд хэнээс хэдэн төгрөг зээлэх шаардлагатай вэ? Сангийн яамныхан өрийн талаар тайлбар хийхээс татгалзсаар л байна. Засгийн газрын өр ямар шалтгааны улмаас огцом нэмэгдсэн болон дахин хэдэн төгрөгийн зээл авах шаардлагатай байгаа талаар мэдээлэл авахаар тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэлд хандлаа. Гэвч “Төсвийн хуулийг өргөн барихын өмнө мэдээлэл өгөх нь зохисгүй. Сайдаас чиглэл авсны дараа болъё” гэсэн хариултыг мэргэжилтнээрээ дайв. Өр нэмэгдэх нь гарцаагүй. Өнөөдрийн Монгол өр тавихгүйгээр өөдлөхгүй нь ч ойлгомжтой.

Сангийн яамныхан тун удахгүй УИХ-д 2017 оны төсвийн хуулийг өргөн барина. Монголбанкныхан мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ хэлэлцүүлнэ. Төсөв, санхүүгийн хоёр том баримт бичгээс манай улсын эдийн засгийн ирээдүй хэрхэх нь баримжаалагдах учиртай. Монголбанкныхан төсвийг алдагдалгүй батлахыг Засгийн газраас “гуйсаар” байгаа. Ингэвэл Засгийн газар өр нэмэгдэхгүйгээс гадна мөнгөний бодлогоор эдийн засгаа тэлэх орон зай ихсэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)