Өрөөлийг биш юм гэхэд өөрийгөө бодож бохир өрсөлдөөнөөс татгалзаарай, нэр дэвшигчид ээ

МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 76 хүнтэй хариуцлагын гэрээ байгуулж үлгэрлэв. АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав хар сурталчилгаа явуулахгүй, бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг бүх нэр дэвшигчид уриаллаа, сайн хэрэг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн нам, эвслийн нэр дэвшигчид тодорсноос хойш цөөнгүй улстөрч хар хоргүй, сэвгүй сайхан өрсөлдөхийг бусдадаа уриалж байна, зөв жишиг. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар сонгогдох гэж байгаа нь ч, сонгогч нь ч муу соёл, жишиг хэдийн тогтоож, Монголын улс төрийн “эх”-ийг булингартуулсан. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Одоо хангалттай.

...Цар тахлын үед болж буй энэ удаагийн сонгуулиар кампанит ажил, сурталчилгааны цахим хувилбар цар хүрээгээ улам тэлнэ. Тэглээ гээд улс төр, сонгууль, энэ бүхний үр дүнд бүрдэх УИХ, төрийн эрх барих дээд байгууллагыг улам бохирдуулах ажилд улс төрийн намууд уралдан оролцох хэрэггүй. Энэ удаагийн сонгуулиас эхлээд илүү цэвэр, бодлогын өрсөлдөөн өрнүүлэх нь зүйтэй. Үүнд улс төрийн голлох хүчний хувьд АН, МАН гарцаагүй манлайлж, үлгэрлэж, оройлж оролцох үүрэгтэй...

Сүүлийн жилүүдэд буюу УИХ болон Ерөнхийлөгчийн өнгөрсөн 1-2 удаагийн сонгуулийн кампанит ажил төдийгүй ер нь улс төрийн аливаа үйл явцыг цахим орчноос ангид авч үзэх аргагүй болсон. Энэ нь зөвхөн манай улсад бус, дэлхий нийтээр ажиглагдаж буй нийтлэг үзэгдэл л дээ. Гэхдээ сонгуулийн үеэр манайд олон нийтийн сэтгэл хөдлөлийг улс төрийн зорилгоор ашиглах таатай орчин нь цахим орчин, тэр дундаа нийгмийн сүлжээ болж хувирдаг. Нөгөө талаас сонгуулиас сонгуулийн хооронд саналаа өөрчилдөг, үзэл бодлын хувьд төлөвшөөгүй, хаашаа ч эргэж мэдэх “хөвөгчид” Монголын нийт сонгогчийн 30 орчим хувийг эзэлж буй. Гэтэл нийгмийн сүлжээний гол хэрэглэгч болох 35 хүртэлх насны сонгогчдод тэдгээр худал, сөрөг мэдээлэл нь хүчтэй нөлөөлдгийг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр хийсэн судалгааны үр дүн харуулдаг. Тухайлбал, фэйсбүүк нь нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл авч буй хоёр дахь том суваг болж байсан бөгөөд фэйсбүүкээс улс төр, сонгуулийн талаар голчлон мэдээлэл авдаг хэрэглэгчдийн дийлэнх нь 35-40 хүртэлх насны, Улаанбаатар болон бусад аймгийн төв, суурин газарт амьдардаг, бүх түвшний боловсролтой хүмүүс байсан аж. Өөрөөр хэлбэл, фэйсбүүкт тулгуурласан сурталчилгаа, тэр дундаа өрсөлдөгчөө харлуулсан, сөрөг, худал мэдээлэл нь сонгогчдод хүчтэй нөлөөлсөн гэсэн үг. Энэ үзүүлэлт 2020 оны сонгуульд байр ахина уу гэхээс ухрахгүй болов уу.

Цахим орчинд худал, бүр гүтгэлэг, сөрөг мэдээлэл, тухайн нам, эвслийн дэвшүүлсэн бодлогын талаар ярих бус, нэр дэвшигчийнх нь гэр бүл, удам судар, цусыг нь “шинжилж”, “хөнжлийг нь сөхдөг”. Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн ёстой л нөгөө “нүүрээ нуусан лалрууд” ажиллах боломж гагцхүү цахим орчинд л бүрэлддэг. Нэр дэвшигчид бодлого, мөрийн хөтөлбөрөө тайлбарлан сурталчлахаас илүүтэй худал, сөрөг мэдээлэл, гүтгэлгийг цахим орчинд тараахыг илүүд үзэх хандлагатай байна. Үндсэндээ хэвлэмэл материал буюу сурталчилгааны сонин, сэтгүүлээр тэрхүү сөрөг, худал мэдээллийг тараан түгээнэ гэж бараг үгүй. Видео мэдээлэл, контентыг ч тэр бүр телевизээр нэвтрүүлэхгүй. Гагцхүү видео, аудио болон текстэн гээд бүхий л хэлбэрээр тэдгээр мэдээллийг түгээх хамгийн таатай (хариуцлага гэхээр зүйл бараг үгүй) суваг нь цахим орчин, нийгмийн сүлжээ болж ирсэн. Цар тахлын үед болж буй энэ удаагийн сонгуулиар кампанит ажил, сурталчилгааны цахим хувилбар цар хүрээгээ улам тэлнэ. Тэглээ гээд улс төр, сонгууль, энэ бүхний үр дүнд бүрдэх УИХ, төрийн эрх барих дээд байгууллагыг улам бохирдуулах ажилд улс төрийн намууд уралдан оролцох хэрэггүй. Энэ удаагийн сонгуулиас эхлээд илүү цэвэр, бодлогын өрсөлдөөн өрнүүлэх нь зүйтэй. Үүнд улс төрийн голлох хүчний хувьд АН, МАН гарцаагүй манлайлж, үлгэрлэж, оройлж оролцох үүрэгтэй.

Юутай ч өнөөдөр намынхаа, магад ялбал Монголын өмнө хариуцлага үүрэх нэр дэвшигчидтэйгээ МАН-ын дарга гэрээ байгууллаа. Тус гэрээнд чухам юу гэж заасан нь бүрэн эхээрээ ил тод болоогүй ч нэр дэвшигчдийгээ сонгуулийн хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, хэл ам татлахгүй байхыг хатуу анхааруулсан байна. Мөн намын нэрийн өмнөөс нэг тойрогт өрсөлдөж буй хүмүүс баг болж, бие биенийхээ эсрэг ажиллахгүй байх талаар тусгасан гэнэ. Өрсөлдөгчийнхөө бус, өөрийнхөө намын, хамт явсан нэр дэвшигчийнхээ “ухсан нүхэнд” унасан таагүй явдлууд ч тус намын түүхэнд бий. Хамгийн гол нь МАН-ын нэрээр, багийн хүчээр ялалт байгуулчихаад, ганцаараа гавьяа байгуулсан мэт сагаж, сагсуурахгүй, гишүүнээр сонгогдлоо гэхэд бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг тус гэрээнд тусгасан байна. 2016 оны сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсон уг нам бүрэн эрхээ 62-уулаа дуусгах гэж байгаа. Бусдыг хүчирхийлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, ЖДҮХС-гийн хөрөнгийг зорилтот хүмүүст нь бус, тойрон хүрээлэгчдэдээ тараасны төлөө нэр бүхий гишүүд Төрийн ордныг орхисон. Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй, эсэхэд нь МАН-ын Хяналтын ерөнхий хороо хяналт тавих аж. Тус хороонд намын гишүүд болон иргэд, дэмжигчдээс ирүүлдэг өргөдөл, гомдлын дийлэнх нь намын нэрээр сонгогддог, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагатай холбоотой байдгийг дарга Д.Батбаатар нь хэлж ирсэн. Хэдийгээр ийм гэрээ байгуулснаар өнөөдрийн нэр дэвшигчид, маргаашийн түшээд цаг ямагт хариуцлагатай,ёс зүйтэй байх нь юу л бол гэж бодож болох ч “Хариуцлагын гэрээ” гээчийг нь бариад, амыг нь асуух боломж илүү нэмэгдэж буй гэлтэй.

Гэвч цахим орчинд тэгтлээ найдаж буй нэр дэвшигчдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулиа тогтож сайн уншихыг зөвлөе. Фэйсбүүк, твиттерийн эзэнтэй, эзэнгүй хаяг, мэдээллийн цахим хуудсаар нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, тараахыг хориглож буй бөгөөд зөрчсөн тохиолдолд бүгдийг нь хаахаар байгаа шүү. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээгээр мэдээлэл хүргэх эх сурвалжид тань өчүүхэн төдий шалтаг болох мэдээ, мэдээлэл тавигдсан бол өрсөлдөгчид нь гомдол гаргаад л хаягийг нь хаалгуулах боломж хэдийн бүрдчихсэн, нэр дэвшигчид ээ. Өрөөлийг биш юм гэхэд өөрийгөө бодож, бохир өрсөлдөөнөөс татгалзаарай.

МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од өчигдөрхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сонгууль бол парламент дахь төлөөллөө л сонгох үйл явц. Гэтэл тэр төлөөлөл нь итгэл, найдвар төрүүлж сонгогчдоос дэмжлэг авах бус, харин би үүний эсрэг явж байгаа, тэрийг “унагаана” гэж хэлж нэр дэвшиж байгаа нь Монголын улс төрийг улам бохир болгон харагдуулж байна. Ингэж хэлж, зарлаж байгаад нэр дэвшиж байгаа нь сурталчилгааных нь пиар байхыг үгүйсгэхгүй. Эсвэл зүгээр л өөрийгөө таниулах тактик ч байж болох юм. Аль нь ч байсан энэ бол сонгогчдыг доромжилж байгаа үйлдэл. Өнгөрсөн долоон удаагийн парламент, мөн тооны Ерөнхийлөгчийн сонгуулийг харахад үнэндээ сонгогчийн эрхийг дээдэлсэн, хамгаалсан өрсөлдөөн болдоггүй” гээд өрсөлдөөнтэй, шударга, ардчилсан сонгууль болох, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна лээ. Үнэхээр ч тийм. Сайд Ц.Нямдоржтой “үзэлцэнэ” гэж Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр бие даан нэр дэвшиж буй бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг Улсын баатар Э.Бат-Үүл “амлаж аваад” байв. Илт хонзогносон байдалтайгаар ийн эхлүүлж буй сонгууль тэдний аль нэгнийг төлөөллөө болгох гэж байгаа ард түмний хувьд чухам юу болж хувирах вэ. Азаар Ц.Нямдорж Орхон аймаг, З.Энхболд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон. Тиймээс бүх нэр дэвшигч анхнаасаа, кампанит ажлаа дуустал хариуцлагатай, хуулийн хүрээнд, хамгийн гол нь ёс зүйтэй, цэвэр бодлогын өрсөлдөөн өрнүүлэхийг хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)