ӨРШӨӨГДӨГСДӨӨС иргэд айж байна

Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж, улсын хэмжээнд 1700 гаруй хүн наранд гараад ердөө хагас сар болж байна. Гэтэл тэд эхнээсээ дахин “аавын хаалга” татах хэрэг хийгээд эхэлжээ. Үүнийг цагдаагийн байгууллагынхан ихэд нууцалж буй юм.

Магадгүй дээд удирдлага нь “Нуу” гэсэн үүрэг өгөө биз. Тэр ч бүү хэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдээс нэг ч хүн гэмт хэрэгт холбогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал мэдээлэл цацаж, нийгмийг айдаст автуулах хэрэггүй” хэмээн мэдэгдэж байсан.

Монгол Улсад хэд хэдэн удаа өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж, гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаар шалгагдаж буй хүмүүсийн хэргийг өршөөн хэлтрүүлсэн. Гэвч тэдний багагүй хэсэг нь эргээд “байдгийнхаа баруун хаяа руу зүтгэдэг” гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ.

Цагдаагийн байгууллагад 20 шахам жил ажилласан нэгэн танил маань “Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан хүмүүс хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдаг. Хулгай, дээрэм, иргэдийн эд зүйлийг булаасан хэрэгт холбогдсон байх нь түгээмэл. Практикаас харахад хүн амины хэрэг хийсэн хүн дахин тийм хэрэг үйлдэнэ гэж бараг л үгүй.

Гэхдээ тэдэнд өршөөл үзүүлдэггүй. Тэгэхээр хулгайч нар л дахин гэмт хэрэг хийдэг. “Хомоол ч болох нь ээ хулгайлаад унтъя” гэдэг явган шог хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр хулгай хийх чинь дон болчихсон байдаг бололтой” гэж ярьсан.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд айдастай болж, шөнө оройн цагаар ганц нэгээрээ явахаас эмээж байгаа. Тэдний айх нь ч зөв биз. Хоригдлууд суллагдсаны маргаашнаас эхлээд л олон нийтийн цахим сүлжээгээр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацагдаж эхэлсэн.

Шинээ гэдэг эмэгтэй фэйсбүүкийн ээжүүдийн группэд “Дөнгөж сая хүүхдээ салхилуулчихаад орц руугаа орох гэж явахад хоёр залуу ирж тусалсан юм. Тэгээд цахилгаан шат хүлээгээд зогсож байтал араас орж ирээд элдвээр заналхийлж, сүрдүүлж байгаад ээмэг, зүүлтийг минь булаагаад явчихлаа” хэмээн бичсэн байсан.

Мөн Орхон аймагт Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс согтууран танхайрч, дуудлагаар очсон цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэн, багагүй үймээн дэгдээсэн гэсэн мэдээлэл ч цацагдсан билээ. Энэ бүх мэдээллийг хууль хяналтын байгууллага тухай бүрт нь няцааж, үгүйсгэн “Нийгмийг айдаст автуулах хэрэггүй” хэмээн мэдээлж байлаа.

Гэвч одоо өршөөгдсөн нөхөд төрийн хайрыг даалгүй дахин гэмт хэрэг үйлдэж эхэлсэн нь нэгэнт тодорхой боллоо. Түүнчлэн сүүлийн хэд хоногт Эрүүлжүүлэх байруудын байнгын үйлчлүүлэгч нар мөн л тэд болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар онц ноцтой хэрэг бүртгэгдээгүй ч хулгай, дээрмийн хэргээр хэд хэдэн хүн саатуулагдаад байна. Тодруулбал, хулгайлах тав, танхайрах гурав, дээрмийн нэг хэрэгт 11 хүн холбогджээ.

Цөөн хэдэн жишээ дурдъя. Өршөөлд хамрагдсан Амарбаясгалан, Балжинням нар нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, “Ард” кино театрын урд байрлуулсан, иргэн М-ын “Приус 30” маркийн автомашины цонхыг хагалж, хянах самбарын урд байсан GPS төхөөрөмжийг гар утас хэмээн андууран хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Тэд өмнө нь мөн л хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан аж. Сэжигтнүүд цагдаад мэдүүлэхдээ “Сэлэнгэ аймаг руу явах замын зардал олохын тулд хулгай хийсэн” гэжээ. Мөн М.Баяраа гэх хүн тус дүүргийн IV хорооны нутагт байрлах хүнсний дэлгүүрийн цоожийг эвдэж ороод эд зүйл хулгайлсан байна.

Цагдаа нар түүнийг хэргийн газарт үлдээсэн хурууны хээгээр нь илрүүлжээ. Тэрбээр өмнө нь орон байрны хулгайн хэргээр шийтгүүлж байсан аж. Эдгээр гурван хүн одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт мөн өршөөлд хамрагдсан иргэн М.Мянганбуу гэгч гэмт хэрэг үйлдээд баригджээ. Тэрбээр иргэн Н-ийн “Портер” маркийн автомашиныг тус дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрээс хулгайлан явж байхдаа баригдсан гэнэ. Цагдаа түүнийг баривчлах үед согтуу байжээ.

Хэд хоногийн өмнө БНАСАУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яамны байрны цонхыг хагалж ороод, эд зүйлс хулгайлсан талаар бид тухайн үед нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг мөн Өршөөлийн хуулиар суллагдсан хүн үйлдсэн байжээ. Тэрбээр суллагдсаныхаа маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнөөс л “үндсэн ажлаа” хийж эхэлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хууль 1991 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаа батлагдсан. Албан ёсны байгууллагаас хийсэн судалгаагаар зөвхөн өршөөлийн хуулиар ч биш, хуульд заасан бусад үндэслэлээр хорих ангиас суллагдсан хүмүүсийн 47-49 хувь нь дахин гэмт хэрэгт холбогдсон байна.

Энэ нь нийгэмд айдас хүйдэс авчрахаас гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх нь тодорхой. Гэмт хэрэгтнүүд ч яахав дассан газрын даавуу зөөлөн гээд орох орон, идэх хоол нь бэлэн газар руугаа яваад өгнө. Харин явахаасаа өмнө олон хүнийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироодог.

Жишээ дурдъя. 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар мянга гаруй хүн суллагдсан. Үүний дараа Орхон аймагт 24 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг тус аймгийн харьяат С.Энхмэнд гэгч үйлдсэн байв.

Тэрбээр Жаргалант тосгон руу хүргүүлэхээр таксинд суугаад жолооч эмэгтэйг хороож, цогцсыг нь замын хажуугийн жалга руу хаясан байж. Хэрэгтэн С.Энхмэнд өмнө нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл буюу бусдыг хүчирхийлсэн хэргээр шийтгүүлээд өршөөгдсөн нэгэн байсан юм.

Мөн П.Сумъяажав гэгч найз Д.Бямбадоржтойгоо нийлж, нэг айлын бага насны хоёр охиныг хүчирхийлэн хөнөөсөн хэргээр шалгагдаж байсан билээ. Тухайн үед түүнийг насанд хүрээгүй гэх шалтгаанаар өршөөлд хамруулсан.

Гэвч тэрбээр удаа ч үгүй дөрвөн хүнтэй хамтран нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах гурван ломбардыг дээрэмдэж “ясны гэмт хэрэгтэн” гэдгээ нотолсон. Энэ хэргийн улмаас иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг.

Түүнчлэн Өршөөлийн хуульд захиргааны зөрчил ч багтсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 мянган иргэн эрхээ сэргээлгэсэн билээ. Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Өршөөлд хамрагдан, эрхээ сэргээлгэсэн иргэдийн хэчнээн хувь нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож саатуулагдсан гэдгийг хэлэх боломжгүй байна.

Гэхдээ тэдгээр хүмүүс энэ төрлийн зөрчил гаргасаар л байгаа. Нэг шөнө л гэхэд 10 орчим хүн дахин эрхээ хасуулж байна” гэж ярьсан.

Энэ мэт олон жишээ бий. Өршөөлд хамрагдсан иргэд дахин гэмт хэрэг үйлддэг гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна. Төр алдаж эндсэн иргэдээ өршөөж болно оо. Хамгийн гол нь хүнээ олж суллах нь чухал юм. Өршөөж байна гээд ийнхүү хоморголон суллах нь нийгэмд ямар хор уршигтайг өмнөх явдлууд харуулсаар байгаа.

Одоогоор өмнө нь гарч байсан шиг жигшүүрт гэмт хэрэг бүртгэгдээгүй ч гарахгүй гэх баталгаа алга. Одоо бол зөвхөн хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг л бүртгэгдэж, тогтоогдсон. Гэхдээ эзэнгүй гэх тодотголтой хэргийн цаана хэчнээн хүн хэрэг үйлдчихээд нуугдан суугааг ч мэдэхгүй юм.

Тиймээс хууль хяналтын байгууллагууд өөрсдийн нутаг дэвсгэрт харьялагдаж буй өршөөлд хамрагдсан иргэддээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй болжээ. Түүнчлэн холбогдох хүмүүс нь өршөөл хүртсэн иргэдээ нийгэмшүүлэхгүй бол жирийн ард иргэдийг хохироогоод байна шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)