Төрийн үйлчилгээг цахимжуулах хүсэл ХХҮЕГ-ынханд алга

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан энэ оны эхэнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-т ажиллаж, тодорхой зааварчилгаа өгсөн юм. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны газрын даргатай уулзаж, ХХҮЕГ-аас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулахыг зөвлөж, харьяа агентлагийн дарга нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг сануулсан юм билээ. Мөн хэлэлцүүлэг зохион байгуулж, ХНХЯ-ны газрын дарга нар, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг ажилтнуудынх нь хамт урьж, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээ нэвтрүүлэхийн ач холбогдлыг зөвлөсөн аж.

Гадаадын иргэнд ажил эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, урилга өгөхөд аж ахуйн нэгжүүдээс улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын НД-7, НД-8 маягт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа гээд долоон төрлийн материал давхардуулан авдаг юм байна. 2018 онд зөвхөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад бүрдүүлсэн бичиг цаас нь 943 боть болжээ. Өөрөөр хэлбэл, ХХҮЕГ-ынхан эдийн засгийн үргүй зардал гарган, цаг зав гарздан, төрийн үйлчилгээг сунжруулдаг хэмээн гадаадаас ажиллах хүч авдаг аж ахуйн нэгж, байгууллагынхан гомдоллож буй. Тиймээс шат дамжлага ихтэй, дээрх ажлаа цахимжуулахыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шат шатны удирдлагад АТГ-аас сануулсаар буй.

...Гэтэл хуульд заасан дээрх мөнгийг орон нутагт төвлөрүүлсэн, эсэхэд ХХҮЕГ-аас хяналт тавиагүй байна. Өөрөөр хэлбэл, 68 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо ажлын байрны төлбөрийг урьдчилж авдаг журмаа хэрэгжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгааг бас хуулийн байгууллага буруутгаж буй юм билээ...

Үүнээс өмнө нь ч ХХҮЕГ-ын дарга нар зөрчил гаргаж байжээ. Тухайлбал, тус газрын дэд дарга асан Г “Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл өгнө, ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө” хэмээн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн захирлаас 130 сая төгрөг авсан гэх. Мөн ХХҮЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ц хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичиг хуурамчаар үйлдэн хятад ажилчдад өгч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой 10 сая төгрөгийг хахуульд авсан байж болзошгүй хэргийг шүүх шийдэж байсныг эргэн сануулъя.

Энэ мэтээр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарт авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил тасрахгүй, амь бөхтэй оршсоор байна. Өдгөө ХХҮЕГ-ыг удирдаж буй Б.Нямдаваа ч ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэдгийг АТГ-ын эх сурвалж хэлсэн. Тухайлбал, тэрбээр, 2017 онд А/50, А/145 тоот тушаал гаргаж гадаадын хөрөнгө оруулалттай “Дун юань” компанид дээрх тушаалуудаараа гадаадаас тус бүр 49 ажилчин авах зөвшөөрөл олгожээ. Уг нь, гадаадаас ажиллах хүч авах квотыг Засгийн газар тогтоодог. Нөгөөтээгүүр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оны долдугаар сарын 26-нд Засгийн газрын 137 тоот тогтоолд тусгасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр “Дун юань” компанийн хүсэлтийг буцаасан байна. Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа Засгийн газрын тогтоолыг зөрчиж, гадаадын 98 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн АТГ-аас үзэж буй юм.

Оноо тус тус авч жил дараалан буурч хангалтгүй үнэлэгдсэн.

Дээр дурдсанчлан ХХҮЕГ-ынхан АТГ-ын хяналт, шалгалтад бүдэрсэн. Тиймээс тус газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандан албан шаардлага хүргүүлсэн байдаг. Төрийн үйлчилгээг цахим болгох ажлыг С.Чинзориг сайд дэмжиж буйгаа илэрхийлэн, 2019 оны гуравдугаар улирлаас ажил хэрэг болгохоо мэдэгдэж, тушаал гарган, ажлын хэсэг байгуулсан юм билээ. Тэгвэл энэ оны гуравдугаар улирал эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. ХХҮЕГ-ынхнаас салбарын сайдын тушаал хэрэгжсэн, эсэхийг лавлалаа. Тус газрын Шилжилт, хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах “Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил бүрэн шийдэгдээгүй. Гэхдээ бэлтгэл ажлыг шат дараатай хийж байна. Гадаадын иргэн, харьяатын газартай гэрээ байгуулахаар тохирсон. Гэрээ байгуулбал бичиг баримтаа цахимаар солилцдог болно. Гадаадын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгоход шаардлагатай материалыг хялбаршуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, монгол хүн гадаадад зорчиход маш олон материал бүрдүүлдэгтэй адил гадаадынхан ч манай хууль, дүрмийг биелүүлэх ёстой. ХХҮЕГ-т цахим сан байхгүй. Тиймээс үйлчилгээгээ цахимжуулахад хүндрэл гарч байна. Долоон төрлийн бичиг баримтыг давхардуулж, цаасаар авдаг хэвээр байгаа” гэсэн юм.

ХХҮЕГ-ын цаасан суурьтай, давхарддаг үйлчилгээг цахим болгосноор авлигын эрсдэл буурч, албан хаагчдын ажлын ачаалал багасна хэмээн АТГ-аас үзэж буй.

Товчхондоо гадаадаас ажиллах хүч авах ХНХЯ болон ХХҮЕГ-ынхны хэрэгжүүлж буй бодлого зөв бас хуулийн дагуу явж байгаа, эсэхэд эргэлзэх хүн олон байна.

Гэтэл нэг талаас хууль хяналтын байгууллагаас зөвлөмж өгч, нөгөө талаас салбарын сайд нь тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулаад ч ХХҮЕГ-ынхан үйлчилгээгээ цахимжуулсангүй. Тус газрынханд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр иргэдэд хүргэх сонирхолгүй, эсвэл удирдлагаар хангаагүй юү гэдгийг хэлж мэдэхгүй. Ямартай ч аж ахуйн нэгж байгууллагуудаас тус газрын хүнд суртал хэрээс хэтэрснийг буруутгасан гомдол санал ирсээр байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж буй. Нөгөөтээгүүр ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нь мэдсээр байж ХХҮЕГ-ын удирдлагад хариуцлага тооцоогүйг салбарынхан нь гайхаж байгаагаа нуугаагүй.

АТГ-аас жил бүр хийдэг Шударга байдлын үнэлгээгээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь 2015 онд 76.9, 2016 онд 72.1, 2018 онд 70.4 оноо тус тус авч, шударга байдал нь буурсан байна.

Тус газарт 2018 онд газарт хийсэн авлигын эрсдлийн үнэлгээгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар болон Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрууд авлигад өртөх эрсдэлтэй гарсан байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4 дэх заалтыг үндэслэн 2017 оны 201 тоот тогтоолоор найман аж ахуйн нэгжид гадаадаас ажиллах хүч болгож, 4595 хүн оруулж ирэх зөвшөөрлийг Засгийн газраас олгож, заримыг нь ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн аж. Гадаадаас ажиллах хүч авах эрх авсан тэдгээр найман компанийн нэр анхаарал татлаа. “Шинэ эрин угсралт”, “Элизабет”, “Кашмидер”, “Энканто”, “Нарантитан”, “Батсуварга” зэрэг компанид гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн “Сэрүүлэг” зочид буудал, “Амар амгалан харш” орон сууцны хотхон барихад гадаадаас ажиллах хүч авсан байна. Засгийн газар дээрх шийдвэрийг гаргахад ХНХЯ болон ХХҮЕГ-ын саналыг үндэслэдэг хэмээн учир мэдэх хүн хэллээ. Дээрх шийдвэр, тогтоолыг хуульд нийцэхгүй хэмээн АТГ-ын ажлын хэсэг үзэж буй. Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд орон сууцны хотхон барихдаа гадаадаас ажиллах хүч авах шаардлагагүй аж. Зам гүүр тавих, цахилгаан станц барих зэрэг улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтад л гадаадаас ажиллах хүч авах нь зүйд нийцнэ хэмээж буй.

Үүнээс гадна 2017 онд ХХҮЕГ-аас 68 уурхайд гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, мөн хуулийн 43.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-т зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж заасан байдаг. Гэтэл хуульд заасан дээрх мөнгийг орон нутагт төвлөрүүлсэн, эсэхэд ХХҮЕГ-аас хяналт тавиагүй байна. Өөрөөр хэлбэл, 68 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо ажлын байрны төлбөрийг урьдчилж авдаг журмаа хэрэгжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгааг бас хуулийн байгууллага буруутгаж буй юм билээ.

Товчхондоо гадаадаас ажиллах хүч авах ХНХЯ болон ХХҮЕГ-ынхны хэрэгжүүлж буй бодлого зөв бас хуулийн дагуу явж байгаа, эсэхэд эргэлзэх хүн олон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)