Өрийн удирдлагын хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.12/ нэгдсэн хуралдаанаар  Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Засгийн газраас өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсан байна. Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, аймаг, нийслэлийн өр, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр Засгийн газрын өрөнд орж тооцогдох уу хэмээн лавласан. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнл орж тооцогдох юм байна. Харин төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй ажээ.

УИХ-ын гишүүд өрийн шалгуур үзүүлэлтийг яаж авч үзсэн, өрийн дарамтыг хэрхэн ойлгох, өр төлөх систем, Засгийн газрын баталгаа гаргах ямар зохицуулалтууд байгаа, хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаж буй эсэх, Засгийн газрын гаргасан баталгааний хэмжээний талаар Сангийн сайдаас асууж тодруулсан.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариулснаар, Засгийн газрын өрийн хэмжээнд Засгийн газрын 2.8 их наяд төгрөгийн баталгаа багтаж байгаа аж. Гэхдээ хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаагүй бөгөөд дээрх баталгаа төрийн өмчит компаниудад л хамаатай юм байна. Засгийн газрын баталгааг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд одоогийн байдлаар Засгийн газрын баталгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байгаа ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)